“Масс” агентлагийн санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг төрийн байгууллагууд талархан хүлээн авч, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны дарга С.Дэмбэрэлтэй уулзаж, баялаг бүтээгчдэд тулгарч буй бэрхшээл, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-“Масс” агентлагийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг хэрэгжүүлж нийслэл, орон нутаг цаашлаад хилийн чанадад байгаа баялаг бүтээгч монголчуудынхаа хийсэн зүйлийг сурталчилан, дэмжих ажлыг эхлүүлсэн?
-Танай төслийн талаар мэдээллийн бүх сувгаар ярьж байна. Би дэмжиж баялаг бүтээгчдийнхээ ажилтай танилцаж байгаа.
-Монгол Улсын хөгжилд үндлэсний баялаг бүтээгчид гол үүрэгтэй. Та УИХ-ын гишүүнээс гадна Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хорооны даргын алба хашиж байгаа. Ямар төрлийн жижиг дунд үйлдвэрийг түлхүү дэмжих вэ. Энэ жил баялаг бүтээгчдийг дэмжиж хэдэн төгрөг төсөвт суулгасан бэ?
-Баялаг бүтээгч иргэдээ дэмжих талаар Засгийн газар олон зүйл хийж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг (ЖДҮ) дэмжих сантай. Тэндээс санхүүгийн эх үүсвэрээ авч иргэд зээл авдаг. Гэхдээ дан ганц энэ сангаар дамжуулж баялаг бүтээгчдийг дэмжээд хөгжүүлнэ гэвэл хүрэлцэхгүй, боломжгүй. Хэдийгээр 2014, 2015 онд эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч жижиг дунд үйлдвэрийг дэмжих үүднээс төсөвт 70 тэрбум төгрөг суулгасан. Өмнө нь өгсөн зээлийг оруулахаар нийтдээ 200-300 тэрбум төгрөгт эргэлдэж байгаа. Энэ зээлийг хэн, ямар замаар авч байна, эргэн төлөлт ямар байгаа вэ гэдгийг хуулиар зохицуулах, арга механизм сайнгүй байна. Тиймээс танай агентлагтай хамтран ирэх сарын 14-нд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулган зохион байгуулах гэж байна.
-Чуулганы тов гарчээ. Баялаг бүтээгчдээс гадна төрийн болон үндэсний томоохон компаниуд энэ чуулганд оролцох уу?
-Та бүхний сурвалжлан бэлтгэсэн баялаг бүтээгчдийн төлөөлөл оролцоно. Аймаг бүрээс 3-4 хүн, нийслэлийнхэн нэмэгдээд 500 гаруй хүн байх бололтой. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яам, Монголбанк, МҮХАҮТ хамтран зохион байгуулж, оролцох юм. Чуулганаар олон чухал асуудлыг хэлэлцэх болно. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй нийтлэг бэрхшээлийг бид мэдэж байгаа. Тэдний алдаа оноо, зовлон жаргалыг төр сонсдог ямар механизм байгааг бид судлах ёстой. Чуулганаар хамтран ярилцаад зөвлөмж гаргана. Ингээд ЖДҮ-ийн хууль, ЖДҮ-ийг дэмжих сангийн хууль, Татварын хууль гэх мэт хэд хэдэн хуульд ямар өөрчлөлт оруулах талаар саналаа солилцож нэгтгэнэ.
Танай сайтад гаргасан ярилцлагаас олж уншлаа. ЖДҮ эрхлэгчдэд зээл олгохдоо 199 хүнийг ажлын байраар хангасан байх ёстой, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байх ёстой гэх мэт шалгуур тавьдаг юм байна. Судалгаанаас хараад үз л дээ. Үйл ажиллагаа эрхэлдэг 70 мянган баялаг бүтээгчдийн дөнгөж талаас бага хувь нь нэг тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байх жишээтэй. Гэтэл банк тийм өндөр шалгуур тавьж буй нь тэдэнд дарамт бололгүй яахав. Банкны хүү, шалгуур өндөр гээд банкгүйгээр ажил явахгүй. Тэгхээр бид яаж хамтран ажиллах ёстойг бас шийдэх юм. Одоо бол танил талтай, аз таарсан хүмүүс нь зээл авдаг, ажил хийе гэсэн хүмүүст хүртээмж муутай байна. Энэ байдлыг яаж өөрчлөх талаар баялаг бүтээгчидтэйгээ ярилцах хэрэгтэй.
Том компани жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн туслан гүйцэтгэх гэрээ нь энэ салбарыг хөгжихөд чамгүй үүрэгтэй шүү
-Олон баялаг бүтээгчтэй уулзлаа. Тэд импортын адил төрлийн бараа бүтээгдэхүүнийг хязгаарлаж болох талаар санал бодлоо хэлж байна. Тэд чанартай сайн оймс хийгээд 1500 төгрөгөөр зарж байхад Эрээнээс муу оймсыг маш олноор нь оруулж ирээд 1000 төгрөгөөр зарж буй нь тэдний борлуулалтанд шууд нөлөөлөх нь гарцаагүй?
