2014 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Алтан уран” ХХК багахан хугацаанд салбартаа өөрийн гэсэн орон зайг хэдийнээ бүрдүүлж чаджээ. Ингээд тус компанийн замнал болоод үйл ажиллагааны нэгээхэн хэсэгтэй танилцаж, захирал А.Урантуяатай ярилцлаа.
Яагаад заавал үндэсний хувцасыг сонгож урлах болов? Загвар дизайны хувьд яаж судалгаагаа хийдэг вэ?
Би хувцас дизайны зохион бүтээгч мэргэжлээр урлах эрдмийн дээд сургуулийг төгссөн. Хуримын хувцас гоёлын хувасны чиглэлээр илүү их сонирхож байсан. Гэсэн ч гоёлын хувцас тэр болгон өдөр тутамд хэрэглэглэж чадах уу гэсэн асуулт гарч ирсэн учраас монгол үндэсний хувцасыг энгийн өдөр тутам өмсөх шийдлийг гаргах санаа төрсөн. Хаана ч байхгүй зүйлийг гаргаж ирнэ гэдэг амаргүй. Тиймээс үндэсний хувцасан дээр эхэлж судалгаа хийдэг. Мөн орчин үеийн загварын чиг хандлага юу билээ гээд энэ хоёрыг нэгтгэж байж бүтээл гарна. Гэхдээ дээлний үндсэн хэв шинжийг алдагдуулахгүйгаар тэгсэн хэрнээ өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой загвар гаргахыг зорьсон.
Загварын дээлний гол онцлог нь юундаа байдаг вэ?
Гол нь хэлбэр. Хүн болгон өөр өөрийн гэсэн биеийн онцлогтой. Тэр болгоноосоо шалтгаалаад ажил мэргэжлийн онцлог өөр. Тэр болгонд зохицуулж, үндэсний эхнэр дээлний мөрнөөс санаа авч оруулсан. Мөн бүсэлхий хэсэг дээр ширээс хийж, бүсээр шийдэж өгсөн. Дээр үед эмэгтэйчүүд нуруу бөөр давсагны өвчлөл бага байсан нь бүсээ чанга бүсэлдэгтэй холбоотой гэж ярьдаг. Тиймээс бид ч гэсэн загвартаа үүнийг шингээж өгсөн.
Хамгийн их захиалга авдаг загвар гэвэл?
Өмд, юбкан дээр өмсөх боломжтой богино цамцнууд бий. Үүнийг оффисс ажилтай бүсгүйчүүддээ зориулж анх санааг нь гаргасан. Нэг цагаан сараар өмссөн дээлээ дараа жил өмсөхгүй гээд л хадгалдаг. Харин шинэ загварын цамцыг өдөр тутамдаа ямар ч үед өмсөх боломжтой.
Хүндрэл бэрхшээлтэй зүйлс хэр их гардаг вэ?
Мэдээж эсгүүрээ гаргахын тулд маш олон удаа туршилт хийнэ л дээ. Маш олон хийж туршсаны үндсэн дээр гаргаж ирдэг. Эсгүүрийн хувьд хэлбэр маш чухал. Захиалагч нэг бүр дээр хэмжээ авна тэр хүнд ямар загварыг яаж зохицуулж өмсүүлвэл илүү гоё харагдах вэ гэдэг дээр их анхаарч ажилладаг. Хүмүүс яг энэ загвар гээд зураг бариад ирдэг. Харин манайх яг тэрэн шиг нь хийж өгөхгүйгээр тухайн хүний биеийн ерөнхий галбирт тааруулж, тохирсон цорын ганц загварыг урлахыг хичээдэг.
Одоо хэчнээн ажилчинтай байна. Хамгийн анхны бүтээл гэвэл?
Манайх 15 орчим ажилчинтай. 8 оёдолчин эсүүрчин дизайнер гэх мэтчилэн. Анх бүхий л зүйлээ ганцаараа хийдэг байлаа. 2012 онд гоёлын хуримын даашинз их хийдэг байсан. Харин сүүлдээ өдөр тутмын дээл оёж эхэлсэн. Анхны дээлийг маань америкт амьдардаг нэг эгч гэр бүлийнхээ хамтаар захиалж авч байсан.
Борлуулалтаа яаж хийж байна вэ?
Манайх байгууллагдаад удаагүй учраас эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд бэлэн бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна. Захиалгат дээлний хувьд зайлшгүй манай төв байранд ирэх шаардлагатай гэсэн үг л дээ.
Цаашдын зорилгоосоо хуваалцаач?
Магадгүй ирээдүйд шинэ загварын дээлний коллекц гаргахыг хүсдэг. Мөн Монгол хийц загварын дээлийг гадагшаа нэвтрүүлэхийг зорьдог.
Харилцах утас: 9901-4911, 99643303