Бид энэ удаагийн “Баялаг бүтээгч” буландаа Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй Цөм сүргийн үржлийн төвийг танилцуулж байна. Тус төвийн захирал Т.Отгонтөгстэй ярилцлаа.
-Хэдэн онд байгуулагдаж байсан бэ. Түүхээсээ хуваалцахгүй юу?
-Цөм сүргийн үржлийн төв маань өнгөрсөн онд албан ёсоор Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчит үйлдвэр гэсэн статустайгаар байгуулагдаад, өнгөрсөн оны аравдугаар сард Цөм сүргийн үржлийн төв болж байсан юм.
Нэг хурганы арьс дэлхийн зах зээлд 63 ам.доллараар худалдаалагддаг
-Орон нутгийн санхүүжилттэй юм уу. Анх хэдэн малтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-Яг одоогийн байдлаар 1834 тоо толгой мал бий. Үүнээс сүмбэр үржлийн хонь нь 1000 гаруй, эрлийз хонь 600 гаруй, монгол хонь 150 гаруй тоо толгойг эзэлж байгаа. Цөм сүргийн үржлийн төв байгуулагдахаас өмнө Сүмбэр хонь хэмээх орон нутгийн өмчит байгууллага байсан. Тэгээд шинэчлэгдэн зохион байгуулагдаад Цөм сүргийн үржлийн төв болж байлаа.
-Сүмбэр хонь хэдэн жил үйл ажиллагаагаа явуулж байсан бэ?
-Тухайн байгууллага дөрвөн жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан юм билээ.
-Энэхүү байгууллага ганцхан Говьсүмбэр аймагт байдаг гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Ганцхан манай аймагт байдаг “брэнд” мал. Арьсны чиглэлээр мал үржүүлдэг. Үүнийг гол төлөв цэрэг хүчний байгууллагууд малгай, зах хийхээр худалдаж авдаг.
-Арьсаа дотооддоо нийлүүлдэг үү. Гадаадад экспортлох боломж бололцоо хэр байдаг вэ?
-Одоогийн байдлаар 100 хувь дотооддоо нийлүүлдэг. Харин саяхнаас эцсийн шатны боловсруулалт хийгдээд, гадаад руу экспортлохоор яригдаж эхэлсэн.
-Арьсаа боловсруулдаг уу. Эсвэл түүхий эдээр нь борлуулдаг уу?
-Анхан шатны боловсруулалт хийгддэг. Энэ нь арьсаа хуулаад, давслаад, хатаагаад, ямар ч тохиолдолд муудуулахгүй байх арга хэмжээг аваад цааш нь нийлүүлдэг гэсэн үг.
-Гадаадад экспортлохоор яригдаж байгаа гэсэн. Энэ чиглэлийн зах зээл сайн байж чадах уу. Энэ талаар судалж үзсэн үү?
-Судалж үзсэн. Бидний судалснаар дэлхийн зах зээлд нэг каракул хурганы арьс 163 ам.доллараар худалдаалагддаг юм билээ. Харин дотоодод 75-85 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
-Жилд хэчнээн арьс зах зээлд нийлүүлэгддэг вэ?
-Өнгөрсөн жилд бид хонио өсгөх бодлого баримталж ажилласан. Үүний хүрээнд нийтдээ 80 арьс бэлтгэсэн. Харин энэ жилээс зорилт тавиад, 200-250 арьс бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа.
-Ер нь сүмбэр буюу каракул хонины үүлдэр хаанаас орж ирсэн бэ?
-Сангийн аж ахуй гэж байхад хамгийн анх гавьяат малчин Тэрбиш гэдэг хүн 1969 онд Казахстанаас хуц оруулж ирээд, монгол хоньтой хээлтүүлээд, сүмбэр үүлдэр гэгчийг гаргаж ирж улсад бүртгүүлж байсан түүхтэй юм билээ.
-Та энэ төвийн захирлаар хэчнээн жил ажиллаж байгаа вэ. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бий гэж үзэж байна уу?
-Манай аймгийн барьж буй бодлого бол сүмбэр үүлдрийн хонийг нэлээд өсгөх бодлогыг баримталж ажиллаж байна. Харин миний хувьд ажлаа хүлээж аваад долоон сар гаруй хугацааг үдлээ. Цаашид улс орон даяар таниулах ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. Учир нь Монгол Улсын 21 аймгаас ганцхан манайд л байдаг юм. Тэгээд цаашлаад зөвхөн дотооддоо гэлтгүй гадаад зах зээлд гаргаж, өөрсдийн гэсэн брэндийг үүсгэнэ гэсэн бодолтой байна.
-Цус сэлбэсэн зарим хонио махны үйлдвэрт өгдөг гэсэн?
-Эргэлтийн сүрэг буюу эрлийз хонины сүргийг махны үйлдвэрт өгдөг. Манайх орон нутгийн өмч учраас өөрсдөө орлогоо бүрдүүлж орон нутгийнхаа өмчид тушаадаг. Бас ажилчид үүнээсээ цалинждаг. Тийм болохоор намрын улиралд байгууллагуудтай гэрээ байгуулаад, мах бэлддэг. Тус хонины онцлог нь жирийн хонийг бодвол том биетэй, маш хурдан идээшдэг.
-Цөм сүргийн үржлийн төвд хэчнээн ажилтан ажилладаг вэ?
-Нягтлан, нярав, жолооч, зоотехникч, туслах ажилтан болон гэрээт дөрвөн малчин нийлээд нийт есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа.
-Орон нутагт нийт хэчнээн төгрөгийн төсөв төвлөрүүлдэг вэ?
-Энэ жилийн хувьд нийт 40 сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Өнгөрсөн жил 36 сая төгрөг төвлөрүүлсэн.
-Цаашдын зорилго юу вэ?
-Жилээс жилд төвийн маань борлуулалт өсөж байгаа. Дээрээс нь эрэлт, нийлүүлэлтээсээ шалтгаалаад сүмбэр хонины арьс үнэд орж байна. Тийм болохоор орон нутгийн өмчит бус 100 хувь хараат бус болохыг зорьж байна. Ер нь аймгийн удирдлагаас бидэнд байнга анхаарал тавьдаг. Хамгийн сүүлд цус сэлбэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцын 50 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болсон. Үүгээр Казахстан, Узбекистан улсаас хуц, эсвэл тунгаар нь үр авч сүргээ сэлбэх зорилгой байгаа.
ХХАА-н газрын дарга Н.Даваахүү
-Сүмбэр үүлдрийн хурганы арьсыг хэдэн хоногтой байхад нь бэлддэг вэ?
-Сүмбэр үүлдрийн хонь бол арьсны чиглэлээр үржүүлж байгаа хонь юм. Хургыг 5-7 хоногтой байхад арьсыг авч бэлтгэдэг. Ингэхдээ ихэвчлэн эр хонины арьсыг бэлтгэдэг. Сангийн аж ахуй байхад 35-40 мянган арьс бэлтгэдэг байсан ч хувьчлалаар сүмбэр хонины үүлдэр маань бараг мөхөхөд хүрсэн. Тиймээс орон нутгийн удирдлагууд худалдаж авч, арьс бэлтгэх ажлыг үргэлжлүүлсэн учир сүүлийн хоёр жилийн хугацаанд тоо толгой нь нэлээд өссөн. Голдуу хөх болон хар арьсыг бэлтгэдэг.
-Сүмбэр үүлдрийн хонь таван төрөл байсан гэсэн. Дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Энэхүү үүлдрийг анх 1990-ээд онд баталсан. Үүнээс өмнө биологийн үйлдвэрлэл учраас үржлийн ажил хийгдэж нэлээд хугацаа шаардагдсан. Тэр үедээ Казахстанаас хар хонь авчраад монгол хоньтой эрлийзжүүлээд таван удмын сүмбэр үүлдрийн хонийг гаргаж авч байсан юм.