Үндэсний өв уламжлал, өнгө, хээний бэлгэдлийг орчин үеийн загвартай хослуулан үйлдвэрлэж яваа компаниудын нэг нь “Ур ундрах” ХХК. Тус хамт олон 2003 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд монгол үндэстний дээл, малгай, гутал, сүлжмэл бүс зэргийг үйлдвэрлэж цогц үйлчилгээг үзүүлж байна. Тус компани Тайланд, Солонгос улсад үйлдвэрлэсэн сайн чанарын түүхий эд материалаар хэрэглэгчийн хүссэн загвар, хэмжээний дагуу үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлогтой юм. “Ур ундрах” компанийн захирал, мастер оёдолчин А.Алтануяатай ярилцлаа.
-Та ахуйн үйлчилгээний салбарт олон жил ажилласан гэсэн. Өнөөдрийн олны сэтгэлд нийцсэн урчуудтай компанийн эхлэл таны ажиллаж байсан салбартай салшгүй холбоотой байх?
-Тиймээ. Ахуй үйлчилгээний салбар тарснаас хойш хувиараа эмэгтэй хүний гадуур хувцас хийдэг байлаа. 2003 оноос үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр шийдэж, монгол дээл, хувцас урлаж эхэлсэн юм. Бурханч лам Г.Пүрэвбат манай компанид “Ур ундрах” гэдэг нэрийг өгч байсан. Энэ нэрний утга нь эмэгтэй хүн байгалиасаа уран байхаар заяагдсан байдаг санааг агуулсан. Тийм учраас уг нэрээр улсын бүртгэлд бүртгүүлж байсан түүхтэй.
-Нэг дээл урлахад хэдэн өдөр зарцуулж байна вэ?
-Аливаа үйлдвэрлэл дамжлагын дагуу явдаг. Хамгийн эхэнд дизайнер хувцасны загварыг гаргадаг. Үүний дараа эсгүүрчин эсгээд оёдлын дамжлагад өгдөг. Хувцасны ерөнхий загвар гарсаны дараа товч, шилбэ оёх гээд олон дамжлага байдаг. Нэг дээл урлахад 10 гаруй хүний хүч хөдөлмөр шингэж байж хувцас бэлэн болдог.
-Та урчуудыг цуглуулж чаджээ. Тогтмол хэдэн хүн ажилладаг вэ?
-Манай компани тогтмол 20 хүн ажиллуулдаг. Оёдлын салбарын оргил үе буюу цагаан сар, наадам гээд захиалга нэмэгдсэн үед гэрээт ажилчдыг авч ажиллуулдаг.
-Монгол хувцас дэлхийд хийцээрээ гайхагдсаар ирсэн. Гадаадын үзэсгэлэн худалдаанд оролцож байсан уу?
-Монгол хувцас хаа ч танигдаж чаддаг. Бид 2006-2008 онд 50 гаруй улсын төлөөлөл оролцсон олон улсын хувцасны үзэсгэлэн, худалдаанд оролцож хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Тухайн үед их омогшиж билээ. Монгол хувцас дэлхийд үнэ цэнээ алдахгүйн баталгаа болсон гэдэгт итгэлтэй явдаг.
-Үндэсний уламжлалыг шингээсэн хувцас үйлдвэрлэдэг олон газрууд байдаг. Олон компани оршин тогтнохын тулд том зах зээл шаардлагатай шүү дээ?
-Монголчуудын үндэсний хувцасны хэрэгцээ зөвхөн цагаан сар, баяр наадмын үеэр нэмэгддэг байсан. Харин одоо энэ хандлага өөрчлөгдсөн. Хүмүүс өдөр тутам үндэсний хувцсыг өмсөхийг эрмэлзэх болсон. Гадаад улс орнуудад ч бүтээгдэхүүний борлуулдаг олон компани байгаа. Үүнийг дагаад үндэсний үйлдвэрлэгчид хөл дээрээ тогтох том боломж нээгдсэн.
-Сайн хувцас үйлдвэрлэхэд хамгийн чухал нь материал байдаг. Түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?
-Манай компани ихэнх материалаа Солонгос улсаас авдаг. Дээлний даавууг ихэвчлэн Энэтхэг улсаас авчирдаг. Тайланд улсаас эмэгтэй хүний гоёлын дээлний материалыг оруулж ирдэг.
-“Ур ундрах” компани бусад оёдлын компаниудаас юугаараа ялгарч чадах вэ?
-Хүний биеийн бүтэц өөр өөр байдаг. Тийм учраас зөвхөн тэр хүнд таарсан загвар, өнгөтэй хувцсыг урлах нь хамгийн чухал. Хувцас хүний энергийг шингээдэг учраас билэгдлийг агуулах ёстой. Хувцас захиалж байгаа хүнд зөвлөгөөг өгч зөв сонголт хийхэд нь туслахаар хүмүүс их дуртай байдаг.
-Та “Болор цом” яруу найргийн наадмын ивээн тэтгэгчээр ажилладаг . Сайхан дээл оёж, ярууу найрагчдад бэлэглэж буйг тань олон хүн харсан?
-Ямар ч компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажиллах ёстой. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн яруу найрагч, оюунлаг хүмүүсийг дэмжиж ажилласаар ирсэн. Жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадмын ялагчид монгол дээл урлаж өгдөг уламжлал бий болоод 10 гаруй жил болжээ.
-Та өөрөө урлахаас гадна охид, бүсгүйчүүдэд зааж өгдөг үү?
-Бодлогоор оёдлын мэргэжилд мэргэшүүлэх шаардлага бий. Сургуульд дан томъёо заагаад хүүхдүүдийг төгсгөж байна. Хамгийн гол нь дадлага сайн хийлгэж байж мэргэжилдээ илүү мэргэшинэ шүү дээ. Би мэргэжил, чадвараа бусдад зааж сургахыг хичээж ажилладаг.
-Танай компани цаашид ямар зорилготойгоор ажиллаж байна вэ?
-Эхний ээлжинд дотоодын зах зээлд өөрийн байр суурийг хадгалж үлдэх шаардлага байна. Харин цаашид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд экспортлох хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа. Монгол ур ухаан дэлхийд нэр хүндтэй гэдгийг олон харлаа. Харин үүнийг дэлхийн зах зээлд гаргах цаг нь болсон.