Хилийн чанадад ажиллаж байгаад эх орондоо баялаг бүтээхээр ирсэн хүн олон бий. Олон улсын стандартыг Монголдоо хэрэгжүүлж яваа үйлдвэрлэгчдийн нэг бол яах аргагүй “Монгол оймс” ХХК-ийн захирал Ц.Отгонбаяр юм. Хэрэглэгчдийн хэзээний танил энэ компани манай төслийн шинэхэн баялаг бүтээгчдийн нэг.
Яагаад заавал оймс үйлдвэрлэх болов. Үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байна вэ?
Би БНСУ-д оймсны үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн учраас энэ чиглэлээр мэдлэгээ ашиглаж үйлдвэр нээх санаа анх төрсөн юм. 2009 оны намар бид үйл ажиллагаагаа эхэлж “Монгол оймс” ХХК-ийг үүсгэн байгуулсан.
Үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулаад нэлээн хугацаа өнгөрлөө. Монголд энэ төрлийн үйлчилгээ явуулах орчин нөхцөл хэр байна?
Цаг хугацаа өнгөрөх тусам хэцүү хүнд даваанууд бага багаар багасаж байдаг. Тухайн үеийг өнөөдөртэй харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай байна даа.
Санхүүгийнхээ эх үүсвэрийг анх яаж зохицуулж байв. Ер нь энэ хугацаанд зээл тусламжид хамрагдсан уу?
Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн болохоор тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон. Тэр мөнгөөрөө үйлдвэрийн барилгаа барьж, тоног төхөөрөмжөө авч үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа . Үйл ажиллагаа жигдэрсний дараа банкнаас зээл авсан. Манайх одоогоор Худалдаа хөгжлийн банктай харилцаатай. “Жайка”-гийн төсөлд хамрагдсан.
Танай бүтээгдэхүүн импортын оймсноос юугаараа ялгарах бол?
Манайх Солонгосоос 100 хувийн цэвэр даавуун утас авчирдаг болохоор дэлхийн зах зээлд стандарт хангасан оймс үйлдвэрлэдэг гэж хэлж болно. Монголын 100 хувь ноос ноолуур, сарлагийн хөөвөр зарим тохиолдолд ашигладаг.
Өмнөх үеэ бодвол үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж дотоодынхоо бараа бүтээгдэхүүнийг хэрэглэх нь олширсон. Яг бодит байдал дээр ямар байгаа бол?
Мэдээж нааштай байгаа. Сүүлийн үед монголчууд олон талын үйлдвэрлэл, чиглэл рүү орж эхэлсэн. Эхэн үед бараа бүтээгдэхүүн маань бага зарагддаг байсан бол одоо худалдан авагч эрс нэмэгдсэн шүү.
Тоног төхөөрөмжийн шинэчлэл хэр хийж байна?
Бид орж ирсэн ашгаа үргэлж үйлдвэрлэлийнхээ шинэчлэлд ихэвчлэн зориулдаг. Цаг үеэ дагаад өөрчилж шинэчлээд л явж байна. Оймсны үндсэн 18 машинтай. Мэдээж угааж, индүүдэх, боож баглах гээд өөр олон төрөл бий.
Ямар сүлжээгээр оймсоо худалдаалдаг вэ. Гадны оронтой хамтын ажиллагаа бий юү?
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны сүлжээ дэлгүүрүүд бий. Зарим үед хувь хүмүүс болон гадны худалдан авагчид үйлдвэрийн үнээр худалдан авдаг. Саяхан манайх Япон улстай албан ёсны гэрээ хийсэн. Дээрээс нь намар хойд хөршид зузаан оймсны нийлүүлэлт нэмэгддэг.
Ажилчдынхаа нийгмийн асуудалд хэр анхаардаг вэ?
Ажилчдын маань 70-90 хувь нийгмийн даатгалд хамрагддаг. Манайх залуу хүмүүс учраас янз бүрийн тэтгэмжид аль болох оруулахыг хичээдэг.
Ярилцсанд баярлалаа.
Харилцах утас: 358585, 9404-1248