“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн баг Дундговь аймагт амжилттай ажиллалаад ирлээ. Бидний эхний очсон газар бол тус аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Амар” тахианы аж ахуй юм. 300 гаруй тахиатай, 2013 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Дундговь аймагт одоогоор ажиллаж буй цор ганц тахианы аж ахуй юм.
-Сайн байна уу. Юуны өмнө говь нутагт ховорт тооцогдох тахианы аж ахуйд ирсэндээ баяртай байна. Бидэнд аж ахуйгаа танилцуулахгүй юү?
-Одоогоор манай аймагт байгаа тахианы аж ахуй гэвэл ганц манайх л байгаа байх. Анх галуу өсгөж үржүүлэх бодолтой байсан ч үр ашгаа өгөх нь удаан юм билээ. Нэг өдөр хоол өгөөд маргааш нь өндөг авна гэхээр хэцүү санагдсан гэх үү дээ. Харин тахиа бол хооллож л байвал өндөглөж байдаг амьтан. Энэ талаасаа ч тэр үү, шувууны аж ахуй эрхэлж байсан хүний хувьд тахианы фермийн ажил арай дөхөм санагдсан. Тэгээд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газраас зээл авч, өнгөрсөн өвөл 300-гаад тахиа авч, тэжээж эхэлсэн дээ.
-Анх үйлдвэрлэлээ яаж эхлүүлж байв. Одоо хэдэн ажилчинтай вэ?
-2013 онд жижиг дунд үйлдвэрлэлээс зээл авахаар 140 сая төгрөгийн зээлийн төсөл бичиж байсан юм. Тахианы аж ахуй эрхлэхэд 1000-аас доош шувуутай бол ашиг гарах нь бага гэж сонсоод 3000 шувуугаар тооцож төслөө бичиж байлаа. Гэхдээ 35 сая төгрөгийн зээл л авсан. Харин авсан мөнгөний маань ихэнх хэсэг шувууны байр барихад зарцуулагдсан. Тиймдээ ч манай тахианы байр 1000 шувуу багтаахаар хангалттай том шүү \инээв\. Үлдсэн мөнгөөр нь тахиагаа худалдаж авсан. Одоогоор өвгөн бид хоёр л ажиллаж байна. Хоёр ч удаа хүн авч ажиллуулж үзсэн. Гэхдээ залуучууд залхуу, цамаан болсон гэдэг нь их мэдрэгдсэн. Нэг өдөр ирж үзчихээд үнэр нь муухай юм, дуу чимээ ихтэй байна гээд маргааш нь дахиж ирдэггүй юм.
-Тахианы аж ахуйг хүн бүр зориглож эрхэлж чадахгүй шүү. Таны хувьд яагаад заавал шувуу тэжээхээр болсон юм бэ?
-Өвгөн маань жолооч ажилтай болохоор нэг тийшээ яваад ирэхээрээ тэнд ч ийм аж ахуй эрхэлж байна, энд ч ийм шувуу тэжээж байна гээд олон санаа хэлдэг байсан. Тэгээд ч хоёр галуунаас хорин хэдэн галуутай болж чадсан болохоор нэг их шантардаггүй юм. Нэг үе галуу, цацагт хяруул, тахиа гээд бас болоогүй ээ, чацаргана, үхрийн нүд, хүлэмжийн ногоо тариалах гээд олон ажлыг зэрэг зэрэг л амжуулдаг байсан.
Зээлээ сая төгрөгт хүргэж төлдөг болохоор өндгөө зараад олсон орлого маань зээлийн төлөлт, шувууны тэжээл зэрэгт л зарцуулагдаад дуусдаг.
-Эдийн засгийн хувьд тахианы аж ахуйгаас гарах үр ашиг, эрсдэл нь хэр байдаг юм бол?
-Одоогоор зээлийн төлөлт, шувууны хоол тэжээл гээд үр ашиг багатай ч зэргэлдээ сумдынхаа айл өрхүүдийг өндгөөр хангаж чаддаг болсон болохоор сайхан л байна. Харин тахиа асаргаа ихтэй амьтан болохоор орчин нөхцөл, хоол унд жаахан өөрчлөгдвөл өндөг гаргахгүй байх талтай. Үүнээс гадна хоол тэжээлийн асуудал санаа зовоодог юм. Нэг шуудай тэжээлийг 54.000 төгрөгөөр авдаг ч 300 тахиа хооллоход хоёр юм уу, гурван хоног л болдог. Тэгэхээр сардаа 20 шуудай хоол, тэжээл авдаг гэсэн үг. Зээлээ сая төгрөгт хүргэж төлдөг болохоор өндгөө зараад олсон орлого маань зээлийн төлөлт, шувууны тэжээл зэрэгт л зарцуулагдаад дуусдаг.
