Монгол үндэсний хоолны “Хүннү грийл" ХХК 2011 онд байгуулагдсан бөгөөд одоо 15 ажилчинтай 24 цагаар хоол хийж, хүргэж үйлчилдэг юм. Тус компанийг бид хүнсний үйлдвэрлэлд баялагийг бүтээж байгаа хэмээн онцолж төсөлдөө хамруулсан юм.
Үүдээр нь ороход дан залуус хоол хийж, захиалга авч, мөн хүргэлтээр явж байлаа. 24 цагаар ажилладаг учраас шөнө дуудлаганд явахад элдэв ааш авир гаргах хүн захаас аван байдаг төдийгүй дан том том ястай мах янзалж бэлддэг тул эмэгтэйчүүд ажиллахад тохиромжгүй байдаг тул нэг ч эмэгтэй хүнгүй байгаа нь ийм учиртай аж.
Захирал Ц.Түмэнбаяр: “Манай орны 30-50 насны эрэгтэйчүүд сүүлийн үед хүмүүсийн ихээр хэрэглэдэг болсон пицца, шарсан тахиа нэг их иддэггүй. Үүнд цаг агаарын байдал ч нөлөөлдөг байх. Анх үйлчилгээгээ эхлүүлж байхад нэг ч хоол зарахгүй өдөр олон байсан. Энэ бизнесийг хийхэд реклам зар сурталчилгаа маш их шаарддаг. Тэгээд компани маань байгуулагдаад үндсэндээ дөрвөн жил орчим болж байж сая нэг олонд хүрч байна. Үүнд бас Мэдээллийн лавлах 1900-1950-тай хамтран ажилласан маань их дэм болсон шүү.
Хоол үйлдвэрлэж, хүргэдэг компаниуд олон боловч ихэнх нь шөнийн 12 цагаас хойш ажилладаггүй. Харин бид яг л 24 цагаараа үйлчилж, стандартын түвшинд хүрсэн сав баглаа боодолтойгоор найдвартай хурдтай хүргэдэг гэдгээрээ ялгардаг.
Хамгийн гол нь махан хоол учраас аль болох сайн чанарын шинэ махыг хэрэглэхийг зорьдог. Тийм ч учраас манайх өглөө бүр “Хүчит шонхор” захаас өөрсдөө очиж махаа шилж түүж авдаг. Жишээ нь хавирга гэхэд зөвхөн өндрийн хавирга авдаг. Мөн хоолонд маань ямар нэг амтлагч бодис огт ороогүй. Зөвхөн ус, бор давс, хавирга, хүнсний ногоо орно. Ингэхээр энэ чинь өөрөө "эко" хоол болж байгаа юм. Хамгийн гол нь галаа сайхан тааруулаад чанахад л болно. Их өег амт чанартай хоол гэдгийг хэрэглэгчид маань хэлэх байх" гэж ярьсан юм.
Эднийх мөн удахгүй эмнэлэгт хэвтэж байгаа өвчтнүүдэд зориулсан "эргэлт" үйлчилгээг хэрэгжүүлэх гэж байгаа аж. Тэгэхдээ дан ганц мах гэлтгүй хүний эрүүл мэндэд сайн гэх бүтээгдэхүүнээр тусгай хоол хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ингэснээр захиалагч яг ямар бүтээгдэхүүн орсон хоол хүснэ түүнийг л хийгээд тухайн эмнэлгийн заасан хүнд нь хүргэж өгөх боломжтой болох юм байна.
Биднийг байх хугацаанд захиалга тасралтгүй ирэх бөгөөд хааяа нэг захиалсан цаг нь болсон ч ирэхгүй байна гэх гомдол ирж байлаа. Тэд энэ тухай “Хүргэлтийн үйлчилгээний хамгийн хэцүү зүйл замын түгжрэл. Үүнээс л болж цагаасаа хоцрох, хоол хөрөх гээд асуудал үүсдэг. Манай гол үйлчилгээ хүргэлт байдаг учраас энэ л манай хамгийн том бэрхшээл юм. Захиалгаа аваад хоолоо бэлтгээд хүргэх гэтэл эндээс гараад нам зогсдог. Гэтэл хэрэглэгчдэд тэр замын бөглөрөө огт хамаагүй. Захиалсан цагтаа л бүтээгдэхүүнээ авах хүсэлтэй. Тэгэхдээ бид яаж ийгээд л очдог. Бид нэг баяраар бүтэн цаг 40 минут хоцорч очсон. Тэгээд дахиж шинээр хоол бэлдэж хүргэж өгч байлаа”
Яагаад дахин шинэ хоол өгсөн талаар гайхан асуухад “Манай зорилго бол хэрвээ таны хоол хөрчихсөн, цагаасаа хэтэрхий их хоцорсон бол та дахиад захиал, бид танд шинэ халуун хоол хүргэж өгнө. Энэ бол манай үйлчилгээний гол чанар. Тийм ч учраас манайхаар тасралтгүй үйлчлүүлж байгаа байнгын үйлчлүүлэгч нар олон байдаг. Тэр дунд төрийн байгууллагууд их олон бий шүү. Бид ч бас тэр хүмүүстээ урамшуулал нэлээд өгдөг тодорхой хэмжээнд хоол захиалсны дараа нэг удаа үнэгүй захиалга авна гэх мэтийн урамшуулал нэлээд өгдөг” гэж ярилаа.
Тус компани шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн гэдэг талаасаа сав баглаа боодолдоо ихээхэн анхаардаг юм байна. Мөн дан залуус ажилладаг гэхэд солонгос, хятад хоолны томоохон ресторануудаас ч цэвэрхэн гал тогоотой, бүх юм нь эмх цэгцтэй байдаг харагдлаа.
“Хүннү грийл” компанийн хоолны цэс дан махан хоолноос бүрддэг учраас бүтээгдэхүүн нэлээд үнэтэй гарчих гээд байдаг юм байна. Энэ талаар Ц.Түмэнбаяр захирал ярихдаа
“Өмнө нь манай улсад өвөл, хавартаа мах үнэд орж зун, намартаа хямдардаг байсан. Гэтэл одоо үнэ нь нэмэгдээд л байхаас огт хямдрахаа больсон. Малаар баян орон гэхэд дэндүү үнэтэй мах хэрэглэдэг нь авч байгаа хэрэглэгч байтугай зарж байгаа бидэнд ч хэцүү байдаг шүү” гэсэн юм.
Ийнхүү хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн зам мөрөө үлдээж яваа хамт олныг бид "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөлдөө хамруулсан юм.