Эрдэнэт хотод үйлдвэрлэл эрхэлж буй “Орда заах хошуу” компанийг энэ удаагийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” буландаа онцолж байна. Тус компани нь үүсгэн байгуулагдаад 17 жилийн нүүрийг үзэж байгаа юм. Анх подвалийн жижиг өрөөнөөс гараагаа эхэлж байсан ч одоо өөрийн гэсэн байртай болж өргөжин, Эрдэнэт хот төдийгүй зэргэлдээх сумдадаа бүтээгдэхүүнээ түгээдэг болжээ. “Орда заан хошуу” ХХК-ийн ерөнхий захирал Д.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Компаниа үүсгэн байгуулж байсан түүхээс хуваалцаач? Яагаад заавал нарийн боовны зах зээлийг сонирхох болсон бэ?
-Тэртээ 1998 онд хоёр өрөө подвалийг тохижуулан “Орда” нэртэй үрлэн чихрийн цехийг нээж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед өнгөт үрэл, үзэмтэй үрэл гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан. “Орда заан хошуу” ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний амт чанар нь хэрэглэгчдэд таашаагдаж байсан учир чамлахааргүй ашигтай ажилласан. Үүний үр дүнд 2002 оноос хувийн ажлын байр худалдан авч долоон хүнийг ажлын байраар хангаж, самартай, сүүтэй үрлийг үйлдвэрлэж, нэр төрлөө олшруулсан. Ингээд Эрдэнэт хотын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээс гадна Улаанбаатар хотын хэрэглэгчдэд вагоноор зөөж борлуулдаг болсон. Гэвч 2005 оноос хойш импортоор маш олон төрлийн чихэр зах зээлд нийлүүлэх болсноор бүтээгдэхүүний борлуулалт буурч эхэлсэн. Иймд 2006 оноос үйлдвэрийнхээ чиглэлийг өөрчлөн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон юм. Анх 200 кг гурилан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг байсан ч үйлдвэрлэсэн гурилан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид таашаан хүлээж авснаар борлуулалт маань нэмэгдэж, 2009 оноос албан ёсоор “Орда Заан Хошуу” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
-Хэрэглэгчдийн таашаалд хамгийн их нийцдэг бүтээгдэхүүн гэвэл?
-Ер нь манайхаас гарч байгаа бүтээгдэхүүн бүр худалдан авагчдын сэтгэлд нийцдэг болов уу. Сүүлийн үед манайх хэвийн боов үйлдвэрлэж байгаа нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд их нийцэж байгаа шүү.
-Мэдээж хэрэг Эрдэнэт хотод нарийн боовны үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагууд олон бий. Эдгээрээс танай бүтээгдэхүүний ялгарах давуу тал юу вэ?
-Манай үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд амтлаг бөгөөд чанартай. Мөн давс, сахар зэргийг амт чанарт нь нөлөөлөхгүйгээр аль болох бага ашиглахыг хичээж байгаа. Хүний биед гаж нөлөө байхгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг манай компани үйлдвэрлэж байна. Манайх хэрэглэгчдийг хаанд өргөмжилөн, хэрэглэгч нар ямар бараа бүтээгдэхүүн авах сонирхолтой байна тэр бүгдийг үндэслэж үйлдвэрлэлээ явуулдгаараа давуу талтай.
-Материал түүхий эдээ хаанаас татдаг вэ?
-Үндэснийхээ брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа “Тэсо”, “Алтан тариа”, “Эрдэнэт гурил” гэх мэт үйлдвэрүүдээс авдаг.
-Өдөрт хэчнээн хэмжээний нарийн боов үйлдвэрлэх хүчин чадалтай вэ. Борлуулалтаа хаагуур хийх үү?
-Эрдэнэт хот болон ойролцоо Булган, Дархан, Хөтөл зэрэг газруудаар борлуулалтаа хийдэг. Одоогоор борлуулалтаасаа шалтгаалаад үйлдвэрлэлээ явуулж байна. Борлуулалт сайн үед өдөрт 1000 тн бүтээгдэхүүн гаргадаг. Харин одоогоор өдөрт 700-800кг үйлдвэрлэж байна.
-Хүнсний салбарт ажиллаж буй ажилчдын эрүүл ахуй нэн тэргүүнд хөндөгддөг. Ер нь ажилчид руугаа чиглэсэн нийгмийн ажил хэр явуулдаг вэ?
-Мэргэжлийн хяналтын алба, стандарт хэмжил зүйн төвтэй нарийн графикийн дагуу холбогдож, бүх төрлийн шинжилгээнд хамрагддаг. Манайх одоогоор 20 гаруй ажилчинтай. Бид ажилчдынхаа нийгмийн асуудлын нэн тэргүүнд тавьж ажилладаг. Сүүлд гэхэд хоёр ажилчиндаа байр барьж өгсөн. Гурван ажилчныхаа зуны байшинг өвлийн болгож засварлаж өгсөн байгаа. Мөн ажилчдынхаа эрүүл ахуйг хянах үүднээс эрдэнэт хотын эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд хамтран манай байгууллага дээр эмнэлгийн үзлэг сургалтуудыг 10 хоногийн хугацаатай явуулж дууссан.
-Цаашид нарийн боовноос гадна өөр чиглэлээр ажиллах бодол байгаа юу?
-Зах зээлийн худалдан авах чадвар нөхцөл бололцоо сайжирвал өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах бодол байна.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.