“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнчлэн төсөл хөтөлбөрийн хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар тус холбоонд 500 гаруй үндэсний баялаг бүтээгч гишүүнээр элсчээ. Тэгвэл “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” энэ сарын 27-ны бямба гаригт Анхдугаар Их хурлаа Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэ талаар тус холбооны үүсгэн байгуулагч Ч.Даваабаяраас дараах тодруулгыг авлаа.
- “Масс агентлаг”-ийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Төсөл хөтөлбөрийн хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо байгуулагдсан. Тус холбоо өнөөдөр хэдэн гишүүнийг эгнээндээ элсүүлж,ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?
- “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд зургаан сар өнгөрч байна. Энэ хугацаанд 21 аймаг, 47 сум, Нийслэлийн есөн дүүрэгт үйлдвэрлэл явуулж буй баялаг бүтээгчдийн борлуулалт брэндингийг дэмжин ажилласаар ирлээ. Бид эдгээр баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилан таниулж, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж байна. Монголчууд эх орныхоо баялаг бүтээгчдээ сайн мэддэггүй. Харин төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр үйлдвэрлэгчид бие биенийхээ үйл ажиллагаатай танилцаад зогсохгүй бараа бүтээгдэхүүнийг нь иргэд худалдан авч баялаг бүтээгчдээ дэмждэг болсон. Энэ нь Монгол Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 50 мянган аж ахуй нэгжид 800 мянган хүн ажиллаж байна. Аж үйлдвэрийн салбар нь өнөөдөр орхигдсон хүнд салбар болсон. Мөн Монгол Улсад эдийн засгийн хамрал сүүлийн хоёр жил хүчтэй нөлөөлж байна. Хямралын үед үйлдвэрлэл эрхлэгчид бор зүрхээрээ ажилчдынхаа цалинг өгч, Улсад татвараа төлдөг. Мөн олон хүнийг ажилтай орлоготой болгодог. Тиймээс энэхүү чухал салбарыг бодлогоор дэмжих цаг нь ирсэн. Баялаг бүтээгчид банкны шалгуур, хүү өндөр байна хэмээдэг. Түүнчлэн татвар, гааль тэдэнд ямар ч хөнгөлөлт дэмжлэг үзүүлдэггүй. Тэгвэл хөрсөн дээр буусан хуулийн зарим зүйл заалтыг өөрчилж жижиг дунд үйлдвэрлэл рүүгээ чиглэсэн ажлуудыг хийх шаардлагатай. Ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд нийгмийн шаардлага болон баялаг бүтээгчдийн хүсэлтээр “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо байгуулагдсан. Манай холбоонд өнөөдрийн байдлаар өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд улсын төсвийг бүрдүүлэгч Эрдэнэт үйлдвэр гэх мэт бүх салбарын төлөөлөл болсон 500 гаруй баялаг бүтээгч элсээд байна.
Манай улсад салбар бүрийг төлөөлсөн 100 гаруй мэргэжлийн холбоод үйл ажиллагаа явуулдаг. Мөн Монгол Улс дан ганц уул уурхай, мал аж ахуйгаар хөгжихгүй. Харин орчин цагийн хөгжлийн явцаар бусад салбараа ч дэмжин хөгжүүлэх шаардлагатай. Үүний тулд томоохон мега төслүүд хэрэгжүүлэх ёстой. Үүний хажуугаар үндэсний үйлдвэрлэгч гэсэн салбарыг бодлогоор хөгжүүлэх нь аль ч улсын зайлшгүй шаардлага байдаг. “Масс агентлаг”-ийн уран бүтээлчид эхний гурван сарын хугацаанд ажиллахад тулгамдаж буй олон асуудлыг олж харж түүнийг хөндөж тавьсан. Төсөл санаачлагч миний бие ч олон газраар явж, үйлдвэрлэгчидтэй уулзан, тэдний санал бодлыг сонссоны эцэст “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо байгуулах хэрэгтэйг анзаарсан юм. Ингэснээр Монгол Улсад баялаг бүтээгчид нэгдэж түүхэндээ анх удаа солонгорсон холбоо байгууллаа. Энэ нь эдийн засгийг солонгоруулах бас нэгэн гарц болж байгаагаараа сайшаалтай юм.
Монгол Улсад солонгорсон холбоо анх удаа байгуулагдлаа
- Тэгвэл “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” удахгүй Анхдугаар Их хурлаа зохион байгуулах гэж байна. Их хурлаар холбооны гишүүд ямар асуудлыг голчлон ярилцаж,дуу хоолойгоо нэгтгэх вэ?
- "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоо үүсгэн байгуулагдаад гурван сар болж байна. Гурван сарын хугацаанд нийгэм рүү чиглэсэн багагүй ажил зохион байгууллаа. Эдгээр ажлуудыг хийхэд түр зөвлөл гэж мөн байгуулагдсан. Түр зөвлөл өнөөдрийг хүртэл эдгээр ажлуудыг хийж, хэд хэдэн удаа хуралдсан. Хурлаар холбооны Анхдугаар Их хурлыг зохион байгуулах цаг нь болсон гэж үзлээ. Учир нь орон нутаг, нийслэлийн 500 гаруй баялаг бүтээгчдээс бүрдсэн гишүүнчлэлтэй боллоо. Тиймээс УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо хуралдаж төр засагт дуу хоолойгоо хүргэх, зөвлөмж саналаа уламжлах гэж байна. Манай холбоо Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулахын төлөө ажил хэрэгч байдлаар баялаг бүтээгчдийн дуу хоолой болж, дэмжин хамгаалахаар ажиллаж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Анхдугаар Их хурал зургаадугаар сарын 27-ны бямба гаригт Төрийн ордны Их танхимд болно. Тиймээс орон нутаг, нийслэлд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа холбооны гишүүд та бүхнийг анхдугаар Их хуралдаа хүрэлцэн ирж, үнэтэй санал зөвлөмжөө өгч, санал бодлоо хуваалцахыг урьж байна.