Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн баг “Дархан нэхий” үйлдвэрийн “Нэхий-Як” охин компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн хамт олны үйлдвэрлэдэг нэхий, арьс, ширээр хийсэн олон төрлийн бүтээгдэхүүнийг монголчууд хэрэглэж заншсан. Харин үйлдвэрлэж буй арьсаараа пүүзэн гутал хийж эхэлснийг олон нийт сайн мэдээгүй байж болзошгүй. Монгол малын буяныг монгол хүн таньд зориулъя гэсэн уриатай ажилладаг тус хамт олны ажил үйлс өөдрөг, хийж бүтээх их үйл хэрэгт нэг баг болон зүтгэж буйг харах бахархалтай байлаа.
Монголчууд дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Тиймээс ч ямарваа нэгэн зүйлд нэр өгөхдөө тунгааж, учир холбогдлыг бодож үздэг. Сарлагийг дэлхийн олон оронд як гэх нь бий. Тус компанийн хамт олон брэнд гутлаа ийн нэрийдэх болсон нь бас учиртай аж.
Сарлагийг Гималайн салбар, тэнгэр уул, Алтай Хангай, Хөвсгөлийн уулархаг нутагт эрт дээр үеэс үржүүлж ирсэн. Төвдийн сүрлэг өндөр ууланд одоо ч сарлагийн өвөг зэрлэг сарлаг бий. Энэ амьтан уулархаг өндөр газар амьдарч, байгалийн эрс тэс уур амьсгалыг тэсвэрлэх чадвар нь бусад амьтантай харьцуулашгүй. Өвлийн 55 хэмийн хүйтэн, зуны 42 хэмийн дулааныг тэр ажрахгүй давчихна. Сарлагийн тэсвэр тэвчээртэй чадварыг тунгаан “Нэхий-Як” компанийн хамт олон брэнд бүтээгдэхүүнээ “Як” хэмээн нэрлэжээ.
Өдгөөгөөс долоон жилийн өмнөөс гутал хийж эхэлсэн “Дархан нэхий” компанийн хамт олон жилээс жилд бүтээгдэхүүний чанар, технологио сайжруулсаар байгааг онцлоод брэнд бүтээгдэхүүн ямар шат дамжлагыг дамжин хэрэглэгчийн гарт хүрч буйг нэг бүрчлэн танилцуулсан юм.
Бэлэн болсон арьсан дээрээ загвар зохион бүтээгчийн гаргасан зургаар эсгүүр хийнэ. Өнгө, хэлбэр, хэмжээ бүгд тодорхой учир гутлын “эд эс” төвөггүй бэлэн болох аж.
Э.Батсайхан: Ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг орлох боломж бидэнд бий
“Дархан нэхий” ХХК-ийн Ерөнхий захирал Э.Батсайхантай бид уулзаж, хийж буй бүтээгдэхүүн цаашдын зорилгын талаар ярилцлаа.
“Дархан нэхий” компани 1972 онд үүдээ нээсэн Монголын ууган үйлдвэрийн нэг. Анх хонины нэхий боловсруулж дулаан хувцас хийж нийлүүлдэг байсан. Үйлдвэрийг хөгжүүлэх стратеги төлөвлөлтийн дагуу дараа дараагийн ажлаа хийж байна. Гутал, цүнх хийх төлөвлөгөөний дагуу бодын шир боловсруулах үйлдвэрээ байгуулсан. Арьсан цүнх, гутал хийх ажлаа эрчимжүүлж, энэ жилээс спорт загварын пүүзэн гутал үйлдвэрлэж эхэллээ.
Бидний гол зорилго ижил төрлийн арьс, арьсан бүтээгдэхүүний импортыг бууруулж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр монголчуудаа хангах юм. Энэ зорилгоо ойрын хэдэн жилдээ хэрэгжүүлнэ. Зах зээл маань бага учир гадаад зах зээлээ тэлэх бодлого барьж ажиллах шаардлагатай. “Дархан нэхий” ХХК арьс ширний боловсруулах шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх төлөвлөгөөтэй ажилладаг. Яг одоогийн байдлаар Казакстан, ОХУ, БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргасан. Зөвхөн хоёр хөрш орон гэлтгүй Европын холбооны орнууд руу борлуулах зах зээлээ судалж байгаа. 2014 онд нийт бүтээгдэхүүний 50 , 2015 онд 60 хувийг экспортолсон. Цаашдаа энэ үзүүлэлтээ нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна” гэв.
