“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн баг Сэлэнгэ аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж байгаа билээ. Төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд зөгийн аж ахуй эрхэлдэг “Хатан зөгий” бүлийг зорилоо. Тус бүлийн ахлагчаар Д.Эрдэнэчимэг хэмээх хөдөлбмөрч, нямбай эмэгтэй ажилладаг. Тэрбээр мөн зөгийн аж ахуй эрхлэхийн хажуугаар олон төрлийн ногоо, жимс жимсгэнэ тарьдаг юм.
- Зөгийчин мэргэжлийг хэзээ эзэмшсэн бэ?
- Шаамарын тэжээлийн аж ахуй гэж байхад илгээлтээр зөгийчин болж байлаа. Улмаар 1981 онд Хөдөө аж ахуйн сургуулийн бригад фермийн дарга нарыг бэлтгэх зөгийчний курст суралцаж төгссөн. Мөн Дэлхийн зөнгийн дэмжлэгээр 2010 онд зөгийчний курст суралцсан. Нийт 35 жил зөгийчин хийж байна.
- Олон жил зөгийчин хийсэн хүн ажлын туршилгын талаар их зүйл ярих нь гарцаагүй?
- Тэгэлгүй яахав. Шаамарын тэжээлийн аж ахуйн зөгийн фермд зөгийчнөөр ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. Мөн “Хатан зөгий” бүлийг 2010 онд байгуулсан. Бүл маань жил ирэх тусам өргөжиж 16 хүнтэй ажиллаж байна. Манай бүл анх 36 бүл зөгийтэй байсан бол одоо 315 бүл зөгийтэй боллоо.
Манай бүл анх 36 бүл зөгийтэй байсан бол одоо 315 бүл зөгийтэй боллоо
- Нэг бүл зөгийнд ойролцоогоор хичнээн зөгий байдаг вэ?
- Нэг бүлд үржлийнхээ үед 150 мянгаас дээш зөгий байдаг. Мөн бүл бүрт нэг ширхэг хатан зөгий бий.
- Тэгвэл нэг бүл зөгий хичнээн кг бал гаргадаг вэ?
- Бэлчээр сайтай бол 20 орчим кг бал авдаг. Зарим жил үүнээс ч илүү бал хураадаг. Цэвэр байгалийнхаа балыг хураах нь бидний зорилго. Таримал аргаар ч мөн бал хураадаг юм.
Цэвэр байгалийнхаа балыг хураах нь бидний зорилго
- Шаамар суманд зөгийн бал үйлдвэрлэдэг олон бүл бий. “Хатан зөгий” бүлийн онцлог давуу тал юу вэ?
- Манай суманд 170 айл зөгийн аж ахуй эрхэлж зөгийн бал гарган авч байна. Миний хувьд анх хатан зөгийг зохиомол аргаар гарган авсан нь онцлог. Тиймээс бид бүлээ “Хатан зөгий” хэмээн нэрлэсэн. Мөн бид анхлан суралцаж байгаа зөгийчдөд мэргэжлийн зөвлөгөө өгч сургагч багшаар ажилладаг.
- Зөгийчдийг улсаас хэрхэн дэмждэг вэ. Танай бүл төсөл хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн дэмжлэг авч байв уу?
- Анх Дэлхийн зөнгөөс 36 бүл зөгий авсан нь анхны дэмжлэг юм. Мөн зөгийгөө өвөлжүүлэх байр бариулахаар 10 сая төгрөгийн зээл авсан. Авсан зээлээ төлөөд дууссан.
- Зөгийн аж ахуй эрхэлдэг хүмүүст ямар бэрхшээл тулгардаг вэ?
- Зөгий ихсээд ирэхээр бэлчээр хомсддог. Манай суманд зөгийн аж ахуй эрхэлдэг олон бүл байдаг. Тиймээс зөгийн бэлчээр ойртох асуудал үүсдэг. Улмаар бид зөгийнүүдээ аваад ойрын аймаг, сумдууд руу нүүдэг юм. Хамгийн гол нь зөгийн балыг борлуулах нэгдсэн сүлжээ дутагдаж байна. Бид өөрстөө үзэсгэлэн худалдаагаар зөгийн балаа борлуулахаас бөөнөөр нь зарах боломжгүй. Мөн сав баглаа боодлоо шийдэж чаддаггүй. Сав, боодлоо шийдэх санаа байдаг ч хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй л байна.
