“Баялаг бүтээгчдийн дэмжинэ” төсөл хөтөлбөр орон даяр хэрэгжиж, орон нутгийн баялаг бүтээгчдээ сурталчилан таниулсаар байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид Дархан-Уул аймагт байрлах “Дархан гэрэл” компанийн “Гангууш” хиамны цехийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ингээд тус компанийн захирал М.Гэрэлтуяатай ярилцлаа.
-“Дархан гэрэл” ХХК хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
- Манай компани анх 1997 оны 4-р сард “Гангууш” ХЭАА нэртэйгээр хиам мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах чиглэлээр, хоногт 100-140 кг хиам үйлдвэрлэх хүчин чадалтай, бага оврын тоног төхөөрөмжтэй, хоёр ажилчинтай байгууллагдсан. Орон нутгийн зах зээлд хиамны үйлдвэрлэлээр анхдагч болон гарч ирсэн төдийгүй түүнээс хойш тасралтгүй 18 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна даа.
-Хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Анх нэг төрлийн нарийн хиам үйлдвэрлэж эхэлсэн “Гангууш” хүнсний үйлдвэр одоогоор 30 гаруй нэр төрлийн хиам, хагас боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, 10 гаруй нэр төрлийн дайвар хагас боловсруулсан бүтээгдэхүүн, 10 гаруй нэр төрлийн талх, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бид бүтээгдэхүүнээрээ Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн бүс нутгийн хүн амын хүнсний хэрэгцээг хангаж байна. Мөн өөрийн нэрийн барааны “Гангууш-1”, “Гангууш-2” дэлгүүрүүдээр шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь хэрэглэгчдэдээ хүргэдэг. Мөн худалдан авагчдад өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, бусад нэр төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах зорилгоор бүтээгдэхүүн нэг бүрт Стандартчилал, хэмжилзүйн газраас олгодог “Чанарын тохирлын гэрчилгээ” авч баталгаажуулдаг.
-Анх үүсгэн байгуулагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрч, үйлдвэрлэл техник технологийн хувьд ямар өөрчлөлт гарсан бол?
-2000 онд “Гангууш” ХХК болон өргөжиж хиам, мах махан бүтээгдэхүүн боловсруулах, ОХУ-ын “ПОМЗ” фирмийн үйлдвэрлэсэн иж бүрэн тоног төхөөрөмж, Итали улсын Семаг фирмийн мөс гаргагч машин, вакум аппарат, цахилгаан хэрчигч, Хятад улсад үйлдвэрлэсэн электрон жин, бүрхэвч боогч зэрэг төхөөрөмж оруулж ирсэн. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр нэр төрлөө олшруулан, бүтээгдэхүүний чанар дээшилсэн. 2004 онд өргөтгөл хийж ОХУ-ын “Восход” фермийн талх нарийн боовны иж бүрэн тоног төхөөрөмж угсарч, талхан цех ашиглалтад оруулсан байгаа. 2005 онд дээрх хэмжээний хиамны иж бүрэн тоног төхөөрөмж оруулж ирэн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж, нэмэлт тоног төхөөрөмж техник, технологи нэвтрүүлсэн.
2011 онд мөн “Helper” фирмийн тоног төхөөрөмжөөр шинэчлэлт хийж үйлдвэрлэлийн хүчин чадалаа нэмэгдүүлсэн. Түүнээс гадна Голланд улсаас мах, махан бүтээгдэхүүний мэргэжилтнийг нэг сарын хугацаатай урьж авчран, өөрийн үйлдвэрлэл дээрээ ажиллуулж, туршлага судалж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.
-Өдийг хүртэл 18 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулна гэдэг урт хугацаа шүү. Мэдээж ололт амжилт арвин байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. “Гангууш” ХХК нь 18 жил хүнсний үйлдвэрлэл эрхэлж, тогтвортой үйл ажиллагаа явуулж, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр олон арван бүтээгдэхүүн маань шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн баталгаат бүтээгдэхүүнээр удаа дараа шалгарч ирсэн. Жишээ нь -2000 оны Дархан-Уул аймгийн оны шилдэг бүтээгдэхүүн “Амтат” чанамал хиам, 2001 онд “Зочин” чанамал хиам Дархан-Уул аймгийн оны шилдэг бүтээгдэхүүн гэх мэт он дараалан авсан олон шагнал урамшуулал бий. Түүнчлэн 2002 онд ХХАА-н сайдын үзлэгээр 83.5 оноогоор шаардлага хангасан үнэлгээ авч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх итгэмжлэл хүртэж байсан. Манай компани үйлдвэртээ өргөтгөл хийж, 520 м.кв талбай бүхий хиамны цех, 220 тн мах хадгалах хөлдөөх хөргөлтийн агуулах, 400 м.кв талбай бүхий талх, нарийн боовны цех, 190 м.кв талбай бүхий туслах цех, ажилчдын амралт чөлөөт цагаа өнгөрөөх амралтын өрөө, цайны газар, угаалгын газар, душ саун, кафе, биллиард, теннисний тоглоомын газар ашиглалтад оруулсан. Компанийн маркетингийн бодлогыг боловсруулж, зорилтот зах зээлийг тодорхойлж, сар, улирал бүр хэрэглэгчдээс авдаг судалгааг үндэслэн техник технологийн давуу талаа ашиглан олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хүссэн хэмжээ, жор орцоор хийх боломжтой болсон байгаа.
-“Гангууш” ХХК хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хагас автомат зохион байгуулалттай, хоногт 3.5-5.0 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар 45 гаруй ажиллагсадтай ажиллаж байна. Бид цаашдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар стандартын шаардлага хангасан хэрэглэгчдийн хүссэн нэр, төрлийн хиам, мах махан бүтээгдэхүүн боловсруулах томоохон хүнсний үйлдвэр болох зорилт тавин ажиллаж байна. Мөн энэ дашрамд “Масс агентлаг”-ийн хамт олонд баярласнаа илэрхийлмээр байна. Бидэн шиг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид төдийлэн реклам сурталчилгаагаа гадуур цацаад байх нь ховор. Тиймээс биднийг зорьж ирсэнд их баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа.
М.Цацрал