“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт үргэлжилсээр байгаа билээ. Бид энэ удаад Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй “Завхан баялаг” ХК-ийн үйлдвэртэй танилцсан юм. Энэхүү компани нь Завхан аймагтаа хүнсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай бөгөөд одоогийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Тус компанийн захирал Г.Түвшинбаттай уулзаж ярилцлаа.
-Үйлдвэр анх хэзээ байгуулагдаж байсан бэ?
-Анх Завхан аймагт 1925 онд Архины хороо нэртэйгээр байгуулагдаж байсан юм билээ. Тэгээд 1960 онд хүнсний үйлдвэр болон өргөжөөд, 1998 онд хувьчлагдаж Завхан аймгийн “Завхан баялаг” ХК болсон түүхтэй. Манай үйлдвэр нийт 45 ажилтантайгаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн зөвхөн аймагтаа төдийгүй Говь-Алтай, Ховд аймгуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Дээрээс нь Улаанбаатар хотын худалдааны төвүүдэд худалдаалж байгаа.
-Та энэ үйлдвэрийг хүлээж аваад удаж байна уу?
-Удаагүй байна. Энэ бол гэр бүлийн бизнес л дээ. Анх хувьчлагдахаас эхлээд энэ бизнест гэр бүлээрээ ханцуй шамлан орж, бүхий л зүйлээ зориулж ирсэн.
-Бүтээгдэхүүний нэр төрөл их олон юм байна. Танай бүтээгдэхүүний онцлог, давуу тал юу вэ?
-Манай бүтээгдэхүүн бүгд байгалийн цэвэр, органик гаралтай. Өөрөөр хэлбэл, хүнд хэрэгтэй амин дэм болох витамин ихээр агуулдаг зэрлэг жимс болох нэрс, үхрийн нүд, чацарганаар бүтээгдэхүүнээ хийдэг.
-Эдгээрээс өөр жимсээр хийх боломж бий юу?
-Их хэцүү. Бусад жимс нь олдоц багатай, их хэмжээгээр байдаггүй.
-Бүтээгдэхүүнээ худалдаалахад аймгийн хэмжээнд зах зээл хангалттай юу?
-Завхан бол хотоос алслагдсан, баруун хязгаарын аймаг. Хот суурин газар руу үргэлж тээвэрлээд байх боломж их бага. Цаг агаар, хөрөнгө санхүүгээс авахуулаад хүндрэл их гарна. Ялангуяа өвлийн улиралд тээвэрлэхээр замдаа хөлдчихдөг. Харин аймагтаа бид хоёр нэрийн барааны дэлгүүртэй бөгөөд үйлдвэрийн үнээр худалдаалж буй 12 худалдааны цэг байдаг.
-Бүтээгдэхүүний нэг онцлог бол үнэ хямд гэсэн. Тэгвэл зах зээлийн үнээс хямд байж чадах уу?
-Бид орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж байгаагийн хувьд ямар нэгэн байдлаар чанартай бөгөөд хямд үнэтэй байлгахыг хичээдэг. Харин нийслэлд бид сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан борлуулдаг учир арай үнэтэй тусах тал бий. Учир нь тээвэрлэлтийн зардал нэмэгдээд, дээрээс нь дэлгүүр хувь нэмдэг.
-Аж ахуйн нэгжийн бүртгэлтэй л бол татвар төлөх нь мэдээжийн хэрэг. Тэгвэл танайх аймагтаа нийт хэчнээн төгрөгийн төсөв төвлөрүүлээд байгаа вэ?
-Сүүлийн зургаан жилийн хугацаанд аймгийн төсөвт хоёр тэрбум 500 мянган төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Мөн аймгийн шилдэг аж ахуйн нэгж, шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарлаа. Бидний эрхэм зорилго бол чанартай, эрүүл хүнсийг ард түмнийхээ гарт өгөх юм. Энэхүү зорилгодоо ч хүрч чадаж байгаа гэж бодож байна.
-Үйлдвэр байгуулагдаад нэлээд олон жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд ямар нэгэн зээл тусламж авч байв уу?
-Яг одоогоор манайх нэг ч төгрөгийн зээл аваагүй. Өнгөрсөн жил Чингис бондоос зээл авахаар төсөлд хамрагдсан. Удахгүй авах байх гэж бодож байна.
-Танай үйлдвэрийн ирээдүйн зорилт юу вэ?