-Эрсдэлээс гарч, аж ахуйгаа хөгжүүлэх боломж нөхцөл хэр байна?
-Дэгдээхий нэмж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх л гол гарц болоод байгаа юм. Уг нь энэ хавар дахиад дэгдээхий нэмэх санаа байна. Ноднин нэг сард ирсэн дэгдээхийнүүд маань тавдугаар сараас өндөг гаргаж эхэлсэн. Гэхдээ тахиа 2-3 жилийн дотор хөгширч, өндөглөхөө больдог болохоор энэ хавраас дараагийн дэгдээхийнүүдээ авах шаардлагатай болоод байгаа юм. Тэгэхгүй бол ирэх хавар гэхэд одоо байгаа тахианууд маань өндөг гаргахаа больж, дараагийн дэгдээхий ирэх хүртэл өндөг тасрах эрсдэлтэй. Тахиа нэмэгдвэл өндөгний захиалгаа ч бүгдийг нь нийлүүлэх боломжтой болно. Тэгээд ч манай шувууны байр 900-1000 тахиа багтаах боломжтой болохоор дэгдээхий нэмэхэд байранд санаа зовохгүй байна.
-Өндөгнүүдээ хэрхэн борлуулдаг вэ. Мэдээж аймагтаа үйлдвэрлэж байгаа болохоор тээвэрлэлт, хадгалалтын хувьд ямар нэг асуудалгүй байх?
-Тэгэлгүй яах вэ. Манай өндөг өдөртөө л дуусдаг юм. Өдөрт 150-160 орчим өндөг авдаг ч сумдын захиалга ихтэй болохоор аймгийн төвийн дэлгүүрт ч өгч чадалгүй дуусах нь их байдаг. Хараад байхад аймгийн төвд байгаа дэлгүүрүүд ихэвчлэн хотоос өндөг авчирч зардаг юм билээ. Гэтэл тэр нь хадгалалт, тээвэрлэлт гээд баталгаагүй шүү дээ. Үнийн хувьд манайх хэдэн төгрөгөөр илүү ч бид чанарыг бол амлаж чадна.
-Үйлдвэрлэл эрхэлж байгаа газар орноос тухайн үйлдвэрлэлийн хөгжил их хамаардаг. Танай орон нутгийн хувьд аж ахуйг тань хэр дэмжиж байна?
Ядаж л өндөгний хайрцгаа хувь хүнээс авахгүй өөрөө үйлдвэрлэдэг болмоор санагддаг юм.
-Бид зээлээ орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөөс л авсан. Харин одоо аж ахуйгаа өргөжүүлье гэхээр дэмжлэг жаахан муутай юм. Уг нь аймаг, сумын Засаг дарга нар ганц байгаа тахианы аж ахуй гээд их л сайхан ханддаг юм. Гэхдээ тусалж дэмжиж байгаа юм мэдэгдэхгүй л байна. Зээлийн эргэн төлөлтийг багасгачихвал аймгаа, цаашлаад бүс нутгаа өндгөөр хангаж болмоор л санагддаг юм.
-Жижиг ч, том ч өөрийн гэсэн бизнес эрхэлж байгаа хүн бүрт бизнесээ өргөжүүлэх юмсан гэсэн зорилго байдаг. Харин таны хувьд хэтийн зорилго тань юу вэ?
-Аж ахуйгаа жаахан эртхэн эхлүүлсэн бол одоо аймгаа өндгөөр хангах хэмжээнд хүрчих байсан байх гэж боддог. Гэхдээ шувуу нь цөөхөн болохоор одоогоор бодсондоо хүрч чадаагүй л байна. Тийм болохоор шувуугаа нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь л хамгийн том зорилго болоод байна даа. Ядаж л өндөгний хайрцгаа хувь хүнээс авахгүй өөрөө үйлдвэрлэдэг болмоор санагддаг юм.
- “Масс” агентлагийн “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” хөтөлбөр танд ямар санагдав?
-Үйл ажиллагаа явуулаад удаагүй болохоор аж ахуйгаа олонд таниулах боломж муу байдаг юм. Харин танай төслийн багийнхан манай аж ахуйг зориод ирсэнд бид их баярлаж байна. Мөн “Масс” агентлагийн хамт олонд ажлын амжилт хүсье. Төслөө илүү олон хүнд хүргэж ажиллаарай.