Арьсан цүнх, гутал хийх ажлаа эрчимжүүлж, энэ жилээс спорт загварын пүүзэн гутал үйлдвэрлэж эхэллээ.
“Дархан нэхий” хэмээх их айлыг удирдаж буй Э.Батсайханы удирдах ур ухаан, холч хараа, хүнийг таньж чаддаг чадвар нь хамт олныг урам зоригтой ажиллахад гол нөлөө үзүүлдэг гэж олон ажилтнууд нь хэлж байв.
Б.Чинчулуун: Ажилдаа гаршсан хамт олон “Як” брэндийг үйлдвэрлэж байна
Шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, алдаа гаргахгүйг хичээн ажиллаж буй “Нэхий-Як” гутлын үйлдвэрийн захирал Б.Чинчулуун бидэнтэй бүтээгдэхүүнийхээ онцлог, давуу талын талаар ярилцлаа.
-Хэрэгцээгээ судлан зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байгаа танай хамт олонд талархал илэрхийлье?
-Баярлалаа. Арьс боловсруулах, бэлтгэх, оёдол, эсгүүр, уллагаа гээд олон дамжлага дамжиж “Як” брэндийн гутал бэлэн болдог. Бид чанар, хямд үнийг хэрэглэгчдэдээ санал болгодог.
-Зах зээлд импортын пүүзэн гутлал маш их байна. “Як” брэндийн гутлын давуу тал онцлогоо танилцуулахгүй юу?
Бид чанар, хямд үнийг хэрэглэгчдэдээ санал болгодог.
-Залуус хөлд эвтэйхэн, хөнгөн, чанартай гутлыг сонгох нь их болсон. Тиймээс бид зах зээлээ судлан пүүзэн гутал үйлдвэрлэхээр шийдсэн. Мэдээж чанарыг бид өөрсдийн давуу тал гэж хэлнэ. Та бүхэн сая харлаа. Малын арьс, шир хэдэн шат дамжлага дамжиж эсгүүрийн ширээн дээр ирж буйг. Арьсан бүтээгдэхүүн гэдэг өөрөө хүний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бас эдэлгээ сайтай байдаг. Түүнээс гадна манай ажилтнууд нэг зүйлээ дагнан хийдэг. Энэ нь чухал ач холбогдолтой. Хүн нэг зүйлээ дагнан хийж гаршихаар алдаа гаргах нь бага. Гологдол бүтээгдэхүүн бараг гарахгүй гэсэн үг. Тухайлбал гутлын доторлогоо хийдэг хүн түүнийгээ л хийнэ. Хэрвээ тэр хэсэгт алдаа гарвал хариуцах эзэнтэй, хийсэн хүн нь тодорхой гэсэн үг.
-Монгол Улсад ховорхон байх автомат эсгүүрийн машин ашигладаг юм байна. Ажлын явцыг хөнгөвчилж, гологдол гарах нь ч бага байх. Танайх өдөртөө хэдэн хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Тиймээ, Тайваньд үйлдвэрлэсэн эсгүүрийн автомат машинтай болсон. Урьд нь механик машинтай байсан. Харин автомат машинтай болсноор ажлын бүтээмж нэмэгдсэн. Хамгийн гол нь арьсны ашиглалт маш сайжирсан. Манайх өдөртөө 200-500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье.
“Нэхий-Як” гутлын үйлдвэрийн Загвар зохион бүтээгч К.Энхболд ажлаа бидэнд танилцууллаа.
“Бид долоон жилийн өмнөөс бүх насныханд зориулсан өвөл, хавар, намрын гутал үйлдвэрлэж эхэлсэн. Монголын гутлын зах зээлээ судалснаар хонины нэхий, үхрийн шир ашиглан эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гэсэн гурван төрлөөр гутлаа үйлдвэрлэж байна. Манай гутал олон давуу талтай. Эдэлгээ сайтайгаас гадна загвар хийцэнд анхаардаг. Гутлынхаа деталь хэсэгт хром, элгэн материал оруулсан нь гоёмсог харагдуулдаг. Хойд хэсэгтээ татаж өмсөх зориулалттай татуурга, үдээсний татлага хэсэг нь арьсан, ул нь сайн чанартай хөнгөн, аль ч улиралд өмсөх боломжтой гээд давуу тал олон. Доторлогоондоо Монголд үйлдвэрлэсэн арьс, сарьс, давууг ашигласан. Энэ гутлыг амралт чөлөөт цагаараа түлхүү өмсөх учир хөлд эвтэйхэн байлгахыг илүү анхаарч, холголтоос хамгаалсан зориулалтын материал ашиглаж хийсэн. Загварын хувьд судалгаа хийж, монгол хүний биеийн онцлогт тохируулан үйлдвэрлэж байна.
