Манай улсад ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр олон бий. Үүний нэг нь Говьсүмбэр аймагт байдаг “Чойр хайрхан” ХХК юм. Тэд 70 гаруй хүнийг ажлын байраар хангадаг аж. “Баялаг бүтээгч” буландаа “Чойр хайрхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Одбаясгаланг урьж ярилцлаа.
-“Чойр хайрхан” ноос, ноолуурын үйлдвэрээ хэдэн онд байгуулсан бэ. Ганцхан ноос, ноолуур биш эсгий хийж байгаа гэсэн. Яагаад заавал энэ салбарт үйл ажиллагаа явуулах болсон бэ?
Энэхүү үйлдвэр маань 2012 оны наймдугаар сард нээлтээ хийж, ашиглалтад орсон. Энэ хугацаанд эсгий хийх шаардлагатай тулгарсан. Яагаад гэвэл угаасан ноосоороо эсгий хийж зах зээлд гаргавал тохиромжтой юм байна гэдгийг олж хараад өнгөрсөн онд барилга угсралтын ажлыг дуусгаад туршилтын үйлдвэрээ эхлүүлсэн.
Хамгийн анх угаах үйлдвэр маань 2012 онд ашиглалтад ороход 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй л байсан. Дараа нь ангилан ялгах цех барьж ашиглалтад оруулсан. Яг одоогийн байдлаар манай компанид нийтдээ 90 гаруй хүний ажлын байр бий болсон байгаа.
-Анх үйлдвэрээ байгуулах санааг яаж олсон бэ. Тэр түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би анх 1990-ээд оноос хойш түүхий эдийн зуучлан борлуулагч буюу ченж хийж байсан. Тэгээд ер нь хийж чаддаг зүйлээ яагаад үйлдвэржүүлээд, эцсийн бүтээгдэхүүн болгож болохгүй гэж бодоод гэр бүлийнхээ хүрээнд ярилцаж шийдээд анх үйлдвэрээ байгуулж байсан түүхтэй.
Угаах үйлдвэр маань бохироороо жилдээ 3000 тонн хонины ноос угаах хүчин чадалтай. Гэхдээ манайх санхүүгийнхээ хүчин чадал дээр тулгуурлаад мянга гаруй тонн хонины ноос, 250 гаруй тонн тэмээний ноосыг боловсруулж байна.
-Үйлдвэрээ байгуулж байхад хүндрэл бэрхшээл багагүй гарч байсан болов уу. Хөрөнгө санхүүгийнхээ асуудлыг хэрхэн шийдэж байсан бэ?
-Мэдээжийн хэрэг үйлдвэрээ байгуулж байхад дэд бүтцийн асуудлаас эхлээд шийдвэрлэх ёстой асуудлууд их байлаа. Үүнийхээ хэрээр хүндрэл бэрхшээл ч их гарч байсан. Тэгээд ноос, ноолуурын үйлдвэрт ноосоо өгсөн малчдад килограмм тутамд 2000 төгрөгийн урамшуулал өгнө гэсэн Засгийн газрын тогтоол гарсан нь бидэнд үйлдвэрээ байгуулахад их дэмжлэг болж байсан. Дээрээс нь Чингис бондын “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас хөнгөлөлттэй зээл олгосон нь үйлдвэрт маань их хэрэг болсон.
-Тэгэхээр үйлдвэрийнхээ байрыг өөрсдөө барьж босгосон гэсэн үг үү?
-Тийм ээ. Анх хоосон газар дээр ганцхан байшингийн суурь л байсан.
-Чингис бондоос зээл авсан гэсэн. Ямар шугамаар, хэрхэн авсан бэ. Төсөл бичсэн үү?
-Бид үйлдвэрээ байгуулсныхаа дараа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас Голомт банкаар дамжуулан зээл авч чадсан. Харин Чингис бондны зээлийг үйлдвэрээ өргөтгөх зориулалтаар 2013 онд авсан.
