Гадаадад ажиллахаар явсан монголчууд эргэн ирж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаагийн нэг жишээ нь “БОНН” ХХК-ийн хамт олон юм. З.Оюунцэцэг захиралтай тус “баялаг бүтээгчид” маань Монголдоо ганц даавууны бэлдэцийн үйлдвэрлэл эрхэлдэг. “БОНН” ХХК гаднаас оруулж ирсэн цулгуй даавуун дээр дээр төрөл бүрийн чимэглэл хийдэг бэлдэцийн үйлдвэртэй. Эдний бүтээгдэхүүнийг дотоодын олон компани худалдан авч, бүтээгдэхүүн болгон экспортолдог байна.
-Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Даавууны бэлдэцийн үйлдвэр гэхээр их сонин санагдлаа. Яагаад чухам энэ салбарт үйлдвэрлэл эрхлэх болов?
2006 оноос БНСУ-д даавууны бэлдэцийн үйлдвэрийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2013 онд Монголдоо ирсэн. Тухайн үед Засгийн газраас гаднаас орж ирж байгаа тоног төхөөрөмжид хөнгөлөлт үзүүлдэг байсан нь үйлдвэрээ оруулж ирэх гол үндэс болсон. Үүнээс гадна энэ төрлийн үйлдвэр Монголд байхгүй гэдэг нь түлхэц болсон. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэлтэй хүмүүс байдаг ч Монголд үйлдвэрлэсэн хувцсыг хүмүүс авах нь бага байсан. Энэ нь оёдлын үйлдвэрүүдийн амин хэрэгцээ болсон даавууны бэлдэцийн үйлдвэр байгаагүйтэй холбоотой. Нэлээд хэдэн жил туслан гүйцэтгэгч хийсэн болохоор ажлын хувьд айгаад байх юм байгаагүй. Мөн үйлдвэр оруулж ирэх бэлтгэлтэй байсан болоод ч тэр үү, хүндрэлтэй тал ч бага байсан.
-Даавууны бэлдэцийн үйлдвэр Монголд хэр олон байдаг юм бол. Хамтарч ажиллах байгууллагууд байдаг уу?
-Даавууны бэлдэцийн үйлдвэр гэхээр олон хүн даавуу хийдэг гэж ойлгодог байх. Харин бид цулгуй өнгийн даавуу оруулж ирээд, чимэглэх ажлыг хийдэг. Манай үйлдвэрийн нэр нь “Оёмол бүтээгдэхүүний бэлдэцийн үйлдвэр”. Монголдоо анхны бас одоо байгаа ганц үйлдвэр. Тэгэхээр хамтарч ажиллах, санал солилцох үйлдвэр цөөн байдаг. Харин энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Солонгосын цөөнгүй компанитай хамтарч ажиллаж, заавар зөвлөгөө авдаг.
-Монголдоо ганц үйлдвэр байгуулахад мэргэжилтний тал дээр хүндрэл гарч байв уу?
-Бид өөрсдөө гол гол зураг, оёдол дээрээ ажилладаг боловч машины хэсэг дээр мэргэжилтэн байхгүй байсан. Гэхдээ монголчууд юмыг их амархан сурдаг болохоор үйлдвэртээ мэргэжилтэн олох тийм ч төвөгтэй байгаагүй.
-Даавуун бүтээгдэхүүний хувьд эдэлгээ, чанарын асуудал чухал байдаг. Танай бүтээгдэхүүн энэ төрлийн импортын бараанаас юугаараа онцлог вэ?
-Бөс барааны дэлгүүрүүд ихэвчлэн Хятадаас даавуу оруулж ирдэг болохоор эдэлгээ даах чанар нь тааруу байдаг. Манай компани БНСУ-аас даавуугаа оруулж ирж, өөрсдийн гаргасан, хэрэглэгчийн хүссэн загваруудаар чимэглэдэг болохоор илүү чанартай. Цулгуй даавууг бэлэн бүтээгдэхүүн болгохын тулд 4-5 дамжлага дамждаг. Үнийн хувьд тухайн даавуун дээр хэдэн хатгаш хийгдэж байна түүгээр үнэ нь хэмжигддэг.
-Урдаас оруулж ирсэн даавуу, танайд бэлдсэн даавуу хоёр чанарын ялгаатай боловч үнийн зөрүү багатай санагдлаа. Гэтэл оёдлын үйлдвэрүүд ихэнхдээ урдаас орж ирсэн даавууг сонгодог шүү дээ?
-Манай улс ноос ноолууран даавуу л үйлдвэрлэдэг. Бусад төрлийн даавууг гаднаас оруулж ирдэг. Хүмүүс хямд, үнэтэй гээд төрөл бүрийн даавуу хэрэглэдэг. Харин бид тэдний хүсэл шаардлагад нийцсэн хамгийн сүүлийн үеийн загвартай даавууг боломжийн үнээр нийлүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, тухайн жил дэлхийн загварын ертөнцөд моод болж байгаа хувцсыг хийхэд шаардлагатай даавууг бид үйлдвэрлэнэ гэсэн үг. Харамсалтай нь, манай оёдлын үйлдвэрүүд тийм хувцас хийе гэхээр бидэнд эхлээд төлбөрөө төлөх хэрэгтэй болдог. Гэтэл тэдэнд эдийн засгийн нөхцөл бололцоо бага. Бид хямд даавуу гаргана гээд өртгөө шингээхгүй байх хэцүү. Тэгэхээр энэ тал дээр холбогдох төрийн байгууллагууд анхаарч ажиллавал үйлдвэрлэгчдэд их хэрэг болно.
