Үндэсний үйлдвэрлэгчдийн нэлээдгүй хувийг талх, нарийн боовны үйлвэрлэл эрхлэгчид эзэлдэг байна. Манай төслийн баг Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг "БАБУБ" ХХК-г энэ удаа онцоллоо.
Ингээд тус үйлдвэрийн захирал П.Алтанцэцэгтэй уулзсан юм.
-Үйлдвэрийнхээ талаар танилцуулах уу?
-Манай компани 2001 онд анх байгуулагдсан. Би өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад өөрөө бас бүтээгдэхүүн үйлдвэрлэж зарвал зүгээр санагдаад бага багаар талх, нарийн боов хийж эхэлсэн. Тэгээд түүнээсээ улбаалан үйлдвэр байгуулж, одоогоор 20 гаран ажилчинтайгаар орон нутгийнхаа талх, нарийн боовны хэрэгцээний 40-50 хувийг хангаж байна.
-Үйлдвэрээ байгуулахад ямар нэг зээл тусламжид хамрагдаж байв уу. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад бэрхшээлтэй болон давуу талууд юу байдаг бол?
-Анх 2002 онд 600 мянган төгрөгний зээл авч үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Түүнээс хойш өөрийн боломжоороо үйлдвэрлэлээ явуулж байна. Бэрхшээлийн хувьд мэдээж байлгүй яахав. Тэгсэн ч түүнийг даван туулж байж л амжилтанд хүрнэ шүү дээ.
Давуу тал гэвэл өдөр бүр шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь хүргэдэг учраас хэрэглэгчид таашаан хүлээж авдаг. Харин хэцүү зүйл нь зах зээл багатай. Тэгэхдээ хадгалалт удаантай зарим нэг бүтээгдэхүүнээ нийслэл болон зүүн бүсийн аймгууддаа борлуулах боломжтой байдаг. Манайх 2013 оноос хойш Хятадын үзэсгэлэн яармагт жилдээ 3-4 удаа оролцдог болсон. Тэнд манай бүтээгдэхүүнийг жинхэнэ органик гэдэг утгаараа маш их сонирхож худалдаж авдаг.
-Бүтээгдэхүүний онцлог нь юу байна. Борлуулалт хэр байдаг вэ?
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд технологи тоног төхөөрөмж маш чухал байдаг. Бид зүүн бүсийн хэмжээнд анх удаа европын тоног төхөөрөмжийг оруулж ирж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэ нь 200 төрлийн нарийн боов үйлдвэрлэх программ суулгагдсан, гар ажиллагаа бараг байхгүй учраас хөдөлмөрийн бүтээмж маш өндөртэй. Бид нар одоогоор дөнгөж 20 гаруй төрлийн 800 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Явцын дунд машиныхаа тоог нэмж чадвал 200 төрлийн программаа бүгдийг нь ашигладаг болно.
Борлуулалтын хувьд тухайн өдрийнхөө борлуулалтаас шалтгаалан нэг тонн хүртэл үйлдвэрлэх боломжтой. Сард 30 гаран сая төгрөг, борлуулалт муу үедээ 25-26 сая төгрөгний бараа бүтээгдэхүүн борлуулдаг.
-Бүтээгдэхүүнийхээ төрөл, амт чанарыг шинэчлэх сайжруулах тал дээр эрэл хайгуул хэр хийдэг вэ?
-Одоогийн зах зээлд хүмүүс арай тансаг хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй болж. Тэр тал дээр илүү их анхаарч хайрцаг сав, баглаа боодлыг сайжруулах, хүмүүсийн эрүүл мэндэд ээлтэй, болон ямар нэг дэглэм барьдаг хүмүүст зориулсан бүтээгдэхүүнүүдийг гаргаж байна. Үүнд төрөл бүрийн хоолны шингэц сайжруулах бүтээгдэхүүн, зөгийн балтай печень, хөх тарианы талх гэх мэт нэлээд хэдэн бүтээгдэхүүнийг дурдаж болно.
