42 жилийн турш гутал хийж, бас хуучин гутал засаж ирсэн, Хужирт сумын иргэн П.Нарантуяаг энэхүү төсөлдөө онцолж байна. Хүүхдийн, том хүний, өвлийн, цагаан улт, буриад зэрэг олон төрлийн гутлыг мэргэжлийн түвшинд хийдэг тэрбээр бүтээгдэхүүнээ хамгийн чанартай хэмээн ам бардам хэлж чадна гэсэн.
- Та олон жил гутал хийж байгаа юм байна. Гутлын цехээ хэзээнээс байгуулсан бэ?
- Анх долдугаар ангиа төгсөөд Ахуйн үйлчилгээний төвд илгээлтээр 1972 онд орж байсан. Тэгээд үүнээс хойш 42 жил гутал хийж байна. 1990 оноос хойш зах зээлийн үе эхэлж, гэрээрээ гутлын үйлдвэрлэл явуулах болсон. 2010 оноос сумынхаа Бизнес хөгжлийн төвд орж, өдгөө долоон ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнө нь гэрээрээ гутал хийдэг байхад манай Хужирт сумын иргэд ихэнх нь надаас туршлага судлан гутал хийж сурдаг байлаа. Тиймээс сумын иргэд маань бүгд мэддэг учраас манай гутлыг авах хүмүүс олон байдаг шүү.
Сумын иргэд мэддэг учраас манай гутлыг авах хүмүүс олон байдаг
- Жилийн дөрвөн улиралд ажилладаг уу?
- Өвлийн гутлаа бид зун нь бэлддэг. Гэхдээ хүмүүсээс давхар захиалга авч, тухайн захиалагчийн хөлний булчинг хэмжин, хүссэн хэмжээгээр нь тааруулж хийдэг. Ер нь иргэдийн хэрэгцээг хангах үүднээс зундаа ч гэсэн ажилладаг.
- Гутлын чанарт хүмүүс маш их анхаардаг шүү дээ?
- Мэдээж аливаа бүтээгдэхүүний гол зүйл бол чанар байдаг. Манайх чанар тал дээрээ илүү анхаарч ажиллаж байна. Тэгээд чанараа дагаад дулаахан, бат бөх, загварлаг ч гэдэг юм уу үлдсэн зүйлүүд нь дагалдах болов уу. Тиймээс манайхаар үйлчлүүлэх дуртай хүмүүс олон байдаг шүү. Хужирт сумаас гадна Бат-Өлзий, Сант, Баян-Өндөр сумаас гадна бусад аймаг, хотоос ч захиалга их ирдэг.
Аливаа бүтээгдэхүүний гол зүйл бол чанар байдаг
- Ихэвчлэн ямар гутал түлхүү хийдэг вэ?
- Манай гол бүтээгдэхүүн бол эрэгтэй, эмэгтэй хүүхдийн өвлийн гутал, буриад гутал, мөн цагаан ултай гутал. Зундаа бол захиалгаар хавар, намрын дотортой гутал хийдэг. Мөн хуучин гуталд уллагаа хийж, резин наах зэргээр засварладаг.
- Сум орон нутагтаа ийм үйлдвэрлэл явуулахад боломж бололцоо хэр байна вэ?
- Сүүлийн үед харьцангуй сайжирч, амьжиргааны түвшин ч өөр болоод байгаа юм. Сум хөгжүүлэх сангаас зээл аваад түүнийгээ төлж дуусгаад, түрүү жил дахин зээл авсан. Ерөнхийдөө Сум хөгжүүлэх сан гэх мэт биднийг дэмжээд зээл олгодог газар байдаг учраас үйлдвэрлэлээ жигд явуулах боломж бүрдэж байгаа юм.
- Ойрын хугацаанд юу хийж, бүтээе гэсэн төлөвлөгөөтэй байна вэ?
- Цаашлаад дан ганц өвлийн гутлаа хийгээд байх биш, олон хүн сургаж аваад зуны гутал хийе гэсэн бодол байна.
- Танайх хаанаас материалаа авдаг вэ?
- Материалаа Улаанбаатар хотын “Нарантуул” захаас, нэг хүнээс байнга авдаг. Материалын чанарын хувьд янз бүр байдаг. Ихэвчлэн дотоодынхоо үхрийн шир, тэмээний ширээр гутлаа хийж байна.
- Хужирт суманд танайхтай ижил гутал хийдэг хувь хүн, үйлдвэрлэл хэр байдаг вэ. Танайх тэдгээрээс юугаараа давуу байж чадах вэ?
- Манай суманд гутал хийдэг хүн олон бий. Давуу тал гэвэл дээр хэлсэнчлэн чанар, эдэлгээ сайтай, гар оёо илүү орсон гэдгээрээ илүү юм болов уу.
Өвөрхангай, Хужирт сум
Өрхийн үйлдвэрлэгч
Ахлагч П.Нарантуяа Утас: 98629172, 99860561