Эрүүл мэндийг дэмжих эх орны бүтээгдэхүүнийг “Алиман сар” нарийн боовны үйлдвэрээс... "Алиман сар" талх, нарийн боовны үйлдвэр 2012 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 10 гаруй нэр төрлийн нарийн боов, талх зэргийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Тус үйлдвэрийн хамт олон хүний эрүүл мэндийг дэмжих үйлчилгээтэй түүхий эдийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой юм.
Холбоо барих утас: 9909-9505, 9910-6955
Анх хувийн үйлдвэрлэл явуулж эхлэхэд ямар байв. Тэр цаг үеийг эргээд дурсвал ?
Аливаа зүйлийг шинээр эхлэхэд олон төрлийн саад бэрхшээл тулгардаг. Хэдий салбараа мэддэг ч надад дутагдаж байсан гол зүйл нь хүн байсан. Хамгийн чухал баялаг нь хүн шүү дээ. Хүн байж л баялаг бүтээнэ. Эхэндээ ах дүү нарынхаа хүүхдүүдийг гуйж үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Гэхдээ аливаа ажлыг дадлага чадвартай гэхээс илүү сэтгэлтэй хүн хийвэл цаашид гарах үр дүн илүү өндөр байдаг гэдгийг ойлгосон.
Үйлдвэрлэл явуулж эхлэхэд тулгардаг хамгийн эхний асуудал нь санхүү байдаг шүү дээ. Үүнийг хэрхэн шийдэж байсан бэ?
Эхэндээ санхүүгийн асуудлыг ах дүү, найз нөхдөөсөө босгож үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байхад Хас банкны хамт олон манайд орж ирээд бидэнд зээл авахыг санал болгож байсан. Энэ жил зээлээ төлж дуусгана.
Үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс хамгийн чухал үнэт зүйлсийг олон янзаар тайлбарладаг. Харин таны хандлага өөр мэт санагдаж байна?
Хамгийн чухал зүйл нь санхүүгийн асуудал, баг хамт олон байдаг. Санхүүгийн асуудлыг ах дүү, найз нөхөд бусад зээл тусламж зэргээр зохицуулж болдог. Харин ажилдаа сэтгэл гаргаж ханддаг багийг бүрдүүлнэ гэдэг удирдагч хүнээс их хамаардаг.
Бизнес эхлэхэд удирдагч хүний боловсруулсан арга гэж байдаг. Нарийн боовны томоохон үйлдвэрээс эхлээд жижиг цехүүдийн тоо олон шүү дээ. Энэ зах зээлд өрсөлдөх чадвар, онцлог давуу талтай байж борлуулалт сайн байх нь дамжиггүй?
Нарийн боовны үйлдвэрлэл манай улсад сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжсөн. Энэ зах зээлийн өрсөлдөөнд хүний эрүүл мэндийг дэмжих, амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгыг өмнөө тавьсан. Түүнээс биш технологи, үнэ зэрэг бусад зүйлээр өрсөлдөөд бид амжилт олохгүй.
"Алиман сар" талх, нарийн боовны үйлдвэрийн цаашдын хөгжлийн чиг хандлага ямар байх вэ?
Мэдээж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, борлуулалтаа нэмэгдүүлэх гээд олон төлөвлөгөө байгаа. Манай үйлдвэрт 18-25 насны залуучууд ажилладаг. Цалинтай байлгахаас гадна энэ залуучуудыг төлөвшүүлэх хэрэгтэй. Ажилчдадаа зөв амьдрах ухаан, ажилдаа хандах сэтгэлгээ зэргийг суулгахын төлөө хичээж байна.