-Танай бүтээгдэхүүнээс хэрэглэгчдэд хамгийн их хүрсэн ямар бүтээгдэхүүн байдаг вэ. Түүхий эдээ хаанаас авдаг уу?
-Хамгийн их хэрэглэгчдэд хүрсэн бүтээгдэхүүн бол Улаанбаатар хотод мөн орон нутгийн бусад аймаг, гадаадын зах зээлд борлуулж байгаа зөгийн балтай жигнэмэг байна. Энэ жигнэмэгийн үндсэн түүхий эд нь өндөг, гурил, масло, сахар, зөгийн бал гэсэн таван зүйлээс бүтдэг. Үүнээс гурил, өндөг, зөгийн бал гэсэн гурван түүхий эдийг нь орон нутгаасаа нийлүүлдэг.
Ер нь үндсэн түүхий эд болох гурилаа аймгаасаа авдаг. Монголд сахар, маргарин, масло үйлдвэрлэдэггүй учраас Оросоос оруулж ирдэг. Бусад зүйлсээ орон нутгаас авдаг. Баяжуулсан бүтээгдэхүүн авахдаа. Орос, Франц, Германы хамтарсан “Стратус” гээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлдэг компанитай хамтарч ажилладаг.
-Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?
-Манайх нутгийнхаа байгууллагуудтай байнга хамтран ажиллаж, тухайн үед нь зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанд тогтмол оролцдог. Мөн жижиг дунд үйлдвэрийн төслийн зээлд 2011 онд хамрагдаж ажлын байрандаа 200 мкв өргөтгөл хийж, өөрийн бүтээгдэхүүнээ борлуулах бөөний төвтэй болсон. Цаашдаа ч жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүдэд хамрагдаж ажиллана.
-Цаашдын зорилго юу вэ?
-Бид тухайн үедээ байгаа боломждоо тааруулан үйлдвэрлэл явуулж байсан ч 2016 онд стандартын шаардлага хангасан үйлдвэрийн байртай болж, үйлдвэрлэлээ улам бүр өргөжүүлнэ гэж төлөвлөөд байгаа.
Үйлдвэрийн технологич
-Энэхүү шинэ технологийнхоо ажиллах зарчмыг танилцуулах уу.
-Эхлээд уусмалаа бэлдээд гурилаа зуурна. Бэлдсэн зуурмагаа машиндаа хийж комьпютерт ямар төрлийн бүтээгдэхүүн хийх гэж байна, түүнийгээ сануулж тохиргоогоо хийнэ. Ингээд машинаас хэвлэж гарсан бэлдмэлээ шарах шүүгээндээ хийж болгоно. Энэ машин маань нэг удаадаа 15 кг орчим бүтээгдэхүүн гаргадаг.
Бүтээгдэхүүнийхээ жорыг интернетээс хайж, мөн энэ машины бэлэн ирсэн жорыг өөрсдийнхөөрөө баяжуулж гаргадаг. Италийн брэндийн энэхүү машин маань өөрөө 200 гаруй төрлийн бүтээгдэхүүн гаргах тохиргоотой. Тэгэхдээ бид одоогоор дөнгөж 20 гаруй төрлийг нь л ашиглаж байна. Цаашдаа бүх төрлөөр нь ашиглах зорилготой.
"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн багийнхан ийнхүү Дорнод аймаг дахь "БАБУБ" Хүнсний үйлдвэрээр аялаж, тэдний бүтээгдэхүүний амт чанар, сүүлийн үеийн шинэ технологитой танилцлаа. Хаа байсан нийслэлээс ирж хийж бүтээж буй бүхнийг нь ийнхүү үнэлж, Монгол улсын өнцөг буланд байгаа олон үйлдвэрлэгчдийн хамтаар баялаг бүтээгчээр онцолж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэ төлбөргүй сурталчилж өгч байгаад тус үйлдвэрийн хамт олон баярласанаа илэрхийлж байлаа.