Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдээ бид дэмжих учиртай. Тиймээс “Масс агентлаг” “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчилж буй.
Бид энэ удаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар суманд үйл ажиллагаа эрхэлдэг баялаг бүтээгчидтэй уулзаж, үйлдвэрлэлтэй нь танилцлаа. Мөн тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж,санал бодлыг нь сонссон юм.
Юуны түрүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын “Буян хишиг” талхны цехийг зорилоо. Тус цех нь хмелийн талхыг Сэлэнгэдээ 15 жил үйлдвэрлэж байгаа бөгөөд том талхаа Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн болгожээ. Ингээд “Буян хишиг” цехийн үүсгэн байгуулагч Д.Баатартай ярилцлаа. Тэрбээр энэ үеэр “Би талхандаа хайртай” хэмээн онцлон хэлж байсан юм.
- Сайн байна уу та. Айл бүрийн зоогийн ширээний гол бүтээгдэхүүн болох талхыг үйлдвэрлээд хэдэн жил болж байна?
- Манайх цехээ 2000 оны наймдугаар сард байгуулсан. Бид өнөөдөр 5-6 төрлийн талх үйлдвэрлэж байна. Хмелийн талхыг бид Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн болгосноороо бахархдаг юм.
- Өдөрт дунджаар хичнээн ширхэг талх үйлдвэрлэдэг вэ?
- Хмелийн том талхыг цагт дөрвөн ширхэгийг л үйлдвэрлэдэг. Учир нь хмелийн цэцгийн хандаар гурилаа хөөлгөдөг болохоор их уддаг.
Хмелийн том талхыг цагт дөрвөн ширхэгийг л үйлдвэрлэдэг. Учир нь хмелийн цэцгийн хандаар гурилаа хөөлгөдөг болохоор их уддаг
- Талхны хөрөнгө гэдэг хамгийн чухал түүхий эд. Анх хаанаас талхныхаа хөрөнгийн авч байсан бэ?
- Тэгэлгүй яахав. Анх төмөр замд байрлах талхны цехээс хөрөнгийг нь авч талх хийж байлаа. Сэлэнгийн хмелийн том талх бусад аймгуудад байдаггүй. Зөвхөн манай аймагт л үйлдвэрлэдэг юм.
Сэлэнгийн хмелийн том талх бусад аймгуудад байдаггүй
- Аливаа үйлдвэрлэлийн гол хөдөлгөгч хүч бол мэдээж ажилтнууд байдаг. Анх хэдэн ажилтантай ажлын гараагаа эхэлж байв?
- Анх хүүхэдтэйгээ хоёулхнаа талх хийж байлаа. Харин одоо манай цех 8-10 ажилтантай, гурван ээлжээр 24 цагийн турш талх үйлдвэрлэдэг.
- Талхаа хаагуур түгээдэг вэ. Аймгийн төвөөс гадна бусад аймаг сумдууд руу талхаа борлуулдаг уу?
- Бид талхаа аймгийн хүнсний захад байрлах нэрийн барааны лангуу болон бусад дэлгүүрүүд рүү захиалгаар хүргэж өгдөг. Мөн Дархан руу 200-250 талх нийлүүлдэг. Цаашид бусад аймаг сумдууд болон нийслэл рүү талхаа борлуулах зорилготой.
- “Буян хишиг” талхан цех хэдэн төрлийн талх үйлдвэрлэдэг вэ?
- Манай цех 5-6 төрлийн талх үйлдвэрлэдэг. Том,загасан,зүссэн,дугуй,хар,дөрвөлжин талх зэргийг үйлдвэрлэж байна.
- Та өөрөө ямар мэргэжилтэй хүн бэ?
- Би талх нарийн боов хийх сонирхолтой учир талхчин болоод 15 жил болж байна. Талх хийж эхлэхээсээ өмнө талх нарийн боовны сургалтад суусан.
- Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор улсаас олон төрлийн төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Танай талхан цех төсөл хөтөлбөрт хамрагдаж улсаас санхүүгийн дэмжлэг авсан уу?
