УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар нийт 34 хуулийн төсөл хэлэлцэхээр товлосон бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэмд хэрэгтэй олон чухал асуудлыг шийдвэрлэх үүргийг гишүүд ийн хүлээлээ. Тухайлбал Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт, Улс төрийн намуудын тухай хууль болон Намуудын санхүүжилтийн тухай хууль, Эдийн засгийн өршөөл үзүүлэх болон Казиногийн тухай хууль зэрэг олны анхаарлыг татаж буй хэд хэдэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Чуулганаар хэлэлцэх зарим асуудлын талаар УИХ-ын гишүүн Ч.Улааны байр суурийг сонслоо.
- УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Сонгуулийн тухай болон Казиногийн тухай хуулийг хэлэлцэнэ. Та эдгээр хуулийн төслүүд дээр ямар байр суурьтай байна вэ?
- Казино болон Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй. Тухайн үед байр сууриа илэрхийлнэ.
- Энэ удаагийн чуулганаар Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үндэсний баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжих ёстой вэ?
- Аж үйлдвэрийн салбарыг дэмжих ёстой. Энэ талаар бодлого нь орж ирэхээр ул суурьтай ярина. Гэхдээ аж үйлдвэрийн салбарыг бодлогоор дэмжинэ гэдэг нь зах зээлийнхээ механизмаар дэмжинэ гэсэн үг. Аль ч Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн бодлогыг баримталсаар ирсэн. Хамгийн чухал нь үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх, тэдний гаргасан санаачилгуудыг дэмжих хэрэгтэй. Түүнээс үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой хэмээн зохиомол орчин бий болгож, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож, орлон гүйцэтгэж болохгүй. Харин санаачилга гаргасан нэгэнд нь эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгөх нь зүйтэй.
Аль ч Засгийн газар үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэсэн бодлогыг баримталсаар ирсэн