-Таны ярьдаг үнэн. Энэ тухай олон жил ярьж байна. Монголын компаниуд олон жил импортын өрсөлдөөн дунд амьдарч ирсэн. Гэхдээ импортын бүх адил төрлийн бараа бүтээгдэхүүнийг хааж зогсоогоод цааш хөгжинө гэдэг байж боломгүй хэрэг. Тухайн улс орны гарцаагүй хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаа бол импортыг хориглож болохгүй шүү дээ. Гэхдээ бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд үүнийг гааль тарифын бодлогоор зохицуулах боломж бий. Импортын татвар, гаалийн болон гаалийн бус аргаар тоог тогтоох гэх мэт арга байж болно. Энэ тухай бид яг одоо ярилцаж байна. Удахгүй УИХ-ын чуулганаар ярилцаж шийдэх болно.
Манай ЖДҮ эрхэлж буй хүмүүс борлуулалт хүнд байгааг хэлдэг. Төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авах хувь тогтоож өгөх замаар асуудлыг шийдэж болно. Засгийн газрын бараа бүтээгдэхүүн худалдан авах хуульд тусгагдах ёстой. Мөн Жижиг дунд үйлдвэрийн хуульд тусгах ёстой. Хуульд тусгаж байж л амьдралд хэрэгжинэ шүү дээ.
-Төрийн нэрийн өмнөөс баялаг бүтээгчдэд ирж буй дараагийн нэг дарамт бол хяналт шалгалт. Групп, том компани, аж ахуйн нэгжийг ямар шалгуураар, хэдэн удаа шалгах ёстой гэсэн ялгаа байдаггүй бололтой?
-Энэ асуудлаар би бүтэн сар суугаад судалж байна. Татварын ерөнхий хуульд ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй дарамт гэж таны яриад байгаа зүйл заалт болоод орчихож. Эрсдэлд суурилсан хяналт шалгалт гэж толгой дарааллан шалгаж байна. ЖДҮ эрхлэгчид хялбаршуулсан нягтлан бодох бүртгэлтэй, стандартаа мөрдөж ажиллах заавар зөвлөгөө өгөөд, байнга шалгаад нягтлаад байдаггүй байхад болох юм. Дурын хүн очоод дарамт шахалт үзүүлдэггүй орчин бүрдүүлэхэд Татварын ерөнхий хууль, Хяналт шалгалтын хуулийг бид судалж өөрчлөх хэд хэдэн зүйл заалт байгааг тогтоолоо. Удахгүй энэ хуулийг өөрчлөхөөр орчин сайжирна. Дэлхийн бусад оронд шударга өрсөлдөөний орчин бий болгоод явж байгаа ч яагаад ЖДҮ эрхлэгчдээ тусад нь авч үзээд байна вэ. Энэ их энгийн зүйл л дээ. Тэд хамгийн их ажлын байр бий болгодог. Их хэмжээний татвар төлдөггүй ч өртөг нэмэгдүүлж байдаг. Долдугаар сарын 1 гэхэд бид орчноо сайжруулж, элдэв төрлийн хяналт шалгалтаас ангид, эдийн засгийн таатай нөхцөлд ажлаа хийх боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. Одоо бол баялаг бүтээснийхээ төлөө дарамт шахалтад орох хандлагатай байгаа шүү дээ. Энэ орчинг л өөрчлөхөөр зорьж байна.
-Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчид боломжийн зээл авдаг юм байна. Харин нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид тэр бүр зээл олгохгүй, шалгуур өндөртэй байгааг өөрчлөх боломж байна уу?
ЖДҮ эрхлэгчдэд зориулсан тендер гэж тусдаа байвал шударга өрсөлдөөнийг бий болгож чадна.
-Таны асуусан зүйл бодит амьдралд байгаа зүйл л дээ. Нийслэл маань өөрөө их мөнгө байхгүй учир таван тэрбум төгрөг гаргаад ЖДҮ эрхлэгчдэдээ зээлж байна. Үнэндээ энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Үйлдвэрлэл явуулах цикль нь өөрөө их урт байдаг юм. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ гэдгийг ярилцаж байна.Эхний ээлжинд сангийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн нийслэлд оногдох хэсгээ өсгөөд шалгуур үзүүлэлтээ суллах шаардлагатай байна.
-Нийслэлд оёдлын үйлдвэр цөөнгүй байдаг. Тэд томоохон тендерт оролцож ажил авах гэхээр цүнхэндээ үйлдвэртэй, танил талтай хүмүүс авчихдаг тухай ярьж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой юм бэ?
