“Эрдсүлж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Бэхбаатартай ярилцлаа.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан хувцсыг үйлдвэрлэж буй “Эрдсүлж” ХХК-ийг энэ удаагийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд онцолж байна. Тус компани нь 1991 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2007 онд албан ёсоор “Эрдсүлж” нэрээ авч ажиллаж байгаа юм. Одоогоор эрдэнэт үйлдвэр болон бусад харьяа компаниудын ажлын хувцсыг үйлдвэрлэхийн зэрэгцээ өөрсдийн нэрийн даавууны үйлдвэртэй болохоор зорин ажиллаж байгаа ажээ.
-Анх хэчнээн төрлийн хувцас үйлдвэрлэж байсан бэ. Одоо нэр төрөл нь нэмэгдсэн үү?
-Анх байгуулагдсан цагаас хойш 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоогоор үйлдвэрийнхээ 6000 гаруй ажилчдын хувцсыг захиалгаар оёдог. Манай компани Эрдэнэт үйлдвэртэй жилийн гэрээтэй ажилладаг байгаа. Тиймээс гэрээний дагуу үйлдвэрлэлээ явуулж байна.
-Та бүхэн ажлын хувцас хийхдээ чанарт нь хэрхэн анхаарч байна?
-Ажлын хувцасны олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ гаргадаг. Монголд төдийгүй дэлхийд алдартай үйлдвэр гэдэг утгаараа ажилчдын ажлын хувцасны өнгө дизайн, материалын чанарт их анхаардаг. Ажлын хувцасны загвар болон чанарын талаар үйлдвэрийн ажилчдаас жилд хоёр удаа санал асуулга авдаг юм.
-Үйлдвэрийн хүчин чадлын хувьд. Одоогоор хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Хүчин чадлын хувьд тоног төхөөрөмжийнхөө гуравны хоёрыг ашиглаж байгаа. Бүрэн ашиглахад нөхцөл бололцоо шаардлагатай. Бид зөвхөн эрдэнэт үйлдвэртэй гэрээтэй ажилладаг учраас хувь хүн болон албан байгууллагын захиалга бөөнөөр нь авах боломж гардаггүй. Ер нь жилдээ 10000 гаруй тооны хувцас үйлдвэрлэж байна. Одоогоор 65 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг.
-Нэг ажилтанд хэдэн нормын хувцас олгогддог вэ?
-Үйлдвэрийн ажилтанд өвөл зуны хослол, дотуур хувцас үйлдвэрлэж байна. Дотуур хувцасны хувьд зөөлөн, хөлс нэвчдэг гэсэн стандартаар үйлдвэрлэдэг. Өвөлдөө дотуур хослол, зуны цагт подволкийг нормын дагуу тараадаг.
-Материал түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Түүхий эдээ урд, хойд хоёр хөршөөс татдаг. Ажлын хувцас нь хөвөн даавуун байх ёстой гэсэн шаардлага бий. Үйлдвэрийн ажилтан ажлын хувцаснаас шалтгаалаад ямар нэгэн осолд өртөх, гэмтэхээс сэргийлсэн материалаар бид хувцсаа хийж байгаа. Ер нь өнгөрсөн 24 жилийн хугацаанд ажлын хувцаснаас шалтгаалан осол аваарт орсон ажилтан байхгүй шүү.
-Танай компани үйлдвэрлэлдээ ямар тоног төхөөрөмж ашиглаж байна?
-Бид жил болгон хөрөнгө оруулалтаа эргэлдүүлж тоног төхөөрөмжөө шинэчлэхийг хичээдэг. Мөн ойрын гурван жилийн хугацаанд компанидаа даавуу үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Энэ талаар Япон, БНСУ, БНХАУ-ын түншүүдтэй ярьж байна. Мөн ойрын хугацаанд орчин үеийн хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр шинэчлэн бараа бүтээгдэхүүнээ экспортод нийлүүлэх зорилт тавьж байна.
Даавууны үйлдвэртэй болчихвол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд их нэмэртэй болох нь ээ?
Тийм шүү. Материалаа гаднаас татахад хил гаалийн татвар, хол зам туулж ирэх гэхчлэн хүндрэл их гардаг. Тиймээс яагаад монголд даавуу үйлдвэрлэж болохгүй гэж санаа төрсөн. Одоогоор бид үйлдвэрлэлээ түшиглээд бага хэмжээний даавууны цех байгуулж, ажлын хувцасныхаа даавууг өөрсдөө үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө судалж эхэлсэн байгаа.
-Боловсон хүчнээ хэрхэн бэлтгэж авдаг вэ?
-Эрдэнэт хотын сургалт үйлдвэрлэлийн төвд цөөн тооны жилдээ 20 орчим хүнийг бэлддэг. Зарим хүмүүс би оёдолчин гэж ирсэн хэрнээ хүссэн хэмжээнд ажиллаж чаддаггүй юм. Тиймээс манайх мэргэжлээрээ олон жил ажилласан туршлагатай боловсон хүчнийг авахын тулд үйлдвэртээ шалгаруулалт явуулдаг.
-Оёдлын үйлдвэрт ихэвчлэн эмэгтэй хүмүүс ажилладаг. Харин эдгээр ажилчдынхаа нийгмийн асуудалд чиглэсэн ажил үйлчилгээ хэр явуулдаг вэ?
-Манай ажилчдын 90 орчим хувь нь эмэгтэй хүмүүс байдаг. Нэг ээлжээр найман цаг ажилладаг учраас ар гэрийн амьдралаа зохицуулахад хүндрэл учирдаггүй. Гэсэн ч бид өрх толгойлсон эмэгтэйчүүд болон ажилчдынхаа нийгмийн асуудлыг анхаарч төсөв төлөвлөгөөндөө оруулж, ажил хэрэг болгохыг хичээдэг.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
М.Цацрал