“Масс агентлаг”-аас санаалчлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр Нийслэлийн баялаг бүтээгчдээ алдаршуулж буй. Төсөл хөтөлбөрийн хүрээнд энэ удаа Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн баялаг бүтээгч “Есөн од” ХХК-ийн “Есөн од фүүд” шоколадны үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь Монголд анх Бельги технологиор цэвэр шоколад үйлдвэрлэсэн юм. Ийн “Дэлхийд танигдсан Монгол амт уриатай ““Golden Gobi” брэнд үүсчээ. Одоогоор 30 гаруй нэр төрлийн шоколад болон чихрийн цуглуулгыг үйлдвэрлэж байна. “Есөн од фүүд”үйлдвэрийн Ерөнхий менежир Б.Ганбаяртай ярилцлаа.
- “Есөн од фүүд” шоколадны үйлдвэр хэзээ анх байгуулагдсан бэ?
- Манай компани “Есөн од” компанийн охин компани. “Есөн од” компани 1990 оноос хойш гадаад дотоодод худалдаа эрхэлж байсан. Улмаар 1996 оноос та бидний амтархан идэх дуртай “Мars”, ”Snickers”-ийг дотоодын зах зээлд нийлүүлсэн. Ийнхүү долоон жил “Мars”, ”Snickers”-ийг борлуулж байгаад 2003 онд өөрсдийн үйлдвэрийг нээхээр шийдсэн. Тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Долоон жил “Мars”, ”Snickers”-ийг борлуулж байгаад 2003 онд өөрсдийн үйлдвэрийг нээхээр шийдсэн
- Хэдэн төрлийн шоколад үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна?
- Анх бид нэг төрлийн шоколадыг гурван янзаар үйлдвэрлэдэг байсан. Дараа нь 2005 оноос самартай шоколад хийж эхэлсэн. Үүнээс хойш үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжүүдийг сайжруулснаар олон төрлийн шоколад үйлдвэрлэж байна. Одоогоор бид 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай хамт олон 2012 онд сахаргүй эко шоколадыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлсэн. Мөн аж ахуй нэгжүүдийн захиалгаар тухайн байгууллагын онцлогийг харуулсан сав баглаа боодол бүхий шоколадыг захиалгаар үйлдвэрлэдэг.
Байгууллагын онцлогийг харуулсан сав баглаа боодол бүхий шоколадыг захиалгаар үйлдвэрлэдэг
- Бизнес эрхлэгчид өдөр бүр шинийг санаачилж өсөн дэвжиж байдаг. Танай компанийн ирээдүйн зорилго?
- Тэгэлгүй яахав. Бид цаашид олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Тэр дундаа эх орны хөрсөнд ургасан жимс болон эмийн ургамалтай шоколад үйлдвэрлэж жинхэнэ монгол брэндийг бий болгоно.
Жимс болон эмийн ургамалтай шоколад үйлдвэрлэж жинхэнэ монгол брэндийг бий болгоно
- Тоног төхөөрмжөө хэрхэн шийдсэн бэ?
- Манай үйлдвэр нь Бельги Улсын тоног төхөөрөмжийг ашигладаг. Үйлдвэрийн Ерөнхий технологичоор Белгийн иргэн ажилладаг.
- Аливаа үйлдвэрлэлийн гол хөдөлгөгч хүч бол ажилтнууд байдаг. Хэдэн ажилтантай вэ?
- Одоогоор манай үйлдвэр 15 ажилтантай. Бид ихэвчлэн хүний хөдөлмөр бага шаардагддаг бүрэн автомат тоног төхөөрөмж ашигладаг. Өдөрт таван тонн шоколдан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Өдөрт таван тонн шоколдан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай
- Тулгамдаж байгаа ямар асуудал байна?
- Шоколадыг Европууд 100 гаруй жил үйлдвэрлэж хөгжсөөр ирсэн. Мэдээж өдөр ирэх тусам хөгжсөөр байгаа импортын шоколадуудтай өрсөлдөнө гэдэг том даваа. Үүнийг давахын тулд маркатенг сайн хийх ёстой. Энэ жилээс бүтээгдэхүүнийхээ амтыг бага зэрэг өөрчилж байгаа. Монгол хүмүүс ихэвчлэн зөөлөн амтанд дуртай байдаг. Тиймээс монголчуудын амтлах дуртай зөөлөн амтыг агуулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.
Импортын шоколадуудтай өрсөлдөнө гэдэг том даваа