-Тендерээр амьдардаг, цүнхэндээ үйлдвэртэй хэсэг бүлэг хүмүүс аль ч салбарт бий, бид харж байна. Энэ эрүүл бус үзэгдлийг өөрчлөхийн тулд Засгийн газрын Худалдан авах ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тэр хуульд үндэсний үйлдвэрлэгчдээ түлхүү дэмжинэ гэж тусгасан. Энэ зүйл заалтыг ашиглаад хууль бусаар мөнгө ологсод олон болж. ЖДҮ эрхлэгчдэд зориулсан тендер гэж тусдаа байвал шударга өрсөлдөөнийг бий болгож чадна.
-Баялаг бүтээгчдэд тулгарч буй нэг зовлон бол боловсон хүчний асуудал байдаг юм байна. Европын оронд ЖДҮ-ийн салбарт ажиллах хүний бэлтгэж өгдөг. Тэгэхээр энэ асуудлыг төр хариуцаад явах боломж байна уу?
-Хэдхэн жилийн өмнө бид барилгачин, гагнуурчин, засварчингаа бэлтгэж чадахгүй байсан. Нэг үеэ бодвол Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд боловсон хүчин бэлтгэж эхэлсэн. Хөдөлмөр хийж байгаа хүн сахилга баттай байх ёстой биз дээ. Яагаад хятад ажилчдыг манай компанийнхан ихээр авч байна вэ. Тэд хөдөлмөрийн сахилга баттай, архи уухгүй, хулгай хийхгүй байна. Харин монголчууд архи ууж, ажлаа тасдаж, хулгай хийх нь ажил олгогчдод дарамттай биз дээ. Зам засаж буй хүмүүс тамхилаад суугаад л байдаг дүр зургийг бид жил бүр л хардаг. Гэтэл иргэд нь нөгөө урсгалаар нь түгжирч, багтаж ядаад бөөн бухимдал болоод явж байх жишээтэй. Манай хүмүүс тогтвортой ажиллах тухайд нүүдлийн шувуу шиг л байна. Тийм байж болохгүй шүү дээ. Хөдөлмөрийн хуульд ажил олгогчдыг дорд үзсэн, ажилчдыг өргөсөн эрх зүйн тэгш бус харилцааг заасан хуультайг ажил олгогчмд байнга хэлдэг. Тэгэхээр тухайн хүний тухай регистрийн цахим мэдээлэлтэй болох шаардлага гарч байгаа юм.
Том компаниуд дадлага хийх боломж олгоод өөрсдөө хүнээ бэлтгэн авдаг. Энэ үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй.
-Дэлхийн бусад оронд том компанийнхаа ханган нийлүүлэгч байдлаар жижиг дунд үйлдвэр нь хөгждөг. Манай баялаг бүтээгчид чанартай сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч хэдий болтол дан дангаараа явах юм бэ. Нэгдэж нийлээд ажиллавал илүү үр дүнд хүрэх нь гарцаагүй?
-Бусад оронд таны асууж байгаа асуудлыг Туслан гүйцэтгэгчийн гэрээгээр зохицуулдаг. Өөрөөр хэлбэл том компани нь жижгүүдээ ажлаар хангаад хамтдаа хөгждөг. Энэ зохицуулалт манай улсад байхгүй биш байгаа л даа. Оюутолгой жил бүр ханган нийлүүлэгчдийн баяр гэж хийдэг. Энэ нэг жишээ юм. MCS групп энэ зарчмаар ажиллаж өөрийн группийн харьяалалгүй олон жижиг компанид захиалгаар бараа бүтээгдэхүүнээ хийлгэдэг. Бид том компаниудаа олигархи гэж нэрлээд ад үзээд байдаг. Үнэндээ жижиг үйлдвэр, баялаг бүтээгчдээ дэмжиж буй тэр хүмүүсээ урамшуулж, татвараас хөнгөлдөггүй юм гэхэд дарамт шахалтаа багасгаж, татварын бус аргаар урамшуулдаг байх хэрэгтэй. Том компани жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн туслан гүйцэтгэх гэрээ нь энэ салбарыг хөгжихөд чамгүй үүрэгтэй шүү. Японы компаниуд том үйлдвэр нээхэд жижиг компаниуд нь туслан гүйцэтгэгчээр ороод ирдэг. Ингээд л хамтын хүчээр ажил нь урагштай байх жишээтэй.
-Бидний хамтран зохион байгуулах баялаг бүтээгчдийн чуулган амжилттай болж, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар төрийн бодлогод хүрэх болтугай.
-Тийм шүү. Энэ чуулгандаа дан ганц ЖДҮ эрхлэгчдийг оруулах бус том компаниудыг урих бодол байна. Тэндээс мэдээлэл солилцож хамтын ажиллагаа нь өргөжинө гэдэгт итгэлтэй байна.