Говь-Алтай аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, аймгийн удирдлагууд, баялаг бүтээгчдийн хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр Говь-Алтай аймгийн салбар хорооны тэргүүлэгч гишүүдийг сонголоо. Тэргүүлэгч гишүүдэд бүх салбарын баялаг бүтээгчдийг төлөөлөл багтсан аж.
Баялаг бүтээгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний санал, хүсэлтийг ажлын төлөвлөгөөнд тусгах зорилготой уг зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд 200 гаруй баялаг бүтээгч оролцож, ажил хэрэгч саналуудыг аймаг болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдлагуудад хүргүүллээ.
Аймгийн засаг даргын орлогч Д.Чинзориг
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл өнгөрөгч онд байгуулагдсан. Уг салбар зөвлөлийн тэргүүлэгчид, орон нутгийн удирдлагууд уулзаж энэ жилийг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлах саналд нэгдсэн. Бид хамтарсан ажлын төлөвлөгөөг гаргаад байна. Найман гол зорилтын хүрээнд олон төрлийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн уг зөвлөгөөнөөс баялаг бүтээгчдийн хэлсэн ажил хэрэгч саналуудыг төлөвлөгөөнд тусгах болно.
"Сулин Дэнж хоршооны" дарга Т.Оюун
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд Суль, Сульхирын гурилын үйлдвэрлэдэг хоршоо. Манай хоршооны борлуулалт сайн байдаг. Улаанбаатар хотод Баянзүрх зах, Хар-Хорин зах, Алтжин Бөмбөгөр худалдааны төв зэрэг газруудад борлуулдаг. Аймгийн удирдлагууд 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласанд их баярлаж байна. Бага хүүтэй удаан хугацааны зээлд хамруулах, бараа бүтээгдэхүүнийг борлуулах сүлжээ бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй.
"Баярт дэлэг" ХХК-ийн захирал Ц.Шагдардорж
2003 онд байгуулагдан аймгийн мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж ажиллаж байна. 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарласан нь цаг үеэ олсон ажил боллоо. Орон нутгийн зах зээлийг хамгаалах эрх зүйн орчин бий болгох тал дээр дорвитой ажлыг зохион байгуулах ёстой гэж боддог. Мөн татварын нөхцлийг нэн тэргүүнд өөрчлөх хэрэгтэй. Нийслэл, аймаг, сумд гээд бүх газар ижил татварын хэмжээтэй байдаг. Харин зэх зээлийн хүрээ өөр өөр байгаа.