Манай улсын дотооддоо голчлон үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг хүнсний бүтээгдэхүүн, нэхмэл сүлжмэл хувцас тэр дундаа мод модон эдлэлийн үйлдвэрлэл эзэлж байна. Улсын нийт үйлдвэрлэлийн 35 хувийг боловсруулах үйлдвэрлэл эзэлж байгаа бол мод модон эдлэлийн үйлдвэрлэл нь боловсруулах үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг эзэлж байгаа юм.
Тэгвэл энэ салбарт сүүлийн 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч “GW тавилгын үйлдвэр”-ийн захирал Т.Эрдэнэбазарыг "Баялаг бүтээгч" буландаа урин оролцууллаа.
Арван таван жилийн өмнө анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэсэн, ер нь яагаад тавилгын үйлдвэр байгуулах болов?
Би 1977 онд Сэлэнгийн “Модны КТМС”-д нарийн мужааны чиглэлээр суралцаж төгссөн. Тэгээд цэрэгт яваад тэндээ мужаан хийж, 1982 онд халагдаад Сэлэнгийн модны үйлдвэрт ажилласан. Тухайн үед Сэлэнгийн модны үйлдвэр 1500 гаруй ажилтантай байлаа. Харин сүүлд зах зээлд шилжих үеэр тэр том компани хаалгаа барьж хувьчлагдаад, бид хувь хувийн бизнесээ эрхлэх болсон. Миний хийж чадах зүйл бол модоор, модон эдлэл буюу тавилга хийх байсан болохоор 1999 онд тавилгын үйлдвэр нээгээд, ам бүл цөөн ажиллаж эхэлсэн. Анх тэгэж л ажлын гараагаа эхлүүлсэн юм.
Модон эдлэл, тавилгын зах зээл 15 жилийн өмнө ямар байв, одоо өөрчлөгдсөн ахиц дэвшил байна уу?
Зах зээлд орсноос хойш үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудал орхигдож эхэлсэн, тиймээс би тавилгын үйлдвэрлэлийг дотооддоо нийлүүлж, импортыг орлох хэмжээнд хүртэл ажиллахыг зорьсон.
Зах зээлд орсноос хойш үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудал орхигдож эхэлсэн, тиймээс би тавилгын үйлдвэрлэлийг дотооддоо нийлүүлж, импортыг орлох хэмжээнд хүртэл ажиллахыг зорьсон. Анх үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд биднийг дэмжих хүн байгаагүй ч, шантралгүй зүтгэсээр багагүй хэрэглэгчтэй болсон.
Анх ямар тавилга үйлдвэрлэж байв, одоо нэр төрөл нэмэгдсэн үү?
Ор, цонх, барилгын жижиг материалууд хийдэг байсан. Одоо бол бид чанарын түвшинд хэрэглэгчийн хүссэн тавилгыг түргэн шуурхай захиалгаар хийдэг.
Багагүй олон жил тууштай үйл ажиллагаа явууллаа шүү дээ? Тавилгын бизнесийн хүнд хэцүү нь юу байв?
Арван таван жил гэдэг бол маш урт хугацаа, саад бэрхшээл бишгүй л байлаа. Би ганц зүйлийг хүсдэг юм. Дотооддоо үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, компаниудыг засгийн газар, төрөөс дэмжээсэй гэж. Гэхдээ монголчууд нэг үеэ бодвол чанарыг мэдэж, сонгон хэрэглэдэг болсон байна. Цэвэр модоор хийдэг манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад баяртай байгаа.
GW тавилгын үйлдвэрээр үйлчлүүлье гэвэл заавал захиалга өгөх ёстой юу?
Манай үйлдвэр өмнө нь дан захиалгаар тавилга хийдэг байсан бол одоо өргөжин тэлж, бөөний үйлдвэрлэл эрхэлж байгаа. Монголчууд ер нь бэлэн бараанд илүү сэтгэл ханамжтай байдаг юм билээ./Инээв/
Танай үйлдвэр хэдэн ажилчинтай бэ? Үйлдвэрийн хүчин чадлын тухайд?
Одоогоор арваад ажилчинтай, хүчин чадлын хувьд бөөний үйлдвэрлэл эрхлэхэд хангалттай хүрэлцэнэ. Чанарын тухайд цэвэр мод гэдгээрээ онцлогтой. Манай хэрэглэгчид ч хэлдэг юм гэртээ орохоор мод үнэртээд, яг л байгальд байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэж.
Хэрэглэгчийн захиалсан тавилга хэдий хэр хугацаанд бэлэн болдог вэ?
Ком тавилга уу, салангид уу гэдгээсээ хамаарч өөр өөр байдаг. Ер нь бол 7-14 хоног дотор бэлэн болно.
Монголд тавилгын үйлдвэрүүд олон байдаг шүү дээ, тэдгээрээс танайх юугаараа онцлог давуу вэ? Хэрэглэгчид танайхыг сонгох шалтгаан гэвэл?
Манай үйлдвэр бэлэн материал ашигладаггүй, модоо өөрсдөө бэлтгэн хийдэг. Түүхий эдээ захуудаас худалдан авч, чанар стандартын дагуу чийглэгийн тааруулан хатааж, өөрсдийн гараар бүх материалаа бэлтгэдэг. Тиймээс 100 хувь эко бүтээгдэхүүн хэмээн манайхыг үйлчлүүлэгчид дуртай сонгодог. Мөн манай үйлдвэрийн давуу тал онцлог бол гэр, орон сууцад хоёуланд нь тохирсон, нүүж зөөхөд эвдрэл гэмтэл бага байдагт байдаг.
Борлуулалтын тал дээр үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй зүйл ажиглагддаг, тэгвэл танай үйлдвэрийн тухайд?
-Манай үйлдвэр борлуулалтын хоёр цэгтэй. Үйлдвэр дээрээ бас байнгын захиалга авдаг. Яг үнэнийг хэлэхэд үйлдвэр маань хотын баруун захад байдаг болохоор, төвийн хэрэглэгчдэд тэр бүр хүрдэггүй юм шиг санагддаг. Гэхдээ сошиал ертөнц хөгжиж байгаа өнөө цагт, манайх мөн ашиглаж, тавилгын захиалгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан авдаг. Энэ дашрамд манай фэйсбүүкийн “GW modon tavilga”гэсэн хаягаар зочлоорой гэж уншигчдаасаа хүсэе.
GW тавилгын үйлдвэрийн цаашдын зорилго, зорилт юу вэ?
Манай найз хэлэхдээ “би ганцхан зуух үйлдвэрлэдэг харин чи гэрийн бүх тавилгыг үйлдвэрлэдэг, их баян үйлдвэрлэлтэй нөхөр” гэж, тийм ч учраас би ажилдаа дуртай байдаг. Цаашдаа монголынхоо өрх бүрийг өөрийнхөө тавилгаар чимэх зорилт тавин ажиллаж байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа.