Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумынхан өөр аймаг, сумаас гэрийн тавилга, мод худалдаж авдаггүй гэсэн. Учир нь Ч.Донидренчин хэмээх гарын ур, сэтгэлгээ сайтай хүний хийсэн модон эдлэлээр өрх гэрээ гоёдог юм байна. Хашаандаа ажлын байр барьж, үйлдвэрлэл эрхэлж буй түүнтэй модон эдлэлийн онцлог, хийсэн бүтээлүүдийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
“Шинэ тавилга” модон эдлэлийн үйлдвэрийн дарга Ч.Донидренчин
-Хэдэн оноос үйлдвэрлэл явуулж эхэлсэн бэ?
-Анх 2000 оноос эхэлж гар багажаар модон эдлэл хийдэг байсан. Тэр үед манай суманд модон эдлэл хийдэг хүн нэг ч байгаагүй болохоор энэ төрлийн үйлдвэрлэл ирээдүйтэй, зах зээл сайтай юм байна гэж бодсоны үндсэн дээр 2004 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд төсөл бичиж дөрвөн сая төгрөгийн зээл авсан. Зээлээрээ мод хийдэг тоног төхөөрөмж худалдан авч нэг байшин түрээслэн гэрийн тавилга хийж эхэлсэн. Дараа нь 2014 онд Сум хөгжүүлэх сангаас зургаан сая төгрөгийн зээл авч энэ ажлын байраа барьсан.
-Одоогоор модоор ямар төрлийн эдлэл хийж байна вэ?
-Гэрийн бүхий л төрлийн модон эдлэл хийдэг. Гэрийн мод, бүх төрлийн тавилга, хаалга гэх мэт.
2014 онд Сум хөгжүүлэх сангаас зургаан сая төгрөгийн зээл авч энэ ажлын байраа барьсан.
-Таныг сүүлийн үед шинээр айл болсон бараг бүх хүний гэрийн мод, тавилгыг хийсэн гэж сонссон юм байна. Захиалга хэр их байдаг вэ?
-Захиалга их шүү. Би 1989 оноос хойш сургуульд албан ажил хийж байна. Тийм болохоор хагас, бүтэнсайн өдөр юм уу, эсвэл шөнийн цагаар модон эдлэлээ хийдэг учраас зарим захиалгаа хийж амжихгүй үе гардаг. Манай сумынхнаас гадна Уянга, Нарийнтээл гэх мэт ойрхон сумдаас хүмүүс ирж захиалга өгдөг юм. Нэг тавилганаас 20-30 мянган төгрөгийн цэвэр ашиг гаргаж зардаг. Гэрийн иж бүрэн тавилгыг нэг сая төгрөгөөр борлуулдаг. Манай сумын шинээр гэр бүл болсон олон сайхан залуучууд миний хийсэн тавилгаар өргөө гэрээ чимсэн дээ.
-Нэг гэрийн иж бүрэн тавилгыг хэдий хугацаанд хийдэг вэ?
-Нэг гэрийн тавилгыг ганцаараа бол 20 хоногт хийнэ.
Нэг гэрийн тавилгыг ганцаараа бол 20 хоногт хийнэ
-Бүтээгдэхүүн хийх модоо хаанаас авдаг вэ?
-Улаанбаатар хотоос стандартад нийцсэн хатаалгын мод авчирдаг. Жилд нэг удаа тэндээсээ том машин хөлслөөд 10 шоо метр мод татдаг. Нэг шоо метр мод 600 мянган төгрөг байдаг.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг вэ?
-Хамаатныхаа нэг дүүтэй хоёулаа ажилладаг. Зун амралтаа авсан үедээ түр хугацаанд хүн нэмж ажиллуулдаг. Ажилласан хүнээ сарын 300 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Сүүлийн үед ажил хийдэг хүн олдохоо байж дээ.
-Суманд үйлдвэрлэл эрхлэхэд бэрхшээлтэй ямар асуудал тулгардаг вэ?
-Зах зээл багаас гадна өргөн хэрэглээний барааны үнэ их өндөр, цалин бага байдаг. Үүнийгээ дагаад хүмүүсийн худалдан авах чадвар мууддаг. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн худалдан авах чадвар бүр дордсон ш дээ. Төр засгийн зүгээс Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээг нэмж өгөхгүй бол үйлдвэрлэл эрхлэхэд хүрэлцэхгүй байна.
Ч.Донидренчингийн хийсэн бүтээлийг хэрэглэгч Б.Доржпагма: Хийсэн тавилгыг нь үзэх гэж манайд хүмүүс их орж ирдэг
- Танайх хэдэн онд Ч.Донидренчингээр тавилга хийлгэсэн бэ?
-Манайх Ч.Донидренчин ахаар 2013 онд зургаан төрлийн тавилга хийлгэсэн. Бид загвараа өөрсдөө сонгож хийлгэж байсан.
-Энэ хүний хийсэн тавилга юугаараа илүү онцлог, давуу талтай юм бол?
-Загвар, хийц сайтай. Эдэлгээ их удаантай. Ер нь модон тавилга ямар нэгэн химийн хортой бодисгүй болохоор эрүүл мэндэд их сайн шүү дээ. Бас нүүдэл хийхэд эвдрэл багатай. Сүүлийн үед айлууд ийм тавилга их хийлгэдэг болсон. Манайх иж бүрнээр нь тавьсан болохоор үзэх гэж хүмүүс их орж ирдэг. Манайх гэдэг айл хааяа үзмэр болчихоод байгаа6 /инээв/.
Утас: 99758929