Эсгийний үйлдвэрлэл эрхлэгч компани болон хувь хүмүүс өдгөө олон болсон. Харин тэр дундаас чанар, эдэлгээгээрээ бусдаас давуу байж ялгагдах нь тэдний гол зорилго. Тэгвэл Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Монгол өргөө” эсгийний үйлдвэр өдгөө зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж, сумандаа төдийгүй аймаг дамнан бүтээгдэхүүнээ борлуулж, байнгын худалдан авагчтай болсон аж. “Баяншим өргөө” хоршооны дарга дарга Л.Батчимэгтэй ярилцлаа.
- Хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
- Энэхүү эсгий үйлдвэрлэлийн ажлаа 2010 оны тавдугаар сараас эхэлж явуулаад өдгөө зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 2012 оноос хоршооны үйл ажиллагаанд орсон. Одоо найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна даа.
- Эсгий хэдэн шат дамжлагаар, хэрхэн бий болдог вэ?
- Түүхий эд материалаа бид малчдаас захиалгаар авдаг. Мөн үүний хажуугаар өөрсдөө худалдаж авдаг. 4-5 шат дамжлага дамжиж эсгий бэлэн болдог юм. Эхлээд ноосоо ялгаад дараа нь сэгсрээд, тэгээд самнаад, самнасан ноосоо зулаад түүнийгээ усалж барбондоо хийж чанадаг. Тэгээд түүнийгээ гаргаад жишиж, тэгшлээд дахиж чанаад эцсийн бүтээгдэхүүн маань бэлэн болно.
Түүхий эд материалаа бид малчдаас захиалгаар авдаг
- Эсгийнд төрөл зүйл гэж бий юү?
- Зузаан, нимгэний ялгаа гэж байдаггүй. Ер нь бол 25 кг ноос нэг эсгий болдог. Ерөнхийдөө гурван төрлийн эсгий гардаг. Үүнд, ахарын ноосоор хийсэн эсгий, хурганы ноосоор хийсэн эсгий, тэгээд энэ хоёр эсгийгээ өнгөөр нь ялгаад бор, цагаан эсгий гэж яриад байдаг юм.
- Монгол гэрийн дээвэр туурганаас гадна өөр зүйлд ашиглах эсгий хийж байна уу?
- Одоогоор бол монгол гэрт ашиглагдах эсгий л хийж байна даа. Цаашдаа үйл ажиллагаа маань илүү өргөжөөд ирвэл бусад өөр зориулалттай эсгий хийх бодол бий.
Монгол гэрт ашиглагдах эсгий л хийж байна даа
- Үйлдвэрлэл явуулах ажлын байрны асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
- 2010 онд анх үйл ажиллагаагаа эхлэхдээ Материал техникийн хангамжийн хуучин байранд дөрвөн жил түрээсийн шугамаар үйл ажиллагаа явуулж байгаад 2014 онд банкны зээл авч энэ байраа барьсан.
- Ямар зээлд хамрагдсан бэ?
- Анх үйл ажиллагаагаа эхлэхдээ Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас гурван жилийн хугацаатай найман сая төгрөгийн зээл аваад төлчихсөн. Борлуулалтынхаа эргэлтээр нэмж агуулах барьсан.
- Танайх эсгийнийхээ чанарт ямар баталгаа өгөх вэ?
- Мэдээж манай үйлдвэр бусад үйлдвэрийн жишгийн дагуу чанарыг эрхэмлэж ажилладаг. Чанартай байж л хүмүүсийн хэрэгцээг хангаж, сайн борлуулалттай байна шүү дээ. Тиймээс ижил төрлийн үйлдвэрүүдээс хамаагүй илүү чанартай эсгий манайхаас гардаг гэж л ам бардам хэлэх байна.
Ижил төрлийн үйлдвэрүүдээс хамаагүй илүү чанартай эсгий манайхаас гардаг гэж л ам бардам хэлэх байна
- Өдгөө байнгын хэрэглэгчтэй болоо биз дээ?
- Байлгүй яах вэ. Булган, Төв, Өвөврхангай, Өмнөгөвь, Дундговь, Баянхонгор зэрэг аймгийн сумдаас ирж эсгий авдаг үйлчлүүлэгчид олон байгаа. Ер нь борлуулалтын хувьд санаа зовоод байх зүйл байдаггүй юм.
- Өвлийн улиралд хоршооны ажилчид юу хийдэг вэ?
- Тавдугаар сараас аравдугаар сүүл хүртэл л бид ажилладаг. Өвлийн цагт бол бэлэн ажлын байраа түшиглээд ноосоо ялгаад түүгээрээ гэрийн углааш, оймс, бойтог зэргийг хийдэг. Гэхдээ өөрсдийн ноосоороо биш Улаанбаатар хотоос будганд оруулсан ноос авч түүгээрээ хийдэг.
- Цаашид ямар төлөвлөгөөтэй байна. Мэдээж өсөн дэвшиж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодол бий байх?
- Мэдээж цаашдаа гэрийн эсгийгээ хийнэ. Тэгээд гэрийн бүрээс захиалгаар хийж, мөн гутал хийдэг тоног төхөөрөмж авчихбал цаашдаа эсгий гутал хийх бодол ч байна.
Тоног төхөөрөмж авчихбал цаашдаа эсгий гутал хийх бодол ч байна
Өвөрхангай аймаг, Арвайхээр сум “Баяншим өргөө” хоршооны“Монгол өргөө” эсгийний үйлдвэр Утас: 96066182