Дундговь аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг бүртгэлтэй 500 гаруй иргэн, аж ахуй нэгж бий. Үүнээс гадна бүртгүүлээгүй иргэд, аж ахуй нэгж ч цөөнгүй бөгөөд 700 гаруй иргэд, аж ахуйн нэгж үйлдвэрлэл эрхлэхээр зээл авчээ. Харин тэдний дундаас үйл ажиллагаа явуулаад найман жил болж буй “Агь” мужааны цехийг “Баялаг бүтээгч” буландаа онцолж байна.
-Сайн байна уу Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад мужааны цехийнхээ үйл ажиллагааг танилцуулаач?
-Манай цех 2007 онд байгуулагдсан. Гэрийн хаалга, тооно төрөл бүрийн модон эдлэл, тавилга үйлдвэрлэдэг. Дундговь аймагт байгаа хамгийн том мужааны үйлдвэр гэж хэлж болно доо. Хуучны барилгыг сэргээн засварлаж цехээ байгуулсан болохоор үйлдвэрлэлийн байрны хувьд асуудал байгаагүй.
-Орон нутагт үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй тал юу байна?
-Ер нь жижиг дунд үйлдвэрлэлд хамгийн чухал зүйл бол байршил, зах зээл байдаг. Энэ тал дээр манайх боломжийн гэж боддог. Харин хүндрэлтэй зүйл гэвэл модны үнэ жилээс жилд өсөж байна. Иймд хотоос модон материал авчрах, тээвэрлэхэд өндөр зардал гардаг. Үүнийгээ дагаад манай бүтээгдэхүүний үнэ ч өсөх хандлагатай. Энэ нь хэрэглэгчдэд үйлдвэрлэлээ таниулах, бүтээгдэхүүнээ борлуулахад сөргөөр нөлөөлдөг. Мөн зээлийн асуудал, барьцаа хөрөнгө зэргээ шийдэхэд банкны зүгээс шаардлага өндөртэй байдаг. Төр засгаас энэ тал дээр цогц бодлого хэрэгжүүлбэл зүгээр юм шиг санагддаг. Гэхдээ хүндрэлтэй талыг нь ярихаас илүү хүн өөрөө хичээдэг байх, хамт олон нэг хүсэл зорилготой байх нь чухал болов уу. Зорилгынхоо төлөө тууштай явж байж бид баялаг бүтээнэ шүү дээ.
-Аливаа үйлдвэрлэлд хэрэглэгчийн сэтгэл ханамж их чухал. Танайхан бүтээгдэхүүнийхээ чанарт хэрхэн анхаардаг вэ?
-Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар ямар байх нь хамгийн түрүүнд модоо яаж сонгосноос л шалтгаалдаг. Тэгээд модоо хатаах, харуулдах гээд эцсийн шат хүртэлх бүх дамжлагыг хэрхэн хийснээс үйлдвэрлэсэн хаалга, тоононы маань чанар харагддаг. Өөрөө бүтээгдэхүүнээ хянах, мужаанууддаа зааж зөвлөх ажлыг хийдэг болохоор энэ тал дээр их анхаардаг.
-Мужааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар олон бий. Тэгвэл “Агь” мужааны цехийн тэднээс ялгарах онцлог юу юм бол?
-Хурдан шуурхай юм болов уу. Мөн техник хэрэгслийн тал дээр хоцрогдоогүй. Харин бусад газруудыг бодвол тавилга болон гэрийн мод үйлдвэрлэхдээ сийлбэр оруулж амжаагүй байна. Зөвхөн үйлдвэрлээд, будаад гаргадаг. Гэсэн ч манай тавилга, хаалга, тооныг Өмнөговь аймгаас ч зорьж ирж авдаг.
-Үйлдвэрийн байр томтой, багаж хэрэгсэл ч нэлээд байгаа харагдах юм. Гэхдээ цөөн ажилчидтай юм шиг санагдлаа?
-Манай цех захиалга сайтай ажилладаг ч ажилчдын тал дээр дутагдалтай. Одоогоор зургаан ажилчинтай. Ажилчдынхаа тоог нэмэх хүсэлтэй байдаг ч шинээр ирсэн залуус тогтворгүй, амархан шантрах талтай байдаг. Мэргэжлийн мужааны үнэмлэх барьсан хэрнээ юу ч чадахгүй хүн их ирдэг. Тиймээс ажилд авах хүмүүсээ заавал сургаж авдаг. Ямар ч ажлыг анх харахад амархан санагддаг ч яг хийгээд ирэхээр зовлон бэрхшээлийг нь ойлгодог. Би өөрөө мужааны мэргэжилтэй, энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэх боломжийн санагдаад одоогийн ажилтнуудтайгаа хамтарч цехээ байгуулсан.
-Үндсэн ажилтнаас гадна туслах ажилчин авч ажиллуулах үе байдаг уу?
-Байлгүй яах вэ. Ачаалал ихтэй үед туслах ажилчин нэмж аваад 10 гаруй хүнтэй ажилладаг.
-Бүтээгдэхүүний захиалга хэр их ирдэг вэ?
-Аймгийн төв дээр мужааны гурван ч үйлдвэр байгаагаас манайх хамгийн том нь гэж хэлж болно. Тийм болохоор захиалга ихтэй үед илүү цагаар ажилладаг. Дан ганц айлууд гэлтгүй албан газрууд ч тавилга захиалдаг. Намар сургууль эхлэх үед цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэл, намар хурим найрын үеэр гэр, гэрийн тавилга, цагаан сараар тавилга гээд захиалга ихтэй үе нэлээд байдаг. Энэ үеүдэд орлого ч дагаад нэмэгддэг. Харин баярын дараа захиалга багасдаг.
-Зах зээлээ өргөжүүлэх бодлого хэр явуулж байна?
-Залуу хүн болохоор үйлдвэрлэлээ илүү өргөжүүлж, зах зээлээ тэлэхийг л зорьж байна. Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулж эхэлбэл улс орон даяар манай үйлдвэрлэлийг мэддэг болно шүү дээ. Юмыг яаж мэдэх вэ, “Агь” цехийн тавилгыг авахаар захын аймгуудаас хүмүүс ирэх ч юм билүү. Үүний төлөө л ажиллаж байна. Мөн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа даа.
-Энэ жилийн хувьд үйлдвэртээ шинээр нэвтрүүлэх арга технологи бий юү?
Манай цех одоогоор зургаа, долоон төрлийн модон эдлэл үйлдвэрлэж байна. Энэ жилээс үйлдвэрийн байраа өргөжүүлж, бүтээгдэхүүний тоогоо нэмэх бодолтой байна. Манай аймаг гэрийн модон эдлэлээр улсдаа нэртэй. Тиймээс аймаг орон нутгийнхаа нэрийг гаргах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хэзээнээс бидний зорилго байсаар ирсэн. Манай хамт олон ч энэ зорилгын төлөө гар сэтгэл нэгдэн ажиллаж байна.