Хүнсний нарийн ногоог дэвшлийн өргөст хэмх, улаан лооль, импортын жимсээр төсөөлж ирсэн бидэнд Монголын хөрсөнд гүзээлзгэнэ, усан үзэм тариалдаг "Ногоон сор" компани их содон санагдсан юм. “Хэрвээ хүсээд бас хичээвэл монголын маань ийм сайхан үржил шимтэй хөрсөнд ургахгүй ногоо гэж байхгүй. Хэзээ нэг өдөр гадил тарьсан гэхэд гайхах зүйлгүй мэт санагдаж байна” гэж яриагаа эхэлсэн баялаг бүтээгчдийн нэг "Ногоон сор" компанийн Гүйцэтгэх захирал Н.Отгонбаяртай ярилцсанаа хүргэж байна.
-Гүзээлзгэнийг хэзээнээс анх тариалж эхэлсэн бэ. "Ногоон сор" компанийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Манай компани 2009 онд байгуулагдаж 2010 оноос эхлэж хүлэмжинд ногоо тарьж эхэлсэн. Одоогоор нийт 32 хүлэмжинд хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тарьж ургуулж байна. Анх жижиг хүлэмжинд гүзээлзгэнэ тарьж туршсаны үндсэн дээр 2011 онд Төв аймагт өвлийн хүлэмж барьж илүү их тариалж эхэлсэн. Өнгөрсөн онд бид "Чингис бонд"-оос зээл авч долоон том өвлийн хүлэмж барьсан. Үүнийхээ гуравт нь дан гүзээлзгэнэ тарьж байна.
-Гүзээлзгэнэ тарихад арчилгаа их шаарддаг байх. Ургац хэр авдаг вэ?
-Ер нь бол идэхэд амттай чинээгээрээ тарихад мөн л ажиллагаа ихтэй хэцүү байдаг. Яг л хүүхэд бөөцийлж байгаа юм шиг тийм их ажиллагаа ордог. Агаар, ус, дулаан гээд л бүх зүйлийг нь тааруулж байж л сайн ургац авна. Жишээ нь хуурай агаар болон хэт халуун эсвэл хэт хүйтэн агаарт тэсвэр муутай. Гүйцэд болсон жимсийг дор дор нь хурааж авахгүй бол муудаад нөгөөхдөө нөлөөлөх зэргээр хүний халамж, арчилгаа маш их шаарддаг жимс.
Манайх одоогоор сардаа гурван тонн орчим гүзээлзгэнэ хурааж авдаг. Тэгэхдээ эрсдлээ сайн тооцох хэрэгтэй л дээ. Үрсэлгээгээ суулгаж эхлээд 45-60 хоногийн хугацаанд цэцэглэж, жимсэлж эхэлнэ. Энэ үед нь сайн бөөцийлж чадвал гурван сарын турш гүзээлзгэнээ хураагаад авчихна.
-Энэ талбайдаа зөгий үржүүлдэг юм байна. Зөгийн аж ахуй давхар эрхэлдэг юмуу?
-Энэ харин их сонин түүхтэй. Эхний жил ургасан гүзээлзгэнэ маань их хэлбэр муутай гараад байсан юм. Уг нь бол сайхан ургаад байдаг. Гэтэл ямар ч хэлбэргүй гараад байхаар нь агрономичдоо хэлсэн чинь гүзээлзгэнэ өөрөө байгальд зэрлэгээр ургаж байсан ургамал учраас цэцэг нь заавал зөгийнд тоосоо хүртээдэг ёстой юм байна. Ингээд бид хүлэмжиндээ арван мянган зөгий авч байршуулснаар гүзээлзгэний хэлбэр сая хэвийн болсон.
-Ногоон сор компанид хэчнээн хүн ажиллаж байна. Тарьсан ногоогоо хураах, арчлах гээд хүн хүч нэлээд их шаардлагатай байдаг байх?
-Нийт 25 хүн байнга хүлэмжинд ажиллаж байна. Мөн улирлын чанартай гаднаас хүмүүс нэмэлтээр авч ажиллуулдаг учраас ерөнхийдөө 60-70 хүн ажлын байраар хангадаг гэж ойлгож болно.
Манай компанийн гол зорилго бол эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл хүнсээр хэрэглэгчдийг хангах. Энэ нь өнөөдөр зүгээр нэг хоол хүнсний асуудал юм шиг боловч угтаа бол бид монгол хүний ген, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлаа хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэж үзэж болно. Ажилчид маань өглөө таван цагт ажилдаа гараад, ургацаа хураагаад, түгээлтэд өгч явуулдаг. Ингэснээр хэрэглэгчдийн гар дээр өглөө бүр шинэхэн жимс, хүнсний ногоог хүргэж байна.
-Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд хүлэмжийн аж ахуй эрхлэх хэр ашигтай байдаг юм бол?
