Төмөр эдлэл тэр дундаа барилгад хэрэглэдэг цутгалтын торыг чанартай үйлдвэрлэдэг гэдгээрээ салбартаа үнэлэгддэг "БИТУБЕ" ХХК дээр очихоосоо өмнө нэлээд том үйлдвэр байх хэмээн сэтгэлдээ төсөөлж явлаа. Харин бидний очсон үйлдвэр айлын хашаанд байх жижиг цех байсан юм. Ингээд "Бие нь жижиг ч бэлчээр томтой" тус үйлдвэрийн талаар Захирал Б.Баяржаргалтай ярилцсанаа хүргэж байна.
-Яагаад заавал өрлөг, төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болов?
-2008 онд барилгын салбар нэлээд уначихсан, манайх шиг үйлдвэрлэл явуулдаг газар харьцангуй цөөхөн байсан. Тэр үед ангийн найз маань надад анх энэ санааг өгсөнөөр бид хамтран үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Бидэнд тоног төхөөрөмж байхгүй учраас нөхөр бид хоёр төмрөө гараараа тэгшилж, нэг гагнуурчин ажилд аваад л бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн дээ. Тэр үед тороо борлуулахын тулд уйгагүй явган явж барилгын компаниуд дээр очиж танилцуулга хийдэг байлаа.
-Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас олж байв?
-Тэр үед зээл бараг өгдөггүй байсан. Мөнгөний ханш ч одоогийнхоос хавьгүй бага байсан юм. Манайд үйлдвэрийн байр сав байхгүй учраас бүтээгдэхүүнээ гэртээ хийдэг байлаа. Гэр бүлийн хүн маань ажлаасаа цомохтголоор халагдаад таксинд явдаг байсан болохоор дангаараа санхүүгээ босгох боломж байгаагүй тул найзтайгаа хамтраад тухайн үеийн зардлаа гаргаад л бүтээгдэхүүнээ хийдэг байсанаа яваандаа тусдаа салж, бие даан үйлдвэрлэлээ явуулах болсон доо.
-Анх байгуулагдсанаасаа хойш өнөөдөр эргээд харахад танай үйлдвэрт хэр ахиц гарсан байна вэ?
-Манайх анх Орчлон констракшинд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан юм. Харин одоо Орчлон констракшны маш олон хороолол байгуулагдсан байна. Тэр болгонд миний хийсэн хөдөлмөрийн минь үр шим байдаг болохоор би их баяртай байдаг. Үйлдвэрлэл маань ч өдөр ирэх бүр өргөжин одоо том хэмжээний цех болж, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, ажилчдын тоо нэмэгдсэн. Тухайн үед төмрийг гараараа хайчлаад тэгшилдэг байсан бол одоо тоног төхөөрөмжөөр хийдэг болсоноор өдөрт 4000 тор үйлдвэрлэж байна. Тэр үед цутгалтын торыг зөвхөн дээвэрт хэрэглэдэг байсан бол одоо шалны халаалтанд ашигладаг болсон учраас хүчин чадал маань эрэлтээ гүйцэхгүй байна. Анх цөөхөн хэдэн газар өгдөг байсан бол одоо 36 байгууллагатай харьцдаг болсон. Жишээ нь Хурд констракшин байна. Хүннү хорооллын дээврийн торонд 30000мкв, автомашины гаражид 10000мкв торыг бид гурван сарын дотор ямар ч хүлээлт үүсгээгүй, стандартын дагуу гаргаж өгсөн гэх мэтээр дурдаад байвал ахиц дэвшил үнэхээр их байна.
-Хэрвээ танай байгуулагад захиалга өгвөл та ямар давуу талуудыг амлах бол?
-Хамгийн гол нь манайх чанартай. Урьд нь цутгалтын торыг урдаас оруулж ирдэг байсан юм. Тэр нь манай хоёр торыг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй нь 36000 төгрөгний үнэтэй байдаг. Харин манай тор нэг м.кв нь 2600 төгрөгний үнэтэй. Мөн ОХУ-аас оруулж ирдэг маш сайн чанарын төмрөөр хийдэг учраас би чанар, дээр нь нэмээд хямд үнийг амлаж чадна.
Төмөр хийцийн хамгийн гол түүхий эд болох төмөр нь дотроо гантай, гангүй, хатуу, зөөлөн гэх мэт их олон янз байдаг. Хийж байгаа бүтээгдэхүүн маань дандаа барилгын салбарт хэрэглэдэг учраас хамгийн чанартай материалаар бат бөх хийх ёстой. Холоос ирсэн хүнээс удаан явсан уу, хурдан явсан уу гэж асуудаггүй, сайн явсан уу гэж асуудаг шиг танайх хурдан хийсэн үү удаан хийсэн үү гэж хэн ч асуухгүй. “Энэ хэр зэрэг чанартай вэ” гэж л асууна. Тийм учраас түүхий эд нь чанартай байхаас гадна бүтээгдэхүүнийхээ хэмжээг зөв авч, гагнаас нь салдаггүй байх ёстой.
