Хөдөлмөрч, хичээнгүй нэгэн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт сонгогдсон юм. Жижиг хүнсний дэлгүүрээс ажлын гараагаа эхлүүлсэн ч эдүгээ аймгийнхаа хэрэгцээг хангахуйц томоохон компани болон өргөжсөн “Түшнээ” ХХК-ийн ажил, үйлсийг танилцуулахаар бид Дорнод аймгийн зорилоо. Тус компанийн захирал Л.Саранчимэгтэй ярилцлаа.
-Компаниа байгуулж байсан түүхээсээ хуваалцана уу?
-1999 онд анх хүнсний дэлгүүр нээснээр компанийнхаа суурийг тавьсан гэж хэлж болно. Яваандаа өргөжөөд хүнсний сүлжээ дэлгүүрүүдтэй болсон. Хүнсний дэлгүүр ажиллуулж байхдаа нарийн боов хувиараа хийдэг хүмүүсийн бүтээгдэхүүнийг дэлгүүртээ авдаг байсан. Талх нарийн боов хүмүүсийн байнгын хэрэглээ учраас өөрсдөө нарийн боовны үйлвэртэй болъё гэж бодсон. Тэгээд 2001 онд үйлдвэрлэлээ албан ёсоор эхэлсэн дээ.
-Үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг амаргүй ажил шүү. Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас авч байв?
-2006 онд “Жайка” байгууллагын төслийн зээлийн төсөл бичих уралдаанд оролцож хоёрдугаар байрт шалгарсан. Тэгээд төслийн зээлд хамрагдах сертфикатаар шагнуулсан. Манайх Дорнод аймагт “Жайка”-гийн төслийг анх удаа хэрэгжүүлж, энэ үйлдвэрээ барьсан.
-Анх хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв. Одоо хэр нэмэгдсэн бэ?
-Хамгийн анх боорцог хийж эхэлсэн. Эхний жилүүдэд “Эклер”, “Тэргүүн” гэх мэт дөрөв тавхан нэр төрлийн бүтээгдэхүүн л гаргадаг байлаа. Яваандаа үйл ажиллагаа маань өргөжихийн хэрээр бүтээгдэхүүнийнхээ нэр, төрлийг нэмсэн. Одоо манайх 30-40 нэр, төрлийн нарийн боов, торт үйлдвэрлэж байна.
-Танайх Дорнод аймгийн нарийн боовны хэрэгцээний хэдэн хувийг хангаж байгаа вэ?
-Нэг үеэ бодоход Дорнод аймагт нарийн боовны үйлдвэрлэл нэмэгдэж байна. Гэхдээ анхдагч үйлдвэрүүдийн нэг гэдэг утгаараа хэрэглээний тодорхой хувийг эзэлж явдаг. Төвөөс гадна зэргэлдээх сумдын борлуулагчид манайхтай гэрээлж бүтээгдэхүүн авдаг.
-Байгууллагыг ажилтангүйгээр төсөөлөхийн аргагүй. Анх хэдэн ажилтантай эхэлж байв?
-Анх гэр бүлийн 2-3 хүний хүрээнд л ажлаа эхэлж байсан. Сүлжээ дэлгүүрүүдээ байгуулаад нарийн боовны үйлдвэрлэлээ эхэлсний дараагаар ажилчдын маань тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, 2005 онд албан ёсоор компани болж өргөжсөн. Тэр үед манайх 15 ажилтантай байсан бол одоо 60 гаруй болж, бүл нэмээд байна. 1999 оноос өнөөдрийг хүртэл 16 жилийн хугацаанд энэ түвшинд хүрч өргөжихөд манай ажилчдын ажлын үр дүн үнэхээр их байлаа. Ажилчид гэдэг компанийн маань нэг ёсны баялаг шүү дээ.
-Шинэ технологийн санаагаа хаанаас олж авдаг вэ?
-Анх нарийн боовны үйлдвэрлэлээ явуулж байхад оросуудтай их харьцдаг байсан. Тийм учраас орос номуудаас орцоо авч, үйлвэрлэлээ явуулж байлаа. Одоо бол мэдээллийн хэрэгсэл хөгжөөд технологийн бүхий л мэдээллийг хаанаас ч авах боломжтой болжээ. Түүнээс гадна тогооч нараа мэргэжлийн сургалт, дамжаанд хамрагдуулж, ур чадварыг нь байнга нэмэхийг хичээдэг.
-Нийгмийн хангамжийн тал дээр ажилчдаа хэр дэмждэг вэ?
-Манай ажилчид ихэвчлэн тогтвор суурьшилтай ажилладаг. Энэ хүмүүсийн ажил, амьдрал манай компанитай салшгүй холбоотой учраас ажилчдынхаа нийгмийн хангамжид анхаарах ёстой гэж боддог. Тиймээс олон жил ажилласан ажилчид болон орон гэргүй хүмүүсээ хашаа байшинтай болгох, мөн орон сууцанд орох хүсэлтэй заримыг нь боломжийн хэрээр дэмжиж ирсэн. Сүүлийн үед манай компани орон сууцны салбартай хамтарч ажиллаж байгаа учраас 7-8 ажилчид маань орон сууцанд ороод байна. Жилээс жилд ажилчдын маань ахуй амьдрал дээшилж байгаа учраас тэд маань сэтгэл хангалуун явдаг.
-“Жайкаг”-ийн төслөөс гадна төрөөс олгодог зээл тусламжид хамрагдаж байв уу?
-Аймаг, орон нутагт хэрэгжиж байгаа жижиг зээлүүдэд хамрагдах боломж манай компанид бүрэн байгаа. Гэхдээ бид “Жайка”-тай харилцаж, гурван шат бүхий зээлд нь хамрагдсан байнгын хамтын ажиллагаатай учраас дахиад өөр зээлд хамрагдах бодолгүй байна.
-Орон нутагт бизнес эрхэлж байгаа үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй ямар асуудал байдаг вэ?
-Нэгдүгээрт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ажлын байр маш чухал байдаг. Орон сууцны хөнгөлөлтэй зээл олгодог шиг ажлын байрыг ч гэсэн хөнгөлөлтэй зээлээр олгодог болчихвол сайн байна. Хоёрдугаарт үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгийн зээлийг бага хувийн хүүтэй олгох асуудал дээр л төр, засгийн дэмжлэг хэрэгтэй байна даа.