-Даавууны бэлдэцийн чиглэлээр ямар газруудтай хамтарч ажилладаг вэ?
-Яг энэ чиглэлээр “Говь” компани манайхтай хамтарч ажилладаг. Энэ жилийн “Гоёл” наадамд түрүүлсэн коллекцийн даавууны хээ, чимэглэлийг манай үйлдвэр хийсэн. Мөн сүүлийн үед ноос, ноолууран эдлэл чимэглэх ажлын захиалга их байгаа. Хэн ч байсан захиалъя гэвэл манайх материал бэлдэж өгнө. Жишээ нь хувь хүн ч юм уу, ноос ноолуурын цехүүд манайд хүссэн зураг, материалаа өгөөд даавуугаа хийлгэх боломжтой. Эндээс л манай даавуу болон хувцас хэрэглэлийн онцлог гарч байгаа юм. Хувь хүний захиалга гэдэг утгаараа дахиад давтагдахгүй. Энгийн тюльний материалыг ч бид үйлдвэртээ оруулаад огт өөр чимэглэлтэй даавуу болгож гаргадаг.
-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид үйл ажиллагаа нь тогтворжоод ирэхээр нэрийн дэлгүүр нээх нь түгээмэл. Танай байгууллагын хувьд тийм дэлгүүр бий юү?
-Бидний хувьд бүх бараагаа захиалгаар үйлдвэрлэдэг. Тиймээс ямар нэг дэлгүүр нээх бодолгүй. Харин 3-р сараас өөрсдөө үйлдвэрлэсэн бэлдэцээрээ хувцас хийж, экспортод гаргах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж, монгол ноос, ноолууран даавуу түлхүү ашиглана. Сайн чанарын импортын даавууг Монголоос олно гэдэг хэцүү. Олсон ч ихэвчлэн энд тэндхийн орны агуулахын үлдэгдэл даавуу байдаг. Тэгэхээр эх орондоо үйлдвэрлэсэн хонины ноосон даавуугаар голлож бүтээгдэхүүн гаргана.
-Орон нутгийн үйлдвэрлэгчид зах зээлээ тэлэх, бүс нутаг, цаашлаад нийслэл хотод бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй байдаг. Энэ тохиолдолд төр засгийн дэмжлэг хэр байдаг вэ?
-Бидэн шиг үйлдвэрлэгчдэд дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ өөрсдөө түлхүү ажиллаж чадвал л амжилтад хүрнэ. Яагаад тэгж хэлээд байна вэ гэхээр би өөрөө өрсөлдөөн ихтэй зах зээлд олон жил ажилласан. Тэнд төрийн дэмжлэг гээд байх юм бараг байхгүй. Зах зээл нь маш ширүүн өрсөлдөөнтэй. Хэрэглэгчээс захиалга аваад хаягдал багатай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь л үйлдвэрлэгчийн зорилго байдаг. Тэгэхээр үйлдвэрийн шат болгондоо анхаарч ажиллавал асуудалгүй гэж би үздэг. Гэхдээ төсвийн байгууллагууд ямар нэг худалдан авалт хийхдээ дотоодын үйлдвэрүүдийг сонгоосой гэсэн бодол байдаг. Энэ л бидэнд үзүүлж байгаа хамгийн том дэмжлэг болно.
-Үйлдвэрлэл эрхэлж байгаа хүний хувьд бизнесээ ямар байгаасай гэж боддог вэ?
-Ер нь үйлдвэрлэл гэдэг дээшээ, доошоо болсон тогтворгүй байж болохгүй. Нэг үе орлоготой байж байгаад гэнэт тасардаг ч юм уу. Ийм байвал тухайн үйлдвэрийн цаашдын нөхцөл хүнд болно. Би эдийн засагч мэргэжилтэй. Дизайнер бол миний багаасаа хүсэж, сонирхож байсан мэргэжил. Өөрөөр хэлбэл, миний мэргэжил үйлдвэрлэлээ авч явахад хамгийн их тус болдог. Тиймээс дан ганц зорьсон салбар гэлтгүй зах зээлийн өрсөлдөөн, хэтийн төлөвийг сайн тооцдог байх хэрэгтэй.
-Гадаадад олон жил ажиллаж, амьдарсан хүний хувьд үйлдвэрээ яагаад орон нутагт байгуулах болов?
-Энд хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт түрээсийн төлбөр гэдэг зүйл бидэн шиг үйлдвэрлэгчдэд хамгийн хүнд асуудал. Харин орон нутагт өөрийн гэсэн үйлдвэрийн байртай болох нь Улаанбаатарт үйлдвэрийн байр түрээслэхээс илүү хямд. Хоёрдугаарт, монгол хонины ноосоор дагнаж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж би хэлсэн. Харин хонины ноосон даавуу үйлдвэрлэдэг “Могол ноос” ХХК Төв аймагт байдаг. Төв аймагт ажиллаж, амьдарч байсан гээд олон шалтгаанаар энд үйлдвэрээ нээсэн.
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ...” төсөл хөтөлбөр танд ямар санагдав?
-Ер нь бизнес эрхэлж байгаа хүн бүрт олон нийтэд тодорхой хэмжээгээр өөрсдийгөө таниулна гэдэг асар том боломж. Ийм боломж олгож байгаад бид ч их баяртай байна.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Сэтгүүлч Г. Гангамаа