-Одоо яг хэчнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа вэ?
-Төрлөөр нь яривал их олон. Зөвхөн сетик гэхэд л найман төрөл, цутгалтын тор арав гаран төрөл байдаг. Түүнээс гадна төмөр шат, гаражны гүйдэг хаалга түүний кропыг хийж байна. Маш их шургуу ажилладаг учраас үйлдвэр маань байгуулагдаад найман жил болж байхад надад ердөө 8, 9 хоносон юм шиг л санагддаг. Одоо манайх өрлөгийн тор 400-500 мянган м.кв үйлдвэрлэх хүчин чадалтай.
-Гар ажиллагаа ихтэй юм шиг харагдлаа?
-Манайд Хятад улсаас авчирч байсан нэг машин байгаа. Заримдаа алдаа заагаад байдаг учраас аль болох гараараа хийдэг. Бид уг нь тоо ширхэгээс илүү чанартаа анхаарах ёстой гэж бодоод гар ажиллагаагаа илүү найдвартай гэж үздэг ч харилцагч байгуулагын тоо нэмэгдэх тусам ингэж хийх нь цаг хугацаа их алдаж бүтээмж багатай байх нэг нөхцөл болж байгаа юм. Тийм учраас илүү найдвартай ажиллагаатай сайн техниктэй болох тал дээр анхаарч судалгаа хийж байгаа.
-Төмөр хийцдээ хамгийн их ажиллагаа ордог бүтээгдэхүүн нь юу байдаг вэ?
-Ажиллагаа ихтэй гэхээсээ илүү хортой тал их байдаг. Өөрөөр хэлбэл манай үйлдвэр гагнуур их хийдэг. Энэ нь өөрөө хүний биед ихээхэн хортой. Тийм учраас яавал хүний биед хор багатай болгох вэ гэдэг талаас нь их судалж байна. Тэгэхдээ бид нар зээлээс зээлийн хооронд явдаг учраас тэр бүхнийг нэг дор шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг л даа.
-Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудаас ялгарах онцлог тань юу вэ. Бүтээгдэхүүндээ хэдэн сарын баталгаа өгдөг вэ?
-Төмөр хийцийн үйлдвэрлэлийнхэн бүгд л над шиг зүтгэж яваа хүмүүс. Гэхдээ энэ зах зээлд бид хамгийн чанартай бүтээгдэхүүн гаргадаг гэдгийг л хэрэглэгчиддээ харуулахыг зорьдог.
Баталгааны хувьд гэвэл дор хаяж 10 тэгээд л цаашаа 60 жилийн баталгаа ч өгнө. Манай шалны тор гэхэд 60 жилийн баталгаатай байдаг. Төмөр хэдий хугацаанд зэвэрч дуусна, манай хийсэн гагнуур яг тэр хугацаанд л дуусна.
-Таны хувьд долоон жил энэ салбарт ажилласан. Энэ хугацаанд ЖДҮ-ийг дэмжих аливаа төсөлд хамрагдаж байсан уу?
-Манайх анх байгуулагдаж байхдаа 100000 төгрөгний хөрөнгөтэй, нэг сая төгрөгний дүрмийн сантай байсан. Тэр үед зээл гэж өгдөггүй байсан учраас олсон ашгаараа л тоног төхөөрөмж, барилга байшин гээд бүгдийг нь бий болгож байлаа.
Харин одоо бол ЖДҮ эрхлэхэд харьцангуй тусламж дэмжлэг сайн болсон ч бодлогын тал дээр зөв зохицуулалт хийх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Барилгын компани болон түүнд бараа нийлүүлдэг компаниудад тулгарч байгаа хамгийн бэрхшээлтэй асуудал нь зээлээр төлбөр тооцоогоо хийдэгт л байна. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд бүтээгдэхүүнээ ихэвчлэн зээлээр болон бартераар авдаг. Гэтэл бүтээгдэхүүн нийлүүлсэн компани бартераар авсан байраа зарж чадахгүй бол санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд орж байгаа ч таван жил хамтарч ажилласан компанидаа зээлээр өгөхгүй байх арга байхгүй. Манай компанийн авлага гэхэд л хийж байгаа бүтээгдэхүүнийхээ нийт орлогоос давчихсан явж байна шүү дээ. Энэ мэтчилэн зээл тусламж гэхээсээ илүүтэй зөв бодлогоор дэмжиж өгөөсэй.