-Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын "Арвин" төвийн үсчин Ц.Ганцэцэг:
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэйгээс гадна туршлагатай үсчидтэй
-Танай үсчний газар хэдэн оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бэ. Одоогийн байдлаар хэдэн үсчин ажиллаж байна?
-Бид 2007 онд анх аймгийнхаа зах дотор үсчний газраа ажиллуулж эхэлсэн. Одоогоор мэргэжлийн зургаан үсчин хүмүүст үйлчилж байна.
-Өдөрт дунджаар хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?
-Дунджаар 50-60 хүнд үйлчилдэг. Нэг үсчин 10 гаруй хүнд үйлчилнэ гэсэн үг. Хөл хөдөлгөөн ихтэй газар байрладаг, олон жилийн туршлагатай чадварлаг үсчид ажилладаг болохоор хүн тасарна гэж байдаггүй. Бид өдөрт 100-120 хүнд үйлчлэх бүрэн боломжтой.
-Танайх хамгийн их ачаалалтай ажилладаг үе хэзээ вэ?
Бүх баярын өдрүүд, хичээлийн шинэ жил эхлэх үеэр ачаалал хоёр дахин нэмэгддэг. Бусад үед нь байнгын үйлчлүүлэгчид үйлчлүүлдэг. Шинэ жилийн үеэр бол шөнө дүл болтол ажиллана шүү дээ.
-Бусад үсчний газраас ялгарах онцлог юу вэ. Үсчдийнхээ ур чадварыг дээшлүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байна?
-Манай онцлог гэвэл сүүлийн үеийн шинэлэг тоног төхөөрөмжөөр үйлчлэхээс гадна бүгд мэргэжлийн олон жилийн туршлагатай үсчид. Үсээ засуулахаар ирсэн хүмүүс хүлээж, цаг алдана гэсэн асуудал гарахгүй. Зургаан үсчидтэй учраас ээлжилж нэгнийгээ сургалтад суулгаж, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхээс гадна тэмцээн уралдаанд оролцоход нь тусалж дэмждэг. Саяхан болсон Арвайхээрийн үсчин гоо сайханчдын тэмцээнээс манай нэг үсчин тусгай байр эзэлсэн. Бид байнга сургалтад сууж ур чадвараа дээшлүүлж байдаг учраас сүүлийн үеийн үс засалт, буржгар, шулуун хими, усан эмчилгээ, массаж гээд бүхий л үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх боломжтой.
“Автоком” засварын газрын менежер Ж.Алтанцэцэг: Автомашины дууг сонсоод гэмтлийг нь тогтоож чадна
-Та энэ засварын газраа хэзээ нээсэн бэ?
-Засварын газраа 2002 онд нээсэн. Дугуй засвар, мотор засвар, машин угаалга зэргийг нэгтгэж “Автоком” засварын газрыг анх байгуулж байсан. 2010 оноос нөхөртэйгөө тусдаа гарч “Автоком-2”-ыг байгуулсан. Манайхан гэр бүлээрээ техникт сонирхолтой хүмүүс бий.
-Аав маань усны аж ахуй гэж байхад тэндхийн техник хэрэгслийн моторыг засдаг байсан юм. Манай ах бас засварчин. Би багаасаа аав, ах нараа дуурайж сонирхсоор байгаад одоо бол машин техникийн гэмтлийг дуугаар нь оношилчихно. Манай нөхөр засварын газартаа ажилладаг.
-Танайх өдөрт дунджаар хэдэн машин засаж байна?
-Өдөрт 3-4 машиныг засварлаж бэлэн болгодог. Олон жил үйлчлүүлсэн байнгын үйлчлүүлэгчид утсаар ярьж ирээд машинаа үлдээдэг. Тэгээд засаж дуусахаар нь өөрсдөө ирээд авчихдаг.
-Та засварын газраас гадна сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг юм байна. Ямар ямар автомашины сэлбэг худалдаалдаг вэ?
-Манай аймагт бусад аймгийг бодвол жийп машин элбэг. Энэ онцлогтоо тохируулж Ланд 80, 100, 105, 200, Лексус зэрэг том машинуудын сэлбэгийг авчирч орон нутагтаа худалдаалдаг. Манай засварын газар аймагтаа том машины сэлбэгийг борлуулдаг ганц газар. Тиймээс үйлчлүүлэгч олонтой. Нөхөр маань засварын газраа хариуцан ажилладаг. Би өөрөө сэлбэгээ зарахын хажуугаар орж ирсэн машиныг оношилж гэмтлийг нь тогтооно.
"Анар" талх, нарийн боовны цехийн захирал Д.Гансүх:
Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэхээр хичээн ажиллаж байна
-Өдөрт хэчнээн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
200 талх, 100 гаруй уут боов гаргачихна. Бүтээгдэхүүний тоо өдрийн орлогоос хамаардаг.
Гол түүхий эдээ хаанаас авдаг вэ. Хүнсний үйлдвэрлэл гэсэн үүднээсээ төрөл бүрийн шинжилгээ, ариутгал сайн хийгддэг байх?
Гурилаа ихэвчлэн аймгийн захаас бөөндөж авдаг. Гэхдээ хамгийн сайн чанарын гурил авдаг. Мэдээж ариун цэвэр, ариутгал шинжилгээний хувьд шаардлагад нийцсэн, ямар нэг зөрчилгүй үйл ажиллагаа явуулдаг.
-Үндсэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Нийгмийн даатгал сар болгон төлдөг. Тиймээс ажилчид маань банкнаас зээл авах зэрэг асуудал дээр чөлөөтэй байдаг.
-Ойрын төлөвлөгөөнд тань ямар ажлууд байна?
-Бүтээгдэхүүнийхээ чанарыг улам сайжруулж, илүү олон төрөлтэй болгох юмсан гэж хичээж явна.
-Борлуулалтаа яаж хийдэг вэ?
-Аймгийнхаа хэмжээнд борлуулдаг. Одоогоор 50 гаруй дэлгүүр, супермаркетуудаар бүтээгдэхүүнээ тарааж байна . Зарим сумдаас борлуулагчид маань өөрсдөө ирээд авчихдаг.
-Өрхийн үйлдвэрлэгч Б.Гэлэгбил:
-Ямар ч зургийг хараад яг адилхан хувцас хийж чадна
-Оёдлын үйлдвэрлэл эрхлээд хэдэн жил болж байна. Ямар загварын хувцас голчлон оёдог вэ?
-Долоо найман жил болжээ. Бүх төрлийн европ загварын хувцас хийдэг. Дотуур хувцаснаас бусдыг нь оёдог.
-Сүүлийн үед үндэсний хэв маягаа тусгасан европ хувцас хийлгэх нь их болсон. Таны хувьд үндэсний хувцсыг орчин үеийн загвартай хослуулсан бүтээл хийж байв уу?
-Хийлгүй яах вэ. Одоо гадуур хувцсанд ч үндэсний хэв маягаа оруулж хийлгэх сонирхолтой хүн их болсон.
-Тухайн цаг үеийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлоод байгаа хувцаснуудыг хийдэг үү. Ер нь эсгүүрийн санаагаа хаанаас олж авдаг вэ?
-Ерөнхийдөө ихэвчлэн зурагт радио, сонин сэтгүүлээс л хараад хийдэг. Интернэтээс бас хардаг. Хүмүүс захиалга өгөхдөө интернэтээс авсан зураг их авчирдаг. Тиймээс ер нь бол ямар ч зургийг хараад яг адилхан хувцас хийж чадна.
-Туслах ажилчнаа сургаж авдаг уу?
-Ер нь бол мэргэжлийн хүмүүс байдаг гэж хэлж болно. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн охид ирж ажилладаг. Би сумандаа оёдлын сургалт явуулдаг. Саяхан Дэлхийн зөнгийн 10 хүнийг сургаад төгсгөсөн. Хөдөлмөрийн хэлтсээс даалгасан сургалтуудыг бусад сумдаар явж хийдэг.
-Захиалгаас гадна бэлэн бүтээгдэхүүн хийж зардаг уу?
-Тийм ээ. Бат-Өлзий, Уянга, Жаргалант руу хүмүүст өгч заруулдаг. Найз нөхөд, танил хүмүүсийнхээ дэлгүүр хоршоонд тавьж борлуулдаг.
-Импортын бараанаас таны бүтээгдэхүүн юугаараа ялгарах вэ?
-Монгол хүний биед таарсан, суулт сайтай. Захиалгаар, яг өөрт нь тааруулж хийдэг болохоор тухайн үйлчлүүлэгчийн таашаалд бүрэн нийцдэг. Мөн үйлчлүүлэгчид материалаа өөрсдөө сонгох боломжтой гэх мэт давуу тал олон.
“Арвай" лоунжийн захирал Г.Баярсайхан
Аймагт маань Солонгост ажиллаж, амьдарч байсан хүн олон байдаг учраас үйлчлүүлэгч ихтэй
-Яагаад заавал солонгос хоолны бизнес эрхлэхээр шийдсэн бэ. "Арвай" лоунжийг нээгээд хэдэн жил болж байна вэ?
-Би хотод “Кимчи хаус” нэртэй солонгос хоолны газар ажиллуулж байсан. Аймагтаа ирээд ч гэсэн солонгос хоолны газар нээе гэж шийдсэний учир нь манай аймагт Солонгост ажиллаж, амьдарч байсан хүн олон байдаг. Тиймээс үйлчлүүлэгч ихтэй байна гэж тооцсон. Энэ нь ч буруудаагүй.
-Хэчнээн төрлийн хоолоор үйлчилдэг вэ?
-26 төрлийн хоол гаргадаг.
-Солонгос хоол хэзээ, хаана хийж сурав?
-Би 1988 онд хоолны технологич мэргэжлээр сургууль төгссөн. Солонгост хоолны газар ажиллаж байсан учраас солонгос хоол хийж сурсан. Мөн япон хоол хийж чадна.
-Ер нь олон үндэсний хоолны газар, тэр дундаа солонгос хоолны газар аймагт хэр их байдаг юм бэ? Солонгос хоол хийх их ажиллагаатай юм шиг санагддаг?
-Аймагт олон үндэсний хоолны газар байвал зүгээр санагддаг. Манайхаар гадаад хүмүүс их үйлчлүүлдэг. Монгол хоол хайрсан хуурсан зүйл ихтэй бол солонгос хоолонд тийм зүйл байдаггүй. Давс ч бараг хэрэглэдэггүй шүү дээ. Тиймээс хүмүүс эрүүл мэндээ бодоод их үйлчлүүлдэг.
-Танай лоунж хэчнээн ажилтантай вэ?
-Нэг зөөгч, гал тогоонд 4 ажилтан, нийтдээ 5 хүн ажиллаж байгаа.