-Яг одоогийн байдлаар ямар төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ?
-Манайх угаасан тэмээний ноосоо “Гоёо”, “Говь” зэрэг компаниудад өгч ээрүүлээд, үүнийгээ зах зээлд гаргаж байна. Ирээдүйд өөрсдөө ээрдэг үйлдвэр байгуулахаар зорьж ажиллаж байна даа.
-Хагас боловсруулсан ноосоо дотоодынхоо компаниудад нийлүүлдэг үү?
-Нийлүүлдэг. Ерөнхийдөө үндэсний үйлдвэрүүд хоорондоо бүтээгдэхүүнээ солилцдог. Манайх анхан шатны боловсруулалтаа хийчихээд, дараагийн шат дамжлага болох монгол ноос, нэхмэл сүлжмэлийн үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулдаг.
-Төрөөс хэрэгжүүлж буй зээл тусламж үнэхээр эзэндээ хүрч ажиллаж чадаж байна гэж үзэж байна уу. Танай үйлдвэрийн хувьд яг одоогийн байдлаар тулгамдаж байгаа асуудал бий юу?
-Төр засгаас бизнесийн орчин болоод ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж боддог. Үүний дараагаар ямар нэг байдлаар хөрөнгө санхүүгийн тал дээр дэмжиж чадвал манай дотоодын үйлдвэрлэл, тэр тусмаа ноос, ноолууран бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд брэнд болох бүрэн боломжтой.
Дээрээс нь хуулийн тогтвортой байдлыг хангаж өгөх хэрэгтэй.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид манай улсын хууль эрх зүйн орчин тогтворгүйгээс болж маш их алдагдал хүлээдэг гэж байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Төрөөс энэ тал дээр дэмжиж ажилладаг гэж боддог. Түрүүн хэлсэнчлэн малчдаа 2000 төгрөгөөр урамшуулах гэх мэт үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд хичээж байгаа нь сайшаалтай хэрэг. Үүнийгээ цааш нь үргэлжлүүлээд, илүү боловсронгуй болгож өгвөл үр өгөөжөө хангалттай өгч эхэлнэ.
-Татварын дарамт шахалт их байдаг гэх юм. Энэ талаар?
-Улсдаа аж ахуйн нэгжийн бүртгэлтэй л бол татвар өгөх нь зүй ёсны хэрэг. Манайх ч мөн адил төлдөг. Гэхдээ бидний хувьд үүн дээр ач холбогдол өгөлгүй үүнийг давж ажиллах зорилт тавьдаг.
Үйлдвэрийн менежер Д.Мөнхбаяр
-“Чойр хайрхан” ХХК-ийн үйлдвэрийн бүтээгдэхүүн хэдэн шат дамжлага дамждаг вэ?
-Юун түрүүнд ялгаж, угааж, хатаахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болтлоо олон шат дамжлага дамждаг. Хамгийн анх ноос буюу түүхий эдийг хүлээж, аваад ялгадаг. Учир нь манайх зөвхөн цагаан ноосыг л угаадаг. Манайх жилдээ 1000-1500 тонн хонины ноос хүлээн авах хүчин чадалтай. Тиймээс цех дээр өдөрт заавал 15-20 хүн ажиллах ёстой байдаг. Үүнийг тооцоолоод үзэхээр нэг хүн өдөрт 300-350 килограмм ноос ялгадаг.
Дараа нь ялгасан ноосоо жижгэрүүлж, бутлах ёстой. Үүний дараа таван тонн ноосыг 12 цагт угаадаг.
-Үйлдвэртээ нийт хичнээн хүн ажиллах хүчин чадалтай вэ?
-Үйлдвэрт 80-90 хүн ажиллах боломжтой. Харин яг одоогийн байдлаар 65-70 хүн л ажиллаж байна.
-Техник технологио хаанаас оруулж ирсэн бэ?
