Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотооддоо мөнгөний урсгалыг барьж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийнхээ зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг “Баялаг бүтээгчдийн дэмжинэ” төслийн хүрээнд сурталчилсаар байгаа билээ. Энэ удаа “Содон буйдан” ХХК-ийг онцлон танилцуулж байна. 2000 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хамт олон албан ёсоор компаниа бүртгүүлээд хоёр жилийн нүүр үзэж байгаа ажээ.
“Содон буйдан” ХХК-ийн давуу тал юу вэ?
Манай буйдангийн давуу тал нь чанартай хэрнээ үйлчлүүлэгчдэдээ хямд үнийг амлаж чаддаг. Мөн нэг жилийн баталгаа гаргаж өгдгөөрөө онцлог давуу талтай гэж хэлж болно. Бид үйлчлүүлэгчдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцүүлж, өнгө дизайн хийцдээ ихээхэн анхаарч ажиллаж байна.
Гол түүхий эд материалаа хаанаас авдаг вэ?
Даавуу, арьс орлуулагч зэрэг материалаа Хятадаас татдаг. Модон материалаа бол дотоодоосоо авдаг.
Өдөрт хэдэн буйдан үйлдвэрлэх хүчин чадалтай вэ. Бүтээгдэхүүн гараас гарахад хэр хугацаа шаардагддаг вэ?
Ер нь загвараасаа болно. Бид өдөрт 2-3 энгийн буйдан үйлдвэрлэх хүчин чадалтай ажиллаж байна. Захиалагчийн хүссэн загвараар хийсэн тохиолдолд 2-3 хоногийн хугацаа шаардана. Гүйлгээ сайтай үед өдөртөө 2-3 буйдан гаргахад борлуулахад асуудалгүй байдаг.
Ер нь манайхан дотоодын үйлдвэрлэлээ хэр сонгож байх шиг байна?
Авч хэрэглэдэг тодорхой хэмжээний хүмүүс байгаа ч яг 100 хувь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж чаддаггүй.
Бид эх орон даяар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих төсөл хэрэгжүүлж байна. Танай хамт олон төслийн нэг хэсэг болж оролцож байна. Сэтгэгдлээ хуваалцаач?
Энэ төслийг анх сонсоод их таалагдсан. Ер нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байж л эх орон маань хөгжинө гэж боддог. Тиймээс энэ сайхан ажлыг эхлүүлсэн танай хамт олонд их баярлаж байна.
“Содон буйдан” ХХК-ийн ойрын төлөвлөгөө гэвэл?
Бид хөдөө орон нутагт салбар дэлгүүрээ нээж, нэрийн бүтээгдэхүүнээ олшруулах төлөвлөгөөтэй байна. Мөн импортоор өндөр үнээр орж ирж байгаа буйдантай загвар хийцээр дүйцэхүйц хэмжээний чанартай бүтээгдэхүүн гаргахаар зорьж байна даа.
Танай хамт олон хэрэглэгчдэдээ юуг амлаж чадах вэ. Борлуулалтаа хаагуур хийж байна?
Бид хэрэглэгчдэдээ хамгийн түрүүнд чанарыг амлаж чадна. Тэгээд бас хямд үнэ. Яагаад гэхээр манайх өөрийн гэсэн үйлдвэрийн байртай. Түрээсэнд мөнгө төлдөггүй учраас аль болох хямд үнээр хэрэглэгч нартаа бүтээгдэхүүнээ хүргэхийг хичээдэг. Борлуулалтаа нэрийн барааны дэлгүүрээр дамжуулж хийж байна. Мөн харилцагч байгууллагууд бий.
Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Харилцах утас: 9914-0512