“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг хойморт орших хийморь нутаг болох Сэлэнгэ аймагт өнгөрсөн долоо хоногт ажиллаа. Ард түмэн нь ажилсаг, өрх бүр нь үйлдвэрлэгч тус аймгийн хэд хэдэн баялаг бүтээгчидтэй уулзаж,бичил бизнесийг нь үнэ төлбөргүй сурталчилсан билээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай ярилцлаа.
- Сар шинийн өдрүүдэд Алтанбулаг хилийн боомтын ачаалал нэмэгдсэн. Энэ талаар ОХУ-ын Буриад Улсын Ерөнхийлөгчтэй уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар ямар асуудлыг шийдсэн бэ?
- Сүүлийн үед ОХУ-д рублийн ханш унасан, хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулаг хилийн боомтын ачаалал эрс нэмэгдсэн. Хугацааны хувьд хоёрдугар сарын 7-ны өдрийг хүртэл ачаалал нэмэгдсэн. Хамгийн гол нь хил дээр ажиллаж байгаа хил хамгаалал, мэргэжлийн хяналт, гадаадын харьяат зэрэг байгууллагууд уулзаж ярилцсанаар долоо хоногийн дотор энэ асуудлыг хэвийн болгосон. Оросын тал хилийн нэг зурвастай байсан. Журмын дагуу нэг машинд 15 минут зарцуулна гэж заасан байдаг. Энэ нь цагт дөрвөн машин явж буй нь хүндрэл үүсгэсэн. Тиймээс бид ачааны, автобус ,зорчигчийн гэсэн гурван чиглэлээр зохицуулалт хийлээ. Харин цаашид эрх зүйн орчныг нь хэрхэн зохицуулах вэ гэдгийг Буриадын Ерөнхийлөгчтэй ярилцаж тохиролцлоо.
Хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог болсноор Алтанбулаг хилийн боомтын ачаалал эрс нэмэгдсэн
- Аливаа асуудлыг шийдэхэд цаг хугацаа чухал. Тэгвэл Алтанбулагийн хилийн боомт дээр үүсээд буй асуудлыг шийдэхэд тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг Буриадын Ерөнхийлөгч хэлж байсан?
- Монголын талаас харьцангүй гайгүй. Оросын талаас уялдаатай ажиллаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хилийн цэрэг болон гаалийнхан нь хоорондоо ойлголцдоггүй. Алтанбулагийн хилийн боомт дээр манай талаас дөрвөн байгууллага ОХУ-аас гурван байгууллага ажилладаг. Тиймээс цаашид эдгээр байгууллагуудын харилцан уялдааг сайжруулах талаар ярилцлаа. Буриадын талаас дангаараа бие дааж шийдэх асуудал байхад заавал Москватай ярилцан шийдэх асуудал ч мөн байдаг. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн иргэдийг цагаан хуудсаар хил гаргадаг. Тэдгээр иргэд хил гарч хэрэгтэй зүйлсээ худалдаж аваад тодорхой хувь нэмж борлуулдаг. Ингэж л иргэд амьдралаа залгуулж байна. Гэтэл ОХУ-ын хил гаалийн ажилчид зарим тохиолдолд манай улсын иргэдийг оруулдаггүй. Энэ нь эдгээр хүмүүсийн эрхэнд халдаж байгаагийн илрэл. Түүнчлэн иргэд Улаан-Үүд рүү машинтайгаа явж байхад замын цагдаа, хил хяналтынхан бичиг баримтыг нь шалгадаг. Орос хэл дээр бичсэн албан тэмдэглэл нэхдэг. Мөн хоёрхон хоноод ирэхийн хооронд урт хугацааны даатгал шаарддаг гэх мэт хүндрэлтэй асуудлууд байна. Эдгээрийг анхааралдаа авахыг Буриадын Ерөнхийлөгчөөс хүслээ.
ОХУ-ын хил гаалийн ажилчид зарим тохиолдолд манай улсын иргэдийг оруулдаггүй
- Сэлэнгэ аймаг Буриад улстай олон талт харилцааг хөгжүүлсээр ирсэн. Цаашид ямар ажлуудыг хамтарч хийхээр төлөвлөж байна?
- Буриад Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнгөрсөн арваннэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн удирдлагууд тус улсад айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон эдийн засгийг өргөжүүлэх асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж тохиролцоонд хүрсэн. Одоогоор хоёр талаас ажлын хэсэг гарч шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн ойрын хугацаанд Буриад руу мах гаргах асуудлыг ярилцсан. Мэдээж үүнийг Сэлэнгэ аймаг дангаараа шийдэхгүй. Яамтайгаа ярилцана. Түүнчлэн хил орчмын худалдааг өргөжүүлэх шаардлагатай. Үүнийг дагаж жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах нь чухал. Хашаандаа үйлдвэрлэл явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчилж чаддаггүй. Тиймээс Улаан-Үүдийн ойр орчимд ажиллаж амьдардаг иргэдийг Сэлэнгэ аймагт аялуулах шаардлагтай. Үүнийг дагаж Сэлэнгэчүүд брэнд бүтээгдэхүүнээ сурталчилах цогц арга хэмжээ авахаар зэхэж байна. Түүнчлэн “Эм мод”-ны наадмыг Сэлэнгэ аймаг Буриад улсын хооронд зохион байгуулахаар боллоо. Энэ үеэр хоёр улсын зан заншил, урлаг соёл, бараа бүтээгдэхүүнээ харилцан сурталчилах юм. Тус наадмыг зургадугаар сард экспо болгон зохион байгуулахаар тохиролцлоо.
Ойрын хугацаанд Буриад руу мах гаргах асуудлыг ярилцсан
“Эм мод”-ны наадмыг Сэлэнгэ аймаг Буриад улсын хооронд зохион байгуулахаар боллоо
- Сэлэнгэ аймагт жижиг дунд үйлдвэрлэл хэр хөгжиж байна. Оросын зах зээлд ямар брэнд бүтээгдэхүүнийг гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ?
- Сүүлийн жилүүдэд “Сэлэнгэд үйлдвэрлэв” гэсэн арга хэмжээг зохион байгуулсаар ирлээ. Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх жижиг дунд үйлдвэрлэгчид оролцдог. Харин цаашид Сэлэнгэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бусад аймгуудад сурталчилна. Энэ хүрээнд өнгөрсөн жил Орхон аймагт зохион байгуулсан. Сэлэнгэ аймагт төрөл бүрийн хүнсний ногоо тариалах болон жимсний аж ахуй хөгжиж байна. Мөн зөгийн бал манай аймгийн брэнд бүтээгдэхүүний нэг. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг Оросын зах зээлд гаргахын тулд Буриад улсын хил орчмын дүүргүүдэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ганц бэрхшээл байдаг. Бүтээгдэхүүнээ борлуулах зохион байгуулалттай нэгдсэн сүлжээ дутагддаг. Хэрэв тэдний үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол борлуулалтыг дэмжих нь зүйтэй.
Бүтээгдэхүүнээ борлуулах зохион байгуулалттай нэгдсэн сүлжээ дутагддаг