Хэнтий аймгийн Батноров сумын уран дархан Ц.Бямбасүхийнд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг зочиллоо. Тэрбээр эртнээс уламжлан ирсэн Тожил дарханы Батноров хийцийн эмээл, хазаар хийдгээрээ нутагтаа алдаршсан нэгэн юм байна. Олон сайхан эмээл эгнүүлэн тавьсан түүний урланд бид ярилцлаа.
-Дарханы ажлыг хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Би өөрөө Тожил дарханы дөрөвдөх үе бөгөөд хүүхэд байхаасаа бага сага юм хийдэг байсан. Тэгээд цэрэгт явж ирээд л энэ ажлыг өөрийн болгохоор сэтгэл шулуудаж, анх нутгийнхаа Гантулга багшид 1996 онд шавь орж 1998 оноос бие даан бүтээл урлаж эхэлсэн. Хамгийн анх сумынхаа хүнд эмээл хийж өгснөөр өдийг хүртэл бүрэн тоногтой эмээл 99-ийг урласнаас 50 гаруйг нутгийн иргэд хийлгэсэн. Манай Батноров суманд эмээлгүй айл гэж байдаггүй. Нэг айл дор хаяж 3-5 бүрэн хийцтэй эмээлтэй.
-Та эмээлээс гадна ямар бүтээгдэхүүн урладаг вэ. Энэхүү хийцийн гол онцлог нь юу байдаг бол?
-Одоогоор эмээл, хазаар, хударга, ташуур, эрэгтэй эмэгтэй бүс хийж байна. Батноров хийцийн гол онцлог нь цутгуурын хийц болон хээнүүд нь их уран нарийн утга санааг илэрхийлсэн байдаг. Нэгэнт уламжлагдаж ирсэн болохоор Тожил хийцийг өөрчилж хийнэ гэж байдаггүй. Тэгэхээр би гол нь яарч сандарч дутуу хийлгүй, гол нь гүйцэтгэл сайтай, хийцээ гоё гаргаж ирэхийг хичээдэг. Нэг л хээ угалзыг буруу алдаатай хийвэл дахин эхнээс нь эхэлж хийдэг. Ер нь бол маш их сэтгэл шингээж хийдэг нь миний хийцийн онцлог юм болов уу даа. Би багшийнхаа “Дархаа хийж байхдаа ямар ч бүтээлд хоёр сэтгэлээр хандаж болохгүй. Сэтгэлээ шингээж хийж бай” гэдэг үгийг л удирдлага болгож ажилладаг юм.
Батноров хийцийн гол онцлог нь цутгуурын хийц болон хээнүүд нь их уран нарийн утга санааг илэрхийлсэн байдаг
-100 дахь эмээлээ хэн нэгэн хүнд ч юмуу, эсвэл арай өөр хийе гэх бодол байдаг уу. Мөн таны хамгийн хайртай бүтээл гэж байх уу?
-Бүгдэд нь ур ухаан, цаг заваа гаргаж хийсэн болохоор бүгдээрээ л миний хайртай бүтээлүүд. Тэгэхдээ би сумынхаа 90 жилийн ойгоор Батноров хийцийн эмээлийг иж бүрнээр нь хийж хандивласан. Эндээс Батноров гэж ямар хийц байдгийг хүмүүс илүү их мэдэж болох учраас бусдаас арай онцгой санагддаг шүү. 100 дахь бүтээлээ яг тэгж, ингэж хийе гэсэн бодол одоогоор байхгүй л байна.
-Нэг эмээлийг хийж дуусахад хэчнээн хугацаа зарцуулдаг бол. Мөнгөнөөс өөр материалаар хийдэг үү. Ер нь түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Эмээлийн том багаасаа шалтгаалаад 20-30 хоногт хийдэг. Тэгэхдээ бас хийцээсээ болно. Заримдаа яаралтай хийгээд өгөөч гэсэн захиалга орж ирдэг шүү. Тийм үед шөнө өдөргүй суугаад долоо хоногийн дотор гаргаж байсан. Материалын хувьд ер нь мөнгөнөөс өөр металаар хийж үзээгүй юм байна. Сүүлийн үед Солонгосоос үрлэн хэлбэртэй мөнгө орж ирдэг болсон. Түүнийгээ хийх гэж байгаа бэлдэцдээ тааруулан дэнсэлж хэмжээд шавар савандаа мөнгөө хайлуулж цутгаад дараа нь хээг нь шахаж, хөөлж дуусаад араас нь харахад бүх нүх нь гэрэлтэж харагдах ёстой. Тэгээд л өнгөлгөөнд орно. Тоног, чимгээ бүгдийг нь хийж дууссаны дараа модондоо зэрэг суулгана. Нэг эмээлэнд ойролцоогоор 16 чимэглэл ордог бөгөөд арваад дамжлага дамжсаны эцэст бэлэн болно.
-Эмээлийн хийц хэр болсныг юунаас нь харж болох вэ. Нутаг нутгийн дархчууд өөрсдийн өвөрмөц хийцтэй байдаг. Тэгэхээр та бас дархан хүний хувьд бусад хийцээс санаа авах зүйл байдаг уу?
