МҮОНТ-ийн ахмад сэтгүүлч Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Б.Нацагдоржийн бичсэн "Баялаг бүтээгч" ном өнөөдөр нээлтээ хийлээ. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хэрэгжүүлж буй ажлыг үзэгчийн нүдээр үзэж суусан нэрт сэтгүүлч Б.Нацагдорж эх орондоо хийж бүтээж яваа баялаг бүтээгчдийг алдаршуулах зорилгоор уг номыг бичих санааг олж авсан номын нээлтийн үеэр онцолсон юм.
Номын нээлтийн ажиллагаанд баялаг бүтээгч иргэд, номыг дээдэлдэг залуус болон уншигчдын төлөөлөл оролцлоо. Энэхүү номонд 100 гаруй баялаг бүтээгчдийн төлөөлөл багтжээ. Номын нээлтийн үеэр нэрт сэтгүүлч Б.Нацагдоржтой уулзаж ярилцлаа.
-Таны оюуны бүтээл өнөөдөр уншигчдын гарт очиж байна. Номынхоо тухай товчхон танилцуулахгүй юу?
-Ном гэдэг хүний сэтгэлийн дуудлагаар бүтдэг эрхэм дээд бүтээл байдаг. Өмнө нь уран зохиол, сэтгүүл зүйн хэд, хэдэн ном гаргаж байсан. Тухайлбал уран зохиолын номын гол дүр нь зохиомол баатар байдаг. Харин энэ удаагийн номын гол баатар нь эх орныхоо өнцөг булан бүрт үйлдвэрлэл эрхэлж байгаа баялаг бүтээгч юм. Өөрөөр хэлбэл зохиомол дүр байхгүй гэсэн үг.
Монголчууд бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болох эхлэл тавигдсаныг олж харсан учраас өөрийн санааг ном болгохоор шийдсэн
-"Баялаг бүтээгч" номыг бичих сэдэл хаанаас төрсөн бэ?
-Хэвлэл мэдээллийн салбарт тогтсон нэг хандлага байсан. Зөвхөн өндөр албан тушаалтан, дарга нар ярьж суудаг. Эсвэл гоё ганган хувцасласан хүмүүс дуулаад л байх жишээтэй. Энэ нь үзэгч, уншигчийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлдөг. Би ярьж, дуулдаг бус хийдэг, бүтээдэг хүмүүсийн тухай яагаад гаргахгүй байгааг ойлгодоггүй байсан л даа. Харин Масс агентлагийн уран бүтээлчид эх орны өнцөг булан бүрт хүрч, үйлдвэрлэл эрхэлж, баялаг бүтээж яваа хүмүүсийг сурталчлан таниулж чадлаа. Би ч гэсэн энэхүү төслийг анх үзэгчийн хувиар уншиж, үзэж судалсан. Монголчууд бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болох эхлэл тавигдсаныг олж харсан учраас өөрийн санааг ном болгохоор шийдсэн.
Миний ном нэг бус 100 гаруй гол дүртэй гэдгээрээ их онцлог.
-Аливаа ном бий болохын тулд тодорхой хугацааг шаарддаг. Зарим нь нэг нь бүтээл болж чадахгүй хоцрох нь ч бий. Энэ номын хувьд ямар хугацааг туулж өнөөдөр уншигчдын гарт хүрч байна вэ?
-Ном бичихэд судалгааны материал дутах, түр зуур хүлээлт үүсэх тохиолдол олон байдаг. Энэ номын хувьд өөрийн эрхгүй л ундраад нэг мэдэхэд дууссан байсан. Миний ном нэг бус 100 гаруй гол дүртэй гэдгээрээ их онцлог.
Номын нээлтэд оролцсон хүмүүст МҮОНТ-ийн ахмад сэтгүүлч, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Б.Нацагдорж гарын үсэг бүхий номоо дурсгав. Номын цагаан буян мөнхөд гийгүүлэх болтугай гэсэн ерөөлийг хүн бүхэн хэлж байлаа.