Зөгийн балыг борлуулах нэгдсэн сүлжээ дутагдаж байна
- Мэдээж жижиг дунд бизнес эрхлэгчдэд цаашдын зорилго гэж бий. Танай бүлийн зорилго юу вэ?
- Тэгэлгүй яахав. Миний хувьд зөгийний аж ахуйгаа үр хүүхэддээ өвлүүлэх зорилготой. Миний охин ээжээсээ хатан зөгийг хэрхэн зохиомлоор гаргах талаар сурсан. Зуны улиралд надтай хамтран хатан зөгий гаргадаг юм.
Зөгийний аж ахуйгаа үр хүүхэддээ өвлүүлэх зорилготой
- Хатан зөгийг зохиомлоор гаргадаг аргаа тайлбарлаач?
- Гурав хоногтой авгалдайг эхгүй зөгийнд тавьж байршуулна. Энэ аргыг л хамгийн сайн хийгээд сурчихсан байхад зөгийн бүлийг өсгөх амархан. Бид хатан зөгийг зохиомлоор гаргаад 15-20 мянган төгрөгөөр борлуулдаг. Хатан зөгийг зохиомлоор сайн гаргасан тохиолдолд зөгийний цус ойртдоггүй.
Хатан зөгийг зохиомлоор сайн гаргасан тохиолдолд зөгийний цус ойртдоггүй
- Тэгвэл хатан зөгийний үүрэг их байх нь ээ ?
- Тэгэлгүй яахав. Хатан зөгий,ажилчин зөгий,эр зөгий гэсэн гурван төрөл бий. Үүнээс ажилчин зөгий хамгийн их үүрэгтэй. Хатан зөгий ч мөн бал гаргахад их үүрэг хүлээнэ. Харин эр зөгий бол үржилд ороод үүрэггүй болдог юм.
- Зөгийн балны ач тусыг хүмүүс сайн мэддэг. Тэгвэл зөгийн балнаас гадна зөгийнөөс хамаарах олон бүтээгдэхүүн байдаг гэж сонслоо?
- Тийм шүү. Зөгийн балны ач тусыг хүмүүс сайн мэддэг. Мөн хүний эрүүл мэндэд хэрэгтэй олон бүтээгдэхүүнийг зөгийнөөс авч болно. Жишээ нь цэцгийн тоос нь бие махбодын дархлааг сэргээх үүрэгтэй. Мөн зөгийний жилий гэж бий. Энэ нь сахарын өвчинд тустай. Түүнчлэн зөгийний лаваар лаа хийж болно. Зөгийн балыг хайлуулаад лав гаргаж гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Цэцгийн тоос
Зөгийн жилий
Зөгийн лаваа
Хатан зөгий зохиомлоор гаргахад хэрэглэдэг хуанли
Хатан зөгийний халхавч
- Зээл авч зөгийний өвлийн байраа барьсан гэж та хэллээ. Өмнө нь зөгийнүүдээ хаана өвөлжүүлж байсан бэ?
- Өмнө нь Дэлхийн зөнгөөр баригдсан зөгийний өвөлжөөнд зөгийнүүдээ өвөлжүүлдэг байсан.
- Аймаг орон нутгаас зөгийчдийг хэрхэн дэмждэг вэ?
- Зохих хэмжээний дэмжлэг өгдөг. Зээл, тусламж олон удаа авч эргүүлж төллөө. Жишээ нь зөгийний өвөлжөөг барихад хүүгүй зээл авсан. Ямар ч хүн аймгийн удирдлагуудтайгаа өөрөө л тулж ажиллах хэрэгтэй. Тэгвэл хэн ч биднийг дэмжих нь ойлгомжтой.
- Зөгийн балны цэвэр биш эсэхийг хэрхэн мэдэх вэ?
- Бидний нэрийг барьж хуурамч зөгийн бал иргэдэд борлуулдаг. Шаамарын цэвэр зөгийн балыг таних арга бий. Энэ нь зөгийчин тус бүр өөрийн гэсэн кодтой байдаг. Улмаар бид зөгийн балаа зарахдаа утасны дугаар, кодоо бүтээгдэхүүнийхээ шошгон дээр байрлуулдаг.
- Зөгийн балыг хэрхэн гаргаж авдаг талаар сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа.
- Баярлалаа. Зөгийн аж ахуйг олон нийтэд үнэ төлбөргүй сурталжилж байгаа танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье.
зөгийнүүдийг өвөлжүүлдэг хайрцаг