-Янз бүр байдаг. Угаах машинаа БНХАУ-аас оруулж ирж байсан. Угаах тенологи гэдэг нь ноосыг шороо, тоосноос нь салгаад, ноосны тослогийг нь багасгаж өгдөг. Хэрвээ ноосыг сайн угааж цэвэрлэхгүй бол самнагддаггүй байх талтай учир манай үйлдвэрийн хамгийн чухал дамжлагуудын нэг юм. Нийтдээ таван онгоцтой. Эхний онгоцонд байгалийн хужир, 2-3 дугаар онгоцонд шингэн савангаа хийгээд 4-5 дугаар онгоцонд зайлагдаад явдаг. 24 цагт 42-45 тонн ус ашигладаг.
Ангилан ялгах цехийн ахлагч Б.Уянга
-Ангилан ялгах цех хэдэн ажилтантай вэ. Ажил нь хэцүү байдаг уу?
-Ангилан ялгах цехэд тогтмол 10-15 хүн ажилладаг. Манайд өдөрт нэг хүн 300-350 килограмм цагаан ноос ялгах норм бий. Өөрөөр хэлбэл, хурганы ноос, өнгийн ноос, цагаан ноос зэрэг нийлээд өдөрт нэг тонн цагаан ноос ялгадаг. Ажиллах нөхцөлийн хувьд тийм хэцүү биш. Харин өвлийн улиралд гадаа зогсдог учир бага зэрэг даарах тал бий. Гэхдээ бидэнд байгууллагаас дулаан хувцас хангалттай өгдөг болохоор асуудал гардаггүй.
Ер нь бид нар ажилдаа их дуртай. Ажлын нөхцөл ч сайн болохоор сүүлийн үед ажилд орох хүний тоо ихсэж байгаа. Манайд ажиллаж байгаа ажилтнуудын ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг. Цөөн тооны эрэгтэй ажилтан байдаг ч тэд ноос ачих, буулгах зэргийг хийдэг.
Жилийн жилд сар шинийн дараа гуравдугаар сард 4-5 хүн л ажилладаг байсан бол энэ жилийн хувьд маш олон хүн ирж ажиллаж байна.
-Таны хувьд хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-Би энэхүү үйлдвэрт ажилд ороод нэг сар л болж байна. Анх энгийн ажилтнаар ажиллаж байсан бол үйлдвэрийн удирдлагууд надад итгэл хүлээлгээд ахлах болгосон болохоор итгэлийг нь алдахгүйн төлөө хичээж ажиллаж байна.
Бутлах машин баригч Ц.Мөнхбат
-Өдөрт хичнээн тонн ноос буталдаг вэ?
-Бутлах машин маань 45 минутад нэг тонн ноос бутлах хүчин чадалтай. Би Баянхонгор аймгийн харьяалалтай хүн л дээ. Тэгээд “Чойр хайрхан” ХХК-д ажиллахаар суурьшиж ирээд, энэхүү машин дээр ажиллаад нэг сар болж байна.
Ажиллах нөхцөл сайтай, дээрээс нь цалин тогтмол. 24 цагаар хоёр ээлжээр ажилладаг болохоор огт ядардаггүй.
Эсгийний цехийн ээлжийн ахлагч Д.Бадамханд
-Эсгий хийх үйл явцыг танилцуулахгүй юу?
-Юуны түрүүнд эсгийгээ бутлаад, сэмлэдэг. Сэмлэсэн ноосоо ваадандаа ороогоод гаргадаг. Өдөрт 50 эсгий гаргадаг. Одоогоор найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Тус хамт олон ажилдаа дур, сонирхолтой учир гараас ажил нь хурдан гардаг аж. Үндэсний баялаг бүтээгчдээ дэмжиж буйд тэд талархал илэрхийлсэн юм. “Чойр хайрхан” ХХК-ийн хамт олонд улам их амжилт хүсье.