Манайх өдөртөө 200-500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.
Бидний хийсэн гутлыг хэрэглэгчид хэрхэн хүлээн авч буйг судалдаг. Цахим хуудас болон, сошиалаар мэдээллээ түгээхэд монголчууд маань, хаанаас авах, ямар үнэтэй болохыг байнга асууж, талархал дэвшүүлсэн сэтгэгдлээ бидэнд илгээдэгт бид урамшин ажилладаг” гэв.
“Дархан нэхий” компанид залуус олноороо ажилладаг. Тус үйлдвэрийн оёдлын цехийн ажилтан Б.Баярцогт бидэнтэй уулзаж сэтгэгдлээ хуваалцсан юм.
“Би “Дархан нэхий” компанид ажилладагаараа бахархдаг. Сайхан хамт олон бүрдүүлж, хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг нь бидэнд таатай байдаг. Хүн хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байх нь их зүйл хийхэд өдөөдөг гэж би боддог. Манай үйлдвэрлэж буй гутал чанартай, хүний эрүүл мэндэд тустайг мэдэрдэг учир хийхэд ч урамтай. Залуусын хэрэгцээ, шаардлагыг судалж ажлаа хийдэг учир ажиллахад сайхан байдаг” гэв.
44 жилийн түүхтэй хамт олны үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, хүчин чадал
Бодын шир боловсруулах үйлдвэр хоногт 1000 ширхэг буюу жилд 300 000 ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэдэг.
Богийн арьс боловсруулах үйлдвэр хоногт 5000 ширхэг буюу жилд 1,5 сая хонь, ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг.
· Жижиг арьс боловсруулах үйлдвэр жилдээ 200 000 ширхэг хурга , ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж зах, дотор, шубны арьс үйлдвэрлэдэг.
· Оёдлын үйлдвэр жилд 500 мянган ширхэг нэхий болон савхин хувцас, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
· Гутлын үйлдвэр жилд 500 мянган хос өвөл, хавар намар, зуны гутал үйлдвэрлэдэг.
· Ажлын гутал сард 7000 ширхэгийг үйлдвэрлэдэг
· Ажлын хувцас сард 2500 ширхэгийг үйлдвэрлэдэг
· Цүнх сард 1000 ширхэгийг үйлдвэрлэдэг
"Дархан нэхий", "Нэхий-Як" компанийн үйлдвэрлэж буй нэхий болон савхин хувцас, цүнх, арьсан эдлэлийн борлуулалтыг хариуцдаг "Як трейд" компанийн захирал Б.Гэрэлмаатай уулзлаа.
“Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрэх явцыг манай компани хариуцдаг. 1972 оноос үйл ажиллагаа эхэлсэн манай компанийг зөвхөн нэхий эдлэл хийдэг гэж зарим хүн ойлгодог. Харин манай компани сүүлийн долоон жил гутал хийж хямд үнэ, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг монголчуудад болон гадаад зах зээлд хүргэж байна. Манай эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн пүүзэн гутлууд өнгө, загварын өргөн сонголттойгоор Дархан нэхий компанийн салбар бүх дэлгүүрээр зарагдаж байгааг дуулгая” гэв.
Үндэсний үйлдвэрээ дэмжиж, зөв сонголт хийн, эх оронч худалдан авалт хийхийг монголчууддаа уриалж байна.
Монголын ууган үйлдвэрийн нэг “Дархан нэхий”, түүний охин “Нэхий-Як”, “Як трейд” компанийн хамт олон гутлаа хийхдээ арьс, нэхий ашигладаг учир чанартай, хүний хэрэгцээг төгс хангах эд болжээ. Импортын бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэ хямд, чанар нь хэд дахин илүү байгааг худалдан авсан хүн бүхэн хэлж байна. Үндэсний үйлдвэрээ дэмжиж, зөв сонголт хийн, эх оронч худалдан авалт хийхийг монголчууддаа уриалж байна.