Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг “Шунхлайн эгшиглэн” хоршооны малын тэжээлийн үйлдвэр нь аймгийн хэмжээнд томоохонд тооцогддог гурван малын тэжээлийн үйлдвэрийн нэг юм. 2012 онд байгуулагдсан тус үйлдвэр 2014 онд Сум хөгжүүлэх сангаас 18 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө сайжруулжээ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Шунхлай эгшиглэн” хоршооны дарга Л.Зоригоо
-Малын тэжээлийн үйлдвэрээ анх хэрхэн байгуулж байв?
-Манай хужирт сум 200 мянган малтай хэдий ч цаг агаар хэцүүхэн болж зуд нүүрлэхэд эрсдлийн сан гэж байхгүйгээс гадна малын тэжээлийн үйлдвэргүй учраас гаднаас авдаг байсан. Хэдэн жилийн өмнөх зуднаар Улаанбаатараас тэжээл зөөж байлаа. Тиймээс би малчиддаа туслаж, малын тэжээл үйлдвэрлье хэмээн зорьж, 2012 онд өөрийн хөрөнгөөр энэ үйлдвэрээ нээж байлаа. Манайх худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоо байсан болохоор ерөнхийдөө хөдөө аж ахуйн чиглэлээр ямар нэгэн үйлдвэрлэл явуулж үйл ажиллагаагаа өргөтгөх бодол байсан л даа.
-Одоо танай үйлдвэр хэдэн төрлийн малын тэжээл үйлдвэрлэж байна вэ?
-Манайх одоогоор ердийн, хужиртай гэсэн хоёр төрлийн малын тэжээл үйлдвэрлэж байна. Хивгээ 20 болон 30 килограммаар савлаж, 20 килограммыг нь 10 мянган төгрөгөөр, 30 килограммыг нь 13 мянган төгрөгөөр борлуулж байна. Хоногт 3-5 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай.
Хоногт 3-5 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай.
-Малын тэжээлийн найрлаганд ямар түүхий эд ордог вэ?
-Манай үйлдвэрийн малын тэжээлийн хувьд амин дэм сайтай олон төрлийн түүхий эд хольж хийдгээрээ бусад үйлдвэрийн тэжээлүүдээс илүү чанартай байдаг. Тэжээлийн найрлаганд өвс, цагаан арвай, хужир, хүчил тэжээл, овьёос, улаан буудай ордог. Цагаан арвайгаар хийсэн тэжээл сүүний гарцыг нэмэгдүүлдэг бол хужир нь өөх их тогтоодог учир зудтай жил хэрэглэхэд тохиромжтой. Зарим үед малчны хүсэлтийн дагуу найрлагаа тааруулж үйлдвэрлэдэг.
Цагаан арвайгаар хийсэн тэжээл сүүний гарцыг нэмэгдүүлдэг бол хужир нь өөх их тогтоодог учир зудтай жил хэрэглэхэд тохиромжтой
-Малын тэжээл хийх түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Бид өвсөө өөрсдөө хаддаг боловч бусад түүхий эдээ худалдаж авдаг. Тийм учраас зах зээлд өндөр ханшаар борлуулж байна л даа. Тээвэрийн зардал болон түүхий эдийн үнээс нь хамаарч үнээ хямдруулах ямар ч боломж байдаггүй. Тиймээс зарим нэгэн түүхий эдийг сумандаа тариалдаг болчихвол тэжээлийн үнийг 50 хувиар бууруулах боломж байна. Манай сумын хувьд малын тэжээл тариалахад газрын бүтэц нь маш сайн тохирох давуу талтай. Энэ талаар бид сумын улирдлагууддаа санал тавьж, төсөл бичиж өгсөн. Сум орон нутгийн зүгээс бидний саналыг дэмжиж 100 га газар хуваарилж, ашиглах зөвшөөрөл олгосон. Бид энэ газартаа малын тэжээлийн ургамал болон хүнсний ногоо тариалахаар шийдээд байна.
-Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ?
-Одоогоор зөвхөн сумандаа л борлуулалт хийж байна. Зэргэлдээ сумаас цөөхөн хэдэн хүн захиалга өгдөг. Хамгийн гол нь бид түүхий эдээ өөрөө, эндээ тариалмаар байна. Бид одоохондоо санхүүгийн хямралтай байна. Багахан хөрөнгө мөнгөөр биднийг дэмжээд өгчихвөл сум болон зэргэлдээ сумдынхаа хэрэгцээг 100 хувь хангаад цаашид илүү том зах зээл рүү орох төлөвлөгөө бий. Бас малчдад хямд үнээр тэжээл зарах боломж гарна. Сумаас шийдэж өгсөн 100 га газартаа бид хүнсний ногоо тарьж, сумынхаа хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Малчдадаа малын тэжээлээ 4-6 сарын хугацаатай зээлээр өгдөг. Манай малчид гар дээрээ бэлэн мөнгөгүй байдаг учраас тэжээлийн хэрэгцээ гарсан үед нь өгчихөөд ноос, ноолуур болон махаа борлуулдаг боломжтой үед нь мөнгийг нь авдаг. Нэг нутгийн хүмүүс бие биенээ таньж мэддэг болохоор зээлийн асуудал дээр санаа зовох зүйл байхгүй. Манай бүтээгдэхүүн брэнд болчихоогүй учир төдийлэн борлуулалт сайтай биш. Гэхдээ л сумынхаа хэрэгцээг хангаж чаддаг юм.
Малчдадаа малын тэжээлээ 4-6 сарын хугацаатай зээлээр өгдөг. Манай малчид гар дээрээ бэлэн мөнгөгүй байдаг учраас тэжээлийн хэрэгцээ гарсан үед нь өгчихөөд ноос, ноолуур болон махаа борлуулдаг боломжтой үед нь мөнгийг нь авдаг.
-Малын тэжээлийнхээ чанарыг хэрхэн сайжруулдаг вэ?
-Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн багш нартай хамтарч ажилладаг. Тэднээс тэжээлийн найрлага, түүхий эдийн ач холбогдлын талаар асууж, зөвөлгөө, зааварчилгаа байнга авдаг. Мөн шинээр хийсэн тэжээлээ малд идүүлж, туршиж үзэж байж борлуултанд гаргадаг. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, чанарыг сайжруулахаар судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулж байна.
-Одоо танай үйлдвэрлэл дээр тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол тэжээл хийх түүхий эдээ гаднаас худалдан авч байгаа асуудал байна. Түүхий эд нь үнэтэй учир мэдээж өртөг өндөртэй бүтээгдэхүүн гарна. Үнэ нь өндөр байхаар борлуулалт бага байх сөрөг талтай. Одоо манайд 300-400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт шаардлагатай байна. Нэгэнтээ үйлдвэрлэл явуулж байгаа бол томоохон үйлдвэр болох хэрэгтэй л дээ. Тэгээд ч нэг суманд нэг том үйлдвэртэй болчихвол ажлын байр нэмэгдэхээс гадна бусад жижиг үйлдвэрүүд нь дагаж хөгжинө шүү дээ.
-Үйлдвэрт ажиллах боловсон хүчнээ хэрхэн хангаж байна вэ?
-Манай “Шунхлайн эгшиглэн” хоршоо малын тэжээлийн үйлдвэрээс гадна худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Тэнд ажилладаг нийт 20 гаруй хүн бий. Тэднээсээ малын тэжээлийн үйлдвэрт ажиллах чадвартай хүнийг сонгон ажиллуулдаг. Малын тэжээлийн үйлдвэрлэл нь улирлын чанартай учраас үйлдвэрлэл зогссон үед ажилчдаа хоршооны ажил руу оруулдаг. Энэ үйлдвэрт одоогоор таван хүн ажиллаж байна.
-Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх ямар санаа байна вэ?
-Эхний ээлжинд малын тэжээлийн түүхий эдээ өөрсдөө тариалдаг болохоор зорьж ажиллаж байна. Цаашид тоног төхөөрөмж авч, ажлын байр бий болгох, тэжээлийнхээ нэр төрлийг олшруулахаар бодож төлөвлөсөн зүйл их бий. Бас бүтээгдэхүүнд сурталчилгаа их хэрэгтэй байна. Та бүхний хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлд хамрагдсанаараа бүтээгдэхүүнээ сурталчилах маш том боломж нээгдлээ. Цагаа олсон зөв ажил эхэлүүлсэн та бүхэнд үнэхээр их баярлалаа.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
Утас: 99117598