- Монголын ажил олгогч эздийн холбооноос олгодог хөнгөлөлттэй зээлээс авсан. Зээлд хамрагдснаар ажлын байраа барьж, талхны нэр төрлөө нэмэгдүүлсэн.
- Хичнээн төгрөгийн зээл авч үйлвэрлэлээ өргөжүүлэв?
- Анх зургаан сая төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ эхэлсэн бол дараа нь ажлын байр барих зорилгоор 25 сая төгрөгийн зээл авсан.
- Тоног төхөөрөмжөө хэрхэн шийдсэн бэ?
- Би тоног төхөөрөмжөө хувь хүнээр хийлгүүлсэн. Бид талхаа монгол аргаар буюу гал дээр хийдэг болохоор мөн л монгол хүний ур ухаанаар бүтсэн тоног төхөөрөмжийг ашигладаг.
Бид талхаа монгол аргаар буюу гал дээр хийдэг болохоор мөн л монгол хүний ур ухаанаар бүтсэн тоног төхөөрөмжийг ашигладаг
- Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тодорхой хэмжээгээр бэрхшээл тулгардаг. Танд өнөөдөр ямар бэрхшээл тулгарч байна?
- Зээлийн хүү бага байх хэрэгтэй байна. Хэрэв уян хатан нөхцөлтэй бол өрхийн үйлдвэрлэлээ цаашид улам нэмэгдүүлмээр байна.
- Аймаг орон нутгаас хэр дэмждэг вэ?
- Маш сайн дэмждэг. Хоёр удаа зээлд хамруулж өгснөөр өнөөдөр манай талхны цех улам өргөжиж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн хмелийн том талхаа 2013 онд Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн болгосон.
Хмелийн том талхаа 2013 онд Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн болгосон.
- Хмелийн талхаараа үзэсгэлэн худалдаанд оролцож байв уу?
- Тэгэлгүй яахав. Сэлэнгийн хмелийн том талхаараа олон үзэсгэлэн худалдаанд оролцож шагнал,урамшуулал хүртсэн.
- Сүхбаатар хотод танайхаас өөр цех бий юу?
- 5-6 талх,нарийн боовны цех байдаг.
- Хмелийн талх ямар үед хамгийн эрэлттэй байдаг вэ?
- Зуны улиралд эрэлт ихтэй байдаг юм. Тиймээс бид хүчээ дайчилж шинэхэн талхыг хэрэглэгчдэд хүргэж ажилладаг.
- Талхны үнийг сонирхоё. Хмел талх илүү үнэтэй байдаг уу?
- Хмелийн том талх 1900-2000 төгрөг. Жижиг талхаа 950 төгрөгөөр борлуулж байна. Сүүлийн үед гурилын үнэ нэмэгдсэн учир талхныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй болсон.
- Тэгвэл нэг шуудай гурилаар хэдэн талх хийдэг вэ?
- Нэг шуудай гурилаар 30 гаруй том талх хийдэг.
- Өдөр өдрөөр өргөжиж буй танай хамт олны цаашдын зорилго юу вэ?
- Тоног төхөөрөмжөө улам нэмэгдүүлж шинэ өдрийг шинэхэн талхтай угтах боломжийг хэрэглэгчдэд олгоно. Мөн хүүхдүүддээ цехээ өв залгамжуулж, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой. Манай нэг хүүхэд удахгүй тусдаа талхны цех ажиллуулна.
Шинэ өдрийг шинэхэн талхтай угтах боломжийг хэрэглэгчдэд олгоно
- Эцэст нь та талхаа бидэнд магтахгүй юу?
- Талх гэдэг өглөө бүр айлын ширээн дээр байдаг гол бүтээгдэхүүн юм. Тиймээс бид сэтгэлээ шингээж талх үйлдвэрлэдэг болохоор талхандаа би хайртай.
- Баярллаа. Та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье.
- Баярллаа. Бидний үйл хэргийг олон түмэнд үнэ төлбөргүй сурталчилж байгаад танай хамт олонд ажлын амжилт хүсье.