-Хүлэмжийн аж ахуй үр өгөөж ихтэй ч ашиг багатай бизнес. Ажиллагаа, эрсдэл ихтэй учраас энэ бизнесийг хийхэд тухайн хүний дур сонирхол байх ёстой. Тэгж байж л хийхээс биш дан ашиг хөөсөн хүнд бол ашиггүй.
Бидэнтэй ижил төрлийн аж ахуй эрхэлдэг хэн бүхний эрхэм зорилго бол гаднаас орж ирж буй генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэрэглээнээс бүрмөсөн халах, үр хойчоо эрүүл саруул өсгөж өндийлгөхийн тулд ямар нэг хортой бордоогоор бордсон хүнсний ногооноос иргэдийг бүрэн татгалзахад өөрсдийн хувь нэмрээ оруулахад байгаа юм.
Өөрөөр хэлбэл монгол хүн эх орныхоо эрүүл хөрсөнд тарьсан эко хүнсээ хэрэглэдэг болгоход бидний энэ хийж байгаа ажлын утга учир оршиж байгаа юм.
-Иргэдийн худалдан авалт хэр байдаг вэ?
-Сүүлийн үед худалдан авалт өдөр бүр нэмэгдсээр л байна. Хүмүүс ч бас “Ногоон сор” гэж мэддэг болсон байна. Анх гүзээлзгэнэээ хураагаад зарахад хүмүүс хятадаас оруулж ирж савлаад зарж байна гэж харддаг байлаа. Манайх бас усан үзэм тариалдаг юм. Тэгээд өнгөрсөн жилийн ургацаа зарахад бас л хүмүүс “хэзээ монголд усан үзэм тарьж байлаа. Хятад жимс савлаж зарж хэрэглэгчдийг хуурч байна” гэж байсан. Би усан үзмээ аваад гарахдаа тариалалт, хураалтын явцаа харуулсан хэд хэдэн зураг авч явсан. Хүүхдүүд маань надаас "яах гэж байгаа юм бэ" гэж асуухад нь би хэрэг болноо л гэж хэлсэн. Яг тэгээд хүмүүс хуурамч жимс зарлаа гэж хэлэхэд нь би зургаа үзүүлж байсан. Үүний үр дүнд хүмүүс монголд усан үзэм тарьдаг гэдэгт итгэсэн шүү.
-Тэгэхээр бас усан үзэм тарьдаг юм уу. Монголын нөхцөлд тарьж болж байна гэж үү?
-Манайх анх нэг хүлэмжинд тариалж үзсэн юм. Тэгээд нэг тонн орчим усан үзэм хурааж авсан. Харин энэ жил гурван хүлэмжинд тарьж байгаа. Ер нь аливаа ногоог тарихад эхний жил хөрсөндөө дасаж зохицож өгдөг юм шиг санагдсан. Харин хоёр дахь жилээсээ эхлээд ургац сайн ургаж эхэлдэг юм байна. Энэ жил усан үзэм маань нэлээд эрт гарч, сайн боловсрох шинжтэй байна.
Бүх төрлийн жимс ногоог тарихад арчилгаа л маш их хэрэгтэй. Агаар, нар, дулаан гээд бүхнийг тааруулна. Өглөө эрт болон оройн сэрүүнд усалгаагаа хийж өдөр хэт халбал хүлэмжээ хучиж хогийн ургамлыг нь байнга цэвэрлэх хэрэгтэй. Харин манай хөрс өөрөө үржил шим ихтэй сайн хөрс болохоор тэр бүрий бордоод байх шаардлагагүй.
Тус компанийн туслах агрономич Ж.Ганхуяг "Манайх одоогоор таван төрлийн хүнсний нарийн ногоо тарьж байна. Аливаа ногоог тарихад гол нь арчилгаа их чухал, хэдий чинээ арчилна төдий чинээ ургац сайн авдаг. Тийм болохоор жимс ногоо нэг бүрийнхээ онцлогт нь тааруулж зөв арчлах нь чухал. Жишээ нь тарвас гэхэд нарны тусгал их шаарддаг ч хэт халуун бол тохиромжгүй байдаг. Гэтэл өргөст хэмх халуунд илүү сайн ургадаг байх жишээтэй. Ер нь л зөв арчилж чадвал ямар ч жимсийг тарих боломж байдаг. Усалгаагаа хийхдээ ч хүртэл заавал өглөө оройн сэрүүнд услах ёстой. Агаар нар салхиа хэмжээтэй тааруулна. Өдөр хэт их халаад ирвэл хүлэмжээ хучиж, оройн сэрүүн орохоос өмнө дулаална гээд ногоо тарих гэдэг нөр их хөдөлмөр шүү" хэмээн ярьсан юм.
Утас: 99011925