Сүүлийн жилүүдэд барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр чанартай бүтээгдэхүүн гарах нь ховор болсон хэмээн ярих хүн олон бий. Тэгвэл энэ бодлыг тань өөрчлөх нэгэн компанийг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөр танилцуулж байна. Тус компани шуруп үйлдвэрлэлээр монголдоо анхдагч юм.“ГБЗЛ ХХК”-ийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэ-Оргилтой ярилцлаа.
Юуны өмнө манай уншигчдад компанийнхаа талаар танилцуулахгүй юу. Шуруп үйлдвэрлэлээр Монголдоо анхдагч гэж сонссон?
“Масс агентлаг”-ийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаадаа бид маш их баяртай байна. Үндэсний үйлдвэрлэлээ ингэж дэмжих газар тэр бүр олдохгүй шүү. Манай компани 2013 оны 4-р сард хадаас, шурупны үйлдвэр, худалдааны чиглэлээр байгуулагдаж, 6-р сараас нь “Монгол хадаас” брэнд нэртэй 50-100 мм урттай сайн чанарын хадаас, өнгөрсөн оны 8-р сараас “Монгол шуруп” брэнд нэртэй 25-60 мм урттай шурупыг үйлдвэрлэж, барилгын салбарт нийлүүлж эхэлсэн. Одоо дөрвөн ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Хадаасыг манайх социализмын үеэс үйлдвэрлэж байсан. Харин шуруп бол Монголдоо анх удаа үйлдвэрлэсэн. Одоогоор цор ганц үйлдвэр нь юм уу даа. Сүүлийн хоёр жил зах зээлд судалгаа хийж үзээд манай зах зээлд хамгийн эрэлттэй гэсэн шурупыг үйлдвэрлэж байна.
Хадаас, шуруп үйлдвэрлэхэд хүндрэлтэй тал юу байна. Тоног төхөөрөмжөө хаанаас оруулж ирэв?
Зах зээлд таниулах асуудал жаахан хэцүү байсан. Гэхдээ бид барилгын материалын зах, дэлгүүр, барилгын талбайд бүтээгдэхүүнээ борлуулах тал дээр байгуулагдсанаасаа хойш багагүй судалгаа хийсэн. Манай бүтээгдэхүүний хайрцаг баглаа хүртэл мужаан хүн хэрэглэхэд амар байхаар бодолцсон байгаа. Тоног төхөөрөмжийн хувьд Тайванийн сүүлийн үеийнх болохоор бүх төрлийн хадаас, шуруп үйлдвэрлэхэд асуудалгүй. Гэхдээ хэрэглэгчдийнхээ хүсэлтийг харгалзан хадаас, шурупны хэмжээ бүрт бүх тохиргоогоо эхнээс нь өөрчлөх хэрэгтэй болдог. Хадаасны хэмжээ бүрт тохирсон машин оруулж ирвэл үйлдвэрлэлд ямар ч асуудалгүй болно.
Түүхий эдээ хаанаас авдаг вэ? Манайд төмөрлөгийн түүхий эд гаргадаг үйлдвэрүүд байдаг уу?
Манай улсад одоогоор тийм үйлдвэр байхгүй учраас БНХАУ-аас түүхий эдээ авч байна. Уг нь үндэсний үйлдвэрүүд бие биенээ дэмжээд явбал сайнсан. Бидний авчирч байгаа төмөр зах зээл дээрх хамгийн чанартай төмөр. Хадаас, шуруп хоёр харахад адил боловч химийн найрлагаас эхлээд бүх зүйл нь хоорондоо өөр. Тиймээс бид нэгэнт монгол шуруп, монгол хадаас гэдэг нэрийг авч, бүтээгдэхүүн хийж байгаа учраас хамгийн сайн гангаар хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн зах зээл дээр хүчээ авч байгаа шүү дээ. Танайд энэ байдал хэр мэдрэгдэж байна вэ?
Тэгэлгүй яах вэ. Сүүлийн хоёр жил манайх хадаасаа олонд таниулснаар хаана ч очоод асуусан чанартай гэдэг хариулт авдаг болсон. Бид олон газрын барилгын мужаануудаас судалгаа авсан. Дотооддоо үйлдвэрлэсэн, дээрээс нь чанартай түүхий эдээр хийж байгаа болохоор хэрэглэгчид манайхыг тодорхой хэмжээнд мэддэг болсон. Манайхаас өмнө хадаас үйлдвэрлэдэг компаниуд байсан л даа. Гэхдээ тэд маань юун дээр алдсаныг мэдэхгүй ч зах зээлд монгол хадаас муу гэдэг ойлголт хэрэглэгчдийн дунд элбэг болсон байсан. Харин одоо энэ ойлголт эсрэгээгээр эргэсэн шүү.
Ярилцсанд баярлалаа.
Харилцах утас: 99031105, 99254647