Манай улс эм, эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг 100 хувь импортоор оруулж ирдэг байсан. Тэгвэл сүүлийн таван жилийн дотор эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэнээр импортоор орж ирэх бүтээгдэхүүний тоо багагүй буурсан юм. Ингэж импортын бүтээгдэхүүнийг бууруулахад Мөнхийн тун ХХК-ийн "Тун фарм" эмийн үйлдвэр голлон нөлөөлсөн гэж хэлэхэд болно. Учир нь 2013 онд монголд анх удаа "Тун фарм" эмийн үйлдвэр импортыг орлохуйц эмнэлэгийн нэг удаагийн хэрэгслийг үйлдвэрлэж эхэлсэн юм.
Ц.Алтанцэцэг “Мөнхийн тун” ХХК-ийн ерөнхий захирал
-Сайн байна уу, үйлдвэр тань хэзээнээс, ямар ямар төрлөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-1992 онд Дархан-Уул аймагт манай компани анхны эмийн сангаа хувьчилж авсан. Тухайн үед гарч байсан өнөөх алдартай жижиг ягаан тасалбараараа. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаад 1992 оноос эхлээд эм ханган нийлүүлэх чиглэлээр дэлгэрүүлсэн бол 2004 оноос "Тун фарм" нэртэй эмийн үйлдвэрээ байгуулсан. 2013 оноос эхлэн эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэж эхэлсэн бол 2014 оноос ариутгалын бодисын үйлдвэр нэмж байгуулаад 2015 оноос ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг дөрвөн эмийн сантай нийлээд "Энхийн шүүдэр" гээд дуслын шингэний үйлдвэр байгуулан ажиллаж байна. Эмийн үйлдвэр маань 50 гаруй нэрийн эм, 10 гаруй төрлийн эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрлэдэг.
-Танай үйлдвэр шинэ технологийн бүрхүүлтэй эм үйлдвэрлэнэ гэж байсан. Цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулбал?
-Манай үйлдвэрийн хувьд анхнаасаа л хүн амын эрүүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн байгууллагад туслах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, импортын бүтээгдэхүүнийг багасгах бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж ирсэн. Энэ хүрээнд нэг удаагийн хэрэгслийн үйлдвэр, ариутгалын үйлдвэр байгуулж байсан бол одоо бүрхүүлтэй шахмалын цехийг байгуулах гээд бэлтгэл ажлаа хангачихсан явж байна. Бүрхүүлтэй шахмал гэдэг маань улаан, цэнхэр, ягаан, шар өнгөтэй эмнүүд бий. Эдгээр нь хүний биед ороод хаана нь задрах ёстой тэр үүргээрээ ялгаатай гелен бүрхүүлтэй эмнүүд юм. Эхний ээлжинд хоёр төрлийн эмийг хийхээр технологичид маань ажиллаж байна.
-Төрөөс үзүүлдэг дэмжлэгийг хэр хүртэж чадаж байна вэ?
-Манай үйлдвэрийн хувьд төрөөс тусламж дэмжлэг их авсан. Чингис бондод шалгарч зээл авч тоног төхөөрөмжөө шинэчиллээ, Аж үйлдвэрийн яам, сангийн яамнаас мөн л тусламж авсан. Хамгийн сүүлд гэхэд л ЗГ-ын гаргасан тогтоолын дагуу дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэн түрүүнд төр худалдаж авахаар болсон. Энэ бүхэн мэдээж бидэнд нөлөөлж байна. Өнгөрсөн жил л гэхэд манайх маш бага худалдан авалт хийж байсан бол энэ жил Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ, I, III эмнэлэг, Орхон, Говь-Алтай эмнэлгүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Одоо улсын аль ч төрөх эмнэлэгт төрж байгаа эхчүүд манай эх барихын цомог , иж бүрэн хамгаалах хэрэгслээр бүрэн хамгаалагдаж төрөх боломжтой болчихсон байгаа.
Манай эх барихын цомог , иж бүрэн хамгаалах хэрэгслээр бүрэн хамгаалагдаж төрөх боломжтой болчихсон байгаа
-Эм, эмнэлгийн хэрэгслийн дийлэнх хэсгийг импортоор оруулж ирдэг гэж байна. Тэгэхээр үүнийг багасгах боломж бий юу?
-ТэгэЛгүй яахав. Манай улс эмнэлгийн хэрэгслийг бараг 100 хувь гаднаас оруулж ирдэг байсан гэхэд болно. Одоо бол үйлдвэрүүд харьцангуй нэмэгдсэн болохоор 10 гаруй хувиа өөрсдөө хангаж байна. Цаашид энэ тоо нэмэгдэх боломжтой.
-Энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг олон улсын үйлдвэрүүдтэй хаьцуулахад манай улс ямар түвшинд байгаа вэ?
-Хоёр сая хүнтэй газар бизнес хийх, 20 сая хүнтэй газар бизнес эрхлэх хоёр мэдээж ялгаатай. Гэхдээ манай үйлдвэр дэлхийн бусад үйлдвэрүүдтэй ижил түвшинд байж чадаж байгаа. Түүхий эдээ бүгд л нэг газраас татаж, нэг стандартаар хийж байгаа учраас яг л ижил хэмжээнд байна.
“Тун фарм”-ын үйлдвэрлэдэг эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн хувьд импортын бүтээгдэхүүнийг орлохуйц чанартай бөгөөд үнийн хувьд харьцангуй хямд хэрэглэгчдийн гар дээр хүрдэг юм. Үүний нэг жишээг дурьдахад эмнэлгийн нэг удаагийн халадыг Солонгос улсаас 8500 төгрөг Хятад улсаас 4500 төгрөгөөр худалдаалж байгаа бол үндэсний үйлдвэрлэгч “Тун фарм” эмийн үйлдвэр 2500 төгрөгөөр эх орондоо үйлдвэрлэж байна. Энэ бол мөнгөний урсгалыг эх орондоо бий болгон авч баялагийг бүтээж байгаагийн тод жишээ юм.