-Бид байгалийн зэрлэг жимсээр хийсэн бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэж, улсдаа төдийгүй олон улсын зах зээлд өөрсдийн брэнд бүтээгдэхүүний нэрийг таниулахыг хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд улам их амжилтыг хүсье
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл Монгол Улсын нийслэлийн төдийгүй 21 аймгийн баялаг бүтээгчдийг үнэ төлбөргүй сурталчилж байгаад бизнес эрхлэгчид бид үнэхээр их талархаж байгаа. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэж байна.
Хүнсний технологич М.Алтанцэцэг
-Үйлдвэрийнхээ хүчин чадлыг танилцуулахгүй юу?
-“Завхан баялаг” ХК нь жилдээ 300 тонн архи, жүүс, ундаа, 300 тонн цэвэр ус, 100 тонн жимсний дарс, 35 тонн чихэр, 30 тонн нарийн боов, 1000 тонн иоджуулсан давс үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн сүүлийн жилүүдэд захын аймгуудад ургадаг байгалийн зэрлэг жимс болох нэрс, чацаргана, үхрийн нүд, чонын элэг, аньс зэрэг жимсийг үйлдвэрийнхээ үндсэн түүхий эд болгон, ард түмэндээ экологийн цэвэр бүтээгдэхүүн хүргэх зорилт тавьж ажиллаж байна.
-Ажиллаж буй боловсон хүчний хувьд?
-Манай үйлдвэрийн нийт ажиллагсдын 15 нь дээд боловсролтой, 22 нь тусгай дунд боловсролтой, 60 гаруй хувь нь бүрэн бус дунд боловсролтой. Мөн технологийн нийт ажилчдын 89 хувь нь өөрсдийн ажилладаг мэргэжлийн сургалт, курс дамжаанд суралцаж байсан. Манайх бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг хянах зорилгоор дотоодын хяналтын лаборатори ажиллуулдаг.
-Нийт хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
-Архи, дарс, жимсний чанамал, жүүс, өтгөрүүлсэн жүүс тус бүр 3-4 нэр төрөл бий. Дээрээс нь иоджуулсан давс, цэвэр ус гэх мэт 20-30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байгаа. Ер нь манай бүтээгдэхүүний 80-90 хувь нь Завхан аймагт ирж буй зочид, төлөөлөгчдөд барьдаг бэлэг болж чаддагаараа бидний бахархлыг төрүүлдэг.
-Худалдааны зах зээлд боломж хэр өндөр байдаг вэ?
-Аймгийнхаа төв болон 21 сумд, мөн Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай аймаг, Улаанбаатар, Эрдэнэт зэрэг хотуудад борлуулалт хийдэг.
-Тоног төхөөрөмж ихтэй харагдаж байна. Гэхдээ гар ажиллагаа ч бас их ордог юм шиг санагдлаа?
-Тийм шүү. Гар ажиллагаа нэлээд их ордог. Харин тоног төхөөрөмжийн хувьд цэвэр ус, архи, иоджуулсан давс зэрэг гар ажиллагаа орох боломжгүй бүтээгдэхүүнүүдэд зохих хэмжээнд ашигладаг.
-Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр хэр анхаарч ажиллаж байгаа вэ?
-Жимс жимсгэнэ болоод ургамлын гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилт тавиад ажиллаж байна. Сүүлийн 1-2 жилийн дотор ургамлын цайг үйлдвэрлэж худалдаанд гаргасан. Борлуулалт ч сайн байгаа.
Чихрийн цехийн мастер С.Бадамгарав
-Үйлдвэртээ хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Энэ үйлдвэрт 17 жил ажиллаж байна. Одоогийн байдлаар дөрвөн төрлийн чихэр үйлдвэрлэж байгаа. Дээрээс нь эрт үеэс уламжилж ирсэн “Сармай дээлт” чихрийг үйлдвэрлэдэг. Мөн амтат, өрөмтэй чихэр, самартай чихэр үйлдвэрлэж байна. Манай чихрүүд чанах, хэвлэх, салгах, өнгөлөх, сэврээх, жинлэх, наах гэсэн долоон үе шатыг дамждаг.
Манай бүтээгдэхүүнүүд бүгд илчлэг ихтэй, химийн бодис ороогүй гэдгээрээ онцлог давуу талтай. Сахарын агууламж ч бага. Сүүлийн үед түүхий эдээ ОХУ-аас оруулж ирж байгаа. Харин цаас, самар, элсэн чихрийг Улаанбаатар хотоос тээвэрлэж авчирдаг. Өдөрт нэг төрлийн 200 килограмм чихрийг үйлдвэрлэх хүчин чадалтай.
"Завхан баялаг" ХК-ийн захирал Г.Түвшинбат - 98989076