“Маргад Инд” ХХК-ийн Хуванцар бэлдэцийн үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтанд орсноор өдөртөө арван тонн, жилдээ 3000 тонн цонх хаалганы хуванцар бэлдэц үйлдвэрлэж, улсынхаа жилийн хэрэглээний 20 хувийг хангах боломжтой болсон байна. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг энэ удаа тус үйлдвэрийг онцолж байна.
“Маргад Инд” ХХК-ийн захирал Б.Батмөнх
-Шинэ төрлийн үйлдвэрийн хувьд боловсон хүчний асуудлаа хэрхэн шийдсэн бэ. Одоо хэчнээн ажилчинтай вэ?
-Одоо манай үйлдвэрт есөн хүн ажиллаж байна. Хуванцар бэлдэцийн үйлдвэр хамгийн хүнд хэцүү технологитой үйлдвэрийн тоонд ордог. Мөн манайд төдийлөн байдаггүй үйлдвэр учраас энэ чиглэлийн мэргэжилтэн байдаггүй. Тиймээс шинэ технологи дээр ажиллах хүмүүсээ дадлагажуулахаар Хятадаас мэргэжилтэн урьж авчраад гурван сар сургалт явуулсан. Ингэсний үр дүнд одоо техникийнхээ хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээг ажилтнууд маань хариуцаад олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргаж байна.
-Ахуйн хэрэглээний хуванцар эдлэл хийх боломж байгаа юу?
-Тийм шүү боломжтой. Жишээ нь одоо модоор хийдэг барилгын бүх материалууд хуванцараар солигдож байна. Бас шаазангаар хийгддэг зүйлс ч хуванцар болж байна. Жишээ нь хуванцар банн, жорлон, плита, шал хүртэл гарч байна. Тийм болохоор бид нэр төрлөө олшруулаад мөн вакум цонхны зах зээл дээр хүчин чадлаа өсгөх зорилготой ажиллаж байна.
-Импортоор орж ирдэг бэлдэцээс үнийн хувьд хэр ялгаатай байдаг вэ?
-Үнийн хувьд бол манайх 10000-15000 төгрөгөөр хямд байдаг. Энэ нь 70 айлын орон сууцанд гэхэд л 10-20 сая төгрөг хэмнэх боломж олгож байгаа юм. Мөн манайх урдаас орж ирдэг бэлдэцээс чанарын хувьд илүү байдаг.
-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Хуванцарын түүхий эд нь нефтийн үйлдвэрээс хамааралтай байдаг учраас дотооддоо үйлдвэрлэх боломж одоохондоо байхгүй байна. Гэхдээ цаашид Монголд нефтийн үйлдвэртэй болвол түүхий эдээ эндээсээ авна гэж тооцоолж байгаа.
-Ер нь цаашдын зорилго юу вэ. Монголд хоёрхон байдаг үйлдвэр гэхээр их ирээдүй харагдаж байгаа байх?
-Аж үйлдвэрийн салбарт хоёрт бичигддэг эрэлттэй салбар төдийгүй модоор хийж болох бүх бүтээгдэхүүнийг хуванцараар хийж болдог, байгальд ээлтэй үйлдвэрлэл юм. Манай бэлдэцийг барилгын салбарынхан маш их сонирхож байна. Тийм учраас бид тэдний итгэлийг алдахгүйн тулд илүү чанартай, сайн бэлдэцийг нийлүүлэхийн зэрэгцээ цаашдаа цахилгааны уян хоолой, мөн хар хавтанг орлох байгальд ээлтэй хуванцар хавтан үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна.
-Борлуулалт хэр байдаг вэ. Цаашдаа зах зээлээ тэлэхийн тулд юу хийе гэж бодож байна вэ?
-Одоогоор манай борлуулалт сайн байна. Ерөнхийдөө манайхыг барилгын компаниуд ихээр сонирхдог. Цаашдаа бэлдэцээ илүү хямд чанартай нийлүүлэх талаар бодож төлөвлөж байгаа ч энэ тал дээр төр засгаас бодлогоор дэмжиж өгвөл барилгын салбарын үнэ ханшид тодорхой хэмжээнд нөлөөлж чадна гэж үзэж байгаа. Мөн хувийн компаниуд нь биш гэхэд нийслэл ч юм уу төр засгаас санхүүжилттай төсөл хөтөлбөрийн дагуу баригдаж байгаа барилгууд дотоодынхоо компаниудаас бүтээгдэхүүнээ авч, жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжээд явчихвал жоохон ч гэсэн ахиц гарна гэж бодож байна. Мэдээж муу юм үйлдвэрлэчихээд үндэсний үйлдвэрээ дэмжих ёстой гээд байх нь хаашаа юм. Тэгэхдээ чанарын үзүүлэлт, үнэ ханш нь боломжийн байвал заавал урдаас аваад байх шаардлага байхгүй. Энэ талаас нь дэмжээд өгчихвөл боломж өргөн харагдаж байгаа.
-Одоо хамтран ажилладаг ямар газрууд байдаг вэ. Танай бүтээгдэхүүнийг хаанаас харж болох уу?
-Хар хорин цогцолбор хороолол манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Мөн өөр хэд хэдэн том хороолол барьж байгаа барилгын компаниудтай хамтрахаар гэрээний шатандаа явж байгаа. Хэрвээ захиалга ихэсвэл бид үйлдвэрийнхээ бүрэн хүчин чадлыг дайчлаад 24 цагаар хоёр төхөөрөмжөөрөө өдөрт 5000 тонн бэлдэц хийх боломжтой.
Үйлдвэрийн дарга Н.Саруул
-Ижил төрлийн үйлдвэрүүдээс юугаараа ялгардаг вэ?
-Манай бүтээгдэхүүн чанартай, ширхэгээр худалддагаараа ялгаатай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр вакум цонх, хаалганы хүрээ амархан шарлаж, ганддаг. Харин манай бүтээгдэхүүн энэ тал дээр хэрэглэгчиддээ хоёр жилийн баталгаа өгдөг. Мөн хятадууд бүтээгдэхүүнээ тонноор нь зардаг бол манайхаас ширхэгээр нь ч авч болно. Түүнээс гадна манайх хамаагүй хөнгөхөн байдаг. Яагаад гэвэл Хятадын үйлдвэр тонноор нь зардаг учраас жингээ нэмэхийн тулд калци ихээр хийдэг. Гэтэл хуванцар маань хөнгөн байх тусмаа чанар сайтай байдаг.
-Хаягдал хэр зэрэг гардаг вэ. Ашиглахгүй гологдол болгож гаргасан хуванцараа буцаагаад боловсруулах уу?
-Тийм ээ. Хэрвээ дахиж хийхээр болвол бүтээгдэхүүнийхээ 20 хувийг л хаягдлаараа хийдэг. Мөн цахилгааны уяан хоолой хийхэд ашиглаж болно.
-Ер нь вакум цонхны чанар нь юундаа байдаг вэ?
-Чанар нь тухайн бүтээгдэхүүнд орж байгаа бодисоос л хамаардаг. Жишээ нь герман вакум цонхонд 9-13 төрлийн бодис орж байж чанартай, стандарт хангасан гэж үздэг бол Монголд тийм стандарт байдаггүй. Тэгэхдээ манай үйлдвэр нийт 11 төрлийн бодис хийдэг.
-Вакум цонхны чанар нь хуванцараасаа болдог уу, шилнээсээ болдог юм уу?
-Хуванцар хүрээ нь дуу тусгаарлаж, дулаан алдахгүй байх үүрэгтэй бол резин нь шилээ гүйлгэхгүй сайн барьдаг байх ёстой гэхмэтчилэн ер нь бүх юм нь сайн байж л чанартай сайн вакум цонх болно.
-Түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ?
-Нийт 11 бодисоос будагчтайгаа нийлээд есөн төрлийг нь Хятадаас, хоёр төрлийг нь Солонгосоос оруулж ирдэг.
Бид энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хамгийн ихээр хэрэглэдэг гэх Хархорин цогцолбор хорооллыг барьж байгаа “Эх ачуут” констракшны барилгын талбайд очиж үзсэн юм.
"Эх ачуут" констракшны ерөнхий инженер н.Ганбаяр
-"Эх ачуут" констракшн 2012 оноос Хар хорин цогцолбор хорооллыг барьж эхний ээлжийн 200 айлын орон сууцаа ашиглалтанд оруулаад байна. Бид барилгынхаа хаалга цонхонд “Маргад Инд” ХХК-ийн хуванцар бэлдэцийг ашигласан. Энэ нь урдаас орж ирж байгаа бэлдэцээс чанар сайтай, хүний биед хор нөлөөгүйн зэрэгцээ дулаан алдалт багатай, шарладаггүй гэх мэт давуу талуудтай байгаа юм. Мөн үнийн хувьд хямд буюу санхүүгийн хувьд бодит үнэлгээгээр 40-50 сая төгрөг хэмнэж байна. Хамгийн гол нь эргээд хандах боломжтой, буух эзэн буцах мөртэй учраас бид үндэсний энэхүү үйлдвэртэй хамтран ажилласан.
"Маргад Инд" ХХК-ийн холбоо барих утас: 88114594, 70171226