-Хамгийн гол нь хөөлт байдаг. Хярны зогсонги, туурга гээд л бүх л чимэг дээр харахад сайн хийц бол андашгүй л дээ.
Өөр нутгийн хийцийг харалгүй яахав. Тэгэхдээ санаа авах бодол байдаггүй. Учир нь энэ хийц өөрөө эрт үеэс уламжлагдан ирсэн, нэг ёсондоо брэнд болчихсон болохоор зүгээр ур чадварын хувьд л илүү хийе гэж бодохоос өөрчилж нэмж чимэх бодол байхгүй. Хийлээ гэхэд хүмүүс тэрийг Батноров хийц гэж хүлээж авахгүй.
-Та өөрийнхөө хийцийг хаана ч харсан таних уу. Цаашдаа ямар бүтээл хийе гэж боддог вэ?
-Танилгүй яахав. Миний хийц шүү дээ.
Мэдээж сүүлийн үед хүмүүс нэг их морь унахаа больсон. Тэгэхдээ манай нутгийнхаас бусад нь шүү. Тэгээд бас бүрэн тоногтой эмээл хэрэглэх боломж бололцоо тэр бүр байхгүй байж болно. Мөн морь унадаггүй ч эмээлийн тэр сайхан хийцийг хүмүүст таниулах мэдрүүлэхийн тулд би Батноров хийцийн бүрэн тоногтой эмээлийн жижиг сувинер хийе гэж бодож байгаа. Ердөөсөө жижиг л болохоос тэр чигээрээ бүрэн тоногтой эмээл л дээ.
-Та хэдүүлээ ажилладаг вэ. Шавьтай болж энэ хийцийн ур ухаанаас заах бодол байдаг уу?
-Одоогоор хоёр туслах байгаа тэдэндээ дарханы ажлаа сургаад явдаг. Мэдээж энэ сайхан нэртэй хийцийг уламжлуулж чадсанаар л цааш цаашаа өвлөгдөн үлдэх учиртай.
Мэдээж энэ сайхан нэртэй хийцийг уламжлуулж чадсанаар л цааш цаашаа өвлөгдөн үлдэх учиртай.
Мөн өөрт байгаа дарханы багажнуудаа ч бүгдийг нь өөрөө хийсэн. Миний нэг онцлог гэх юм уу. Би бэлгэдлийг бодож дөрөөг нь дутуу хийж өгдөг юм.
-Нутгийн иргэдээс гадна өөр аймаг сумаас хүмүүс ирж авдаг уу. Таны хэрэглэдэг эмээл мэдээж хамгийн сайхан нь байх?
-Сүхбаатар, Дорнот болон нийслэлээс хааяа захиалга ирдэг. Миний эмээл надад удаан тогтдоггүй шүү. Заримдаа хүн гэнэт эмээл сураад ирэх ч юмуу эсвэл тохож явахад авья гэсэн хүнтэй үнэ таарвал өгчихдөг.
-За тэгэхээр танд өрхийн үйлдвэрлэл эрхлэж, улс орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж яваад тань төсөл хэрэгжүүлж буй хамт олныхоо зүгээс баярласнаа илэрхийлье.
-Алс тэртээ Улаанбаатар хотоос биднийг зорин ирж, хийж байгаа ажил үйлсийг минь бага гэлтгүй олон түмэнд таниулах ийм том ажлыг хийж байгаа танай хамт олонд мөн баярласнаа илэрхийлье.
Энэ үеэр орж ирсэн Батноров сумын иргэн Н.Баярцэнгэл захиалсан хударгаа авах гэж байхтай таарсан юм.
-Дархан Бямбасүхийн хийсэн эмээлийг танай нутгийнхан бүгд хэрэглэдэг юм байна. Хэрэглэгчийн хувьд сэтгэгдлээ хуваалцах уу?
-Манай нутаг бол адууны нутаг. Тийм учраас түүнийгээ дагаад хамгийн сайхан хийцтэй эмээл хэрэглэх сонирхолтой. Энэ нутагт цагаан сараар хятад мотоцикл унаж айл хэсдэг хүн нэг ч байдаггүй шүү. Бүгд л бүрэн тоногтой эмээл бүхий морио унаад нэгнийдээ айлчилдаг юм. Бямбасүх дархан манай нутагт алдартай Тожил дарханы хийцийн эмээл хийдэг учраас бүгд л түүгээр хийлгүүлэх гэдэг юм.
Энэ нутагт цагаан сараар хятад мотоцикл унаж айл хэсдэг хүн нэг ч байдаггүй шүү. Бүгд л бүрэн тоногтой эмээл бүхий морио унаад нэгнийдээ айлчилдаг юм.
Ийнхүү өрхийн үйлдвэр эрхлэгчдийн нэг уран дархан Ц.Бямбасүхийн урлангаар зочилсон төслийн баг маань Хэнтий нутгийн дараагийн баялаг бүтээгчийг зорилоо.