Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны II бага хурал боллоо. Тус хуралд холбооны гишүүн байгууллагын төлөөлөл оролцон, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, үр дүн нь харагдахуйц бодит ажлыг хийх тухай ярилцан, төлөвлөгөө гаргасан юм.
Тус холбоо байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл зургаан сарын хугацаанд 18 аймаг, 70 гаруй сумдад ажиллаж, орон нутгийн баялаг бүтээгчидтэй уулзалт, зөвлөгөөн хийжээ. Тэдний ажилласан газруудад нийтлэг хэд, хэдэн асуудлууд байгааг тодорхойлж байна. Нэгдүгээрт санхүүжилт, хоёрдугаарт борлуулалт, ажлын байр, боловсон хүчин, мэдээлэл сурталчилгаа үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлын түрүүч болж буйг үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид хурлын үеэр онцолж байв. Энэ үеэр Хөдөлмөрийн сайдын зөвлөх, "Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч" Ч.Даваабаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн хурлын зорилго юу вэ?
-Сүүлийн зургаан сарын хугацаанд манай холбооныхон баялаг бүтээгчидтэй биечлэн уулзаж, тэдэнд тулгамдсан асуудлыг сонссон. Тиймээс нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлыг эрэмбэлэх. Мөн ойрын таван жилдээ хийх ажлыг бага хурлаар хэлэлцэн батлана. Зарим нэгэн бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулах болно. Ер нь баялаг бүтээгчдэд тулгамдсан асуудлын тэргүүнд санхүүжилт яригддаг. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, зохицуулах боломж байна вэ гэдгийг ярилцах юм.
-Санхүүжилт яах ч аргагүй тулгамдсан асуудал болдог гэдгийг бизнесийнхэн хэлдэг. Тэгэхээр танай холбооны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
-Төрөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал, сум хөгжүүлэх сангийн зээлийн хүртээмж багатай, бага мөнгө зээлдэг, нэг хүн дахин авахад хүндрэлтэй зээлийн шалгаруулалт бүрхэг, жинхэнэ баялаг бүтээгчдэдээ очихгүй байна гэх мэтээр давхардсан олон санал ирж байна. Тэгэхээр бид нэгдэж санхүүжилтээ өөрсдөө шийдэж байх тэр гарцыг эрэлхийлж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. АҮЯ-аас жижиг, дунд үйлдвэрийн бодлого тодорхойлох ажлын хэсэг багтсан. Энэ мэтчилэн бид үйлдвэрлэгчдийнхээ дуу хоолойг төр болоод холбогдох хүмүүст хүргэх ажил хийж байна. Бусад орны туршлагаас харахад баялаг бүтээгчдэд үйлчлэх банктай байх юм билээ. Тиймээс эхний удаад холбооны дэргэд дундын сан байгуулах талаар ярилцаж байгаа.
-Ирэх жил танай холбооноос ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид баялаг бүтээгчдээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Дийлэнхи жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, өрхийн үйлдвэрлэгчид өөрсдийн эзэмшсэн мэргэжил, практик дээр сурсан чадвараараа баялаг бүтээж байна. Гэтэл одоо үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд, хэрэглэгч Монгол биш, үйлдвэрлэгч Монгол болохын тулд мэдлэг шингэсэн, өндөр технологитой бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Тиймээс бид гишүүддээ бизнесээ удирдаж, үйлдвэрлэлээ хөгжүүлэх сургалтыг явуулмаар байна. Түүнчлэн тухайн бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийн каластрын системээр цогц байдлаар хөгжүүлэх шаардлагатай. Төр засгаас гаргаж буй бодлого чиглэлүүдэд дан ганц үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн эрх ашигт нийцсэн биш, нийт жижиг, дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг тусгуулах хэрэгтэй. Энэ мэтээр баялаг бүтээгчдийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэж, бодит үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэх учиртай.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин