“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд бид Дорноговь аймагт байрлах “Хутагтын говийн тэмээчин” хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. Тус хоршооны дарга Н.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Хоршоогоо анх хэзээ байгуулж байсан бэ. Нэлээд их тэмээтэй юм шиг санагдлаа?
-“Хутагтын говийн тэмээчин” хоршоог өнгөрсөн оны нэгдүгээр сарын 10-нд байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хоршоо байгуулах санааг говьчуудын бахархал болсон тэмээ гэдэг сайхан амьтан олон байгаа хэдий ч хэн ч үзэх боломжгүй байгаа учраас тэмээний бүс нутаг болгож, төрөлжсөн аж ахуйг бий болгоё гээд төсөл хөтөлбөр бичээд, аймаг, орон нутгийнхаа удирдлага болон иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулахад дэмжигдсэн учир хоршоо байгуулах шаардлага тулгарч, тэмээтэй иргэд нийлж байгуулж байсан түүхтэй.
-Одоо 12 гишүүнтэй гэсэн. Анх хэдэн гишүүнтэй байсан бэ?
-Хоршооны хуулиар ес буюу түүнээс дээш гишүүнтэй байж хоршоо болдог. Тиймээс эхлээд 10 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулаад, нэмж хоёр гишүүн элсүүлсэн. Цаашдаа ч гишүүн элсүүлэх орон зай бий.
-Хэчнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ. Зах зээл хэр өрсөлдөөнтэй байдаг вэ?
-Бид үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй учир олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж хараахан чадаагүй байгаа. Анхны туршилтын байдлаар бүтээгдэхүүнээ энэ оноос эхлэн савлаж байна. Жишээлбэл, аарц, буцалгаа, хоормог, сүү болон хурууд зэрэг бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаагаар гаргасан.
Цаашдаа түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэдэг ингэний сүүний үйлдвэр байгуулах, Дорноговь аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавиад ажиллаж байна. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг юун түрүүнд тэмээ болон сүүгээ бэлдсэний дараа боловсруулах төлөвлөгөөтэй.
-Хоршооны гишүүд дандаа нутгийн иргэд байдаг уу?
-Одоогийн байдлаар зөвхөн манай нутгийн иргэд л хоршооны үйл ажиллагаанд оролцож байна. Гэхдээ аль ч аймаг, сумдын тэмээтэй иргэн үүнд оролцох бүрэн боломжтой. Үүнийг ч аймгийн удирдлагууд их дэмждэг.
-Анх хэдэн тэмээ нийлүүлж байсан бэ?
-400 гаруй тэмээтэйгээр хоршоогоо байгуулж байсан бол одоо 570 гаруй тэмээтэй боллоо. Цаашдаа 1000 гаруй тэмээтэй болох зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Та тэмээг хэдэн жил малласан бэ?
-Би тэмээтэй айлд төрж, тэмээний сүү ууж өссөн. Тэгээд Монголын хөдөө аж ахуйн