"Масс агентлаг"-ийн хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөрийн удирлага өнөөдөр Аж үйлдвэрийн яамтай хамтран ажиллах талаар уулзаж ярилцлаа.
Аж үйлдвэрийн яам жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлын бодлогыг хариуцан ажиллаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч рүү хандсан санхүүгийн болон санхүүгийн бус олон төрлийн дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлж буй.
"Масс агентлаг"-тай хамтран баялаг бүтээгчдээ дэмжих ажлыг үе шаттайгаар хийх тухай нэгдсэн ойлголтод хоёр тал хүрлээ.
Хоёр талын хамтын ажллагааны талаар Аж үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохоос тодрууллаа.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар "Масс агентлаг"-тай яриа хэлэлцээр хийлээ. Энэ талаар хэрхэн хамтран ажиллахаар болсон бэ?
-Аж үйлдвэрийн яамнаас үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг , боломжууд болон эрх зүйн орчинд хийгдэж буй ажлуудыг "Масс агентлаг"-аас санаачлан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр хүрээнд хэрхэн хүргэх асуудлын талаар бид ярилцлаа.
Аж үйлдвэрийн яамнаас өнгөрсөн наймдугаар сард Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр гаргасан. Тус хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг болох түрээс, лизинг, зээлийн батлан даалтын сангуудад хамрагдах тогтлолцоог бүрдүүлэх тухай заасан байгаа. Энэ хүрээнд Аж үйлдвэрийн яамнаас Тайвань, Турк улсын компаниудтай хамтран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн тоног төхөөрөмжөө барьцаалан урт хугацааны зээл авах боломжийг олгох ажлыг эхлүүлж байна. Энэ талаарх мэдээллийг үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хүргэх нь хамгийн чухал. Тиймээс "Масс агентлаг"-тай хамтран баялаг бүтээгчдээ дэмжих ажлыг үе шаттайгаар хийх тухай нэгдсэн ойлголтод хоёр тал хүрлээ.
Чуулганыг "Масс агентлаг", "ETV" телевиз орон даяар шууд дамжуулж, оролцож амжаагүй баялаг бүтээгч нарт хүргэнэ
-Хамтын ажиллагааны хүрээнд эхлээд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ сарын 14-нд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Чуулганд хөдөө орон нутаг, нийслэлийн баялаг бүтээгчид оролцох бөгөөд тэдэнд Аж үйлдвэрийн яамнаас хийж буй ажлыг танилцуулж, мэдээлэл хүргэх, тулгарч буй бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой. Тус чуулганыг "Масс агентлаг", "ETV" телевиз орон даяар шууд дамжуулж, оролцож амжаагүй баялаг бүтээгч нарт хүргэнэ. Энэ мэт үе шаттайгаар олон ажил хийхээр төлөвлөж байна.