Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл энэ удаа “Санко Солар Монголиа” ХХК-ийг танилцуулж байна. Тус компанийн Ерөнхий менежер О.Батгэрэлтэй ярилцлаа.
-Үйл ажиллагаагаа хэзээнээс эхлүүлсэн бэ?
-2010 оны 9-р сараас эхлэн жилд 10 мегаватт нарны зайн дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай хагас автоматжсан нарны зайн дэлгэцний үйлдвэрээ байгуулж, тоног төхөөрөмж суурилуулалтын ажлаа эхлүүлсэн. 2011 оны 1-р сарын 1-нээс “Санко Солар Монголиа” ХХК маань худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
-Нарны зайн дэлгэцний үйлдвэр 2011 оны 3-р сараас албан ёсоор туршилтаар явуулж эхэлсэн. Энэ хугацаанд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001-ийг үйлдвэрдээ нэвтрүүлсэн ба 2012 оны 2-р сард батламжаа гардаж авсан.
-Монголд энэ төрлийн үйлдвэрлэлийн анхдагч нь байх нь ээ. Тоног төхөөрөмжөө хаанаас татдаг вэ?
-Тийм шүү. Бид Монголд анх удаа дэлхийн жишигт нийцсэн чанартай нарны зайн дэлгэц үйлдвэрлэж, Монголын үйлдвэрлэлийн салбарт хувь нэмрээ оруулан тэргүүлэгч болох, дотоодын болон гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах, өөрийн байр суурь бий болгохыг зорьж ажилладаг. Манай компани нарны зайн дэлгэцийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Японы “NPC Incorporated” компанид үйлдвэрлэсэн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ явуулж байгаа.
Дэлхийд танигдсан, өндөр чанартай нарны зайн дэлгэцийн түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
-Худалдаанд гаргаж буй бүтээгдэхүүнээ танилцуулаач?
-Бид 7.5 мегаваттын нарны зайн дэлгэцийг Япон улс руу экспортолж, ойролцоогоор 12.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийгээд байна. Мөн дотоодын зах зээлд ч 300 кВт-ын бүтээгдэхүүн нийлүүлсэн. Цаашид нарны зайн дэлгэц үйлдвэрлэхээс гадна нарны цахилгаан үүсгүүрийн систем угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Хөдөөгийн айл, өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах үндэсний хөтөлбөрийн зорилтын дагуу нийт малчин айл, өрхийг нарны эх үүсвэрээр ханган ажиллахад хувь нэмэр оруулах, цаашилбал сумын эмнэлэг, сургууль, нийтийн үйлчилгээний газруудыг сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах, худгаас ус татах болон газар тариаланг усжуулахад нарны эрчим хүчийг өргөн ашиглах дэд хөтөлбөрүүдэд оролцон ажиллана.
-Ажилчдынхаа ур чадварт хэрхэн анхаардаг вэ?
-Компани нийт 27 ажилтантай, дундаж нас нь 26. Бид Япон, Тайвань улсуудын ижил төстэй нарны зайн дэлгэцийн үйлдвэрт ажилчдаа дадлагажуулан ур чадвараа дээшлүүлэхэд нь онцгой анхаарч ажилладаг. Япон улсад нарны цахилгаан станц, өрхийн нарны цахилгаан үүсгүүрийн системийн суурилуулалтын чиглэлээр манай инженерүүд дадлагажин ажиллаж байна. Цаашид бид байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэд техник технологийг хөгжүүлж Монголын хэрэглэгчдэд найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.