Хүүхдийн тоглоомын талбай дахь спортын хэрэглэл, тоглоомуудыг эх орондоо үйлдвэрлэдэг болсон байна. "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хүрээнд олон шинэ үйлдвэрүүдийг танилцуулж байгаа бөгөөд энэ удаагийн баялаг бүтээгчээр "Бумм" ХХК-ийг онцолж байна.
“Бумм” ХХК-ийн Төмөр хийцийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэр
-Та бидэнд компаниа танилцуулахгүй юу?
-Манай компани төмөр, модны үйлдвэрлэлийн чиглэлээр анх таван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлэж байсан бол өнөөдөр үндсэн болоод туслах ажилтантайгаа нийлээд 60 гаруй хүнтэйгээр зургаа дахь жилдээ үйлдвэрлэл явуулж байна. Анх Хятад улсаас хүүхдийн тоглоом, биеийн тамирын хэрэгсэл оруулж ирдэг байсан бөгөөд үүн дээрээ түшиглэн үйлдвэрээ байгуулж, одоогоор 30-40 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас гулсуур гэхэд дотроо 50 орчим загвар, хогийн сав 200 гаран загвар гэх мэтээр хийж байна.
-Гадаадаас оруулж ирж борлуулах, өөрсдөө үйлдвэрлэх хоёрын ялгаа нь юу байна вэ?
-Байлгүй яахав. Юуны өмнө цаг хугацаа хэмнэнэ. Чанартай байхын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ хямдрана. Ажлын байр шинээр бий болгоно. Хил гаалийн татвар гэх юм байхгүй. Энэмэтчилэн их олон ялгаатай болон давуу талууд бий шүү. Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд овор хэмжээ ихтэйгээс гадна цаг хугацаа их орно. Төмөр муутай учраас чанаргүй зэрэг асуудлаас болж дотоодод үйлдвэрлэх нь дээр гэж үзсэн.
-Танайх бараа бүтээгдэхүүнээ хаагуур борлуулдаг вэ?
-Манай борлуулалтын цэг 32-ын тойргийн шинэ зам дагуу мөн Нарантуул зах, Hermes төв дээр байдаг. Мөн манай фэйсбүүк хаяг, утсаар холбогдож болно шүү.
-Энэ төрлийн үйлдвэрлэл явуулахад тулгамдаж байгаа асуудал юу байдаг вэ?
-Яривал их л зүйл байна даа. Юуны өмнө хүний нөөцийн асуудал байна. Монголчууд ажил хийхээ больчихсон. Нэг сар ажил хийж цалингаа аваад л архидаад ирэхгүй. За арай удаан нэг, хоёр жил ажилласан хүн нь болохоор гадагшаа яваад эзгүй хойгуур хулгай хийгээд архиа уугаад алга болчихно. Гэтэл би бас тэр удаан ажилласан хүнээ нэлээд томоохон урамшуулах талаар бодоод явж байтал өнөө хүн маань бүтэн гурван жилийнхээ хөдөлмөрийг иймхэн юмнаас болоод л үгүй хийчихэж байгаа юм.
Дараагийн том асуудал бол түүхий эд, материалын нийлүүлэлт. Манай бүтээгдэхүүнд хуванцар материал их ордог. Гэтэл үүнийг гаднаас авдаг учраас бүтээгдэхүүн үнэтэй гарах болчихдог. Яахав хуванцарын үйлдвэр оруулж ирж болно. Гэтэл 20 тэрбум төгрөгөөр хуванцар боловсруулдаг үйлдвэр оруулаад ирэхэд дахиад л түүхий эдийн асуудал үүсч байгаа юм.
-Монголд хуванцар бэлдэц гаргаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нартай холбоо тогтоож болдоггүй юм уу?
-Тэд нартай холбоо тогтооё гэхээр манайх хүүхдийн бүтээгдэхүүн, тоглоом үйлдвэрлэдэг болохоор эрүүл ахуйн талаасаа таардаггүй юм. Учир нь энгийн хуванцар, хүүхдийн хэрэглэлд ашиглах хуванцар өөр өөр стандарт, түүхий эд ашигладаг. Тэгээд ч үйлдвэр оруулж ирлээ гэхэд манайд хангалттай зах зээл байхгүй.
-Бумм ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний давуу чанарыг та юугаар илэрхийлэх вэ. Үйлдвэрийн ирээдүйн үйл ажиллагааг сонирхвол?
-Хамгийн гол нь урдаас орж ирсэн бүтээгдэхүүнийг худалдан авлаа гэхэд эргэх холбоо байхгүй, баталгаат хугацаагүй байдаг. Өөрөөр хэлбэл нэг хотхоны гадаа талбайг урдаас авчирсан тоглоомоор тохижууллаа гэхэд эргээд эвдрэл гэмтэл гарлаа, засаж чадахгүй бол тэгээд л хог болж байгаа юм. Гэтэл манай компани өөрсдийн бүтээгдэхүүндээ 1-3 жилийн баталгааг өгч хаана, хэзээ ч очоод засвар үйлчилгээг нь хийгээд өгчихнө. Эх орондоо үйл ажиллагаа явуулж байгаа учраас эргэж харьцахад боломжтой гэдгээрээ давуу талтай юм. Энэ бол хамгийн том давуу тал шүү.
Ирээдүйн зорилго гэвэл одоо манайх хүүхдийн тоглоомын талбай болон бүтээгдэхүүнээрээ зах зээлийнхээ 30-40 хувийг хангадаг. Зөвхөн нийслэл хот гэлтгүй бусад аймаг хотуудад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг учраас ер нь энэ зах зээлдээ монополь болж, гадаадаас орж ирдэг импортын бүтээгдэхүүнийг бууруулах бодлого баримталж байна. Мөн гадагшаа экспортоор гаргах боломжийг судлаж, эхний удаа ОХУ-д бүтээгдэхүүнээ гаргах алхамаа хийчихсэн байгаа.
Холбоо барих утас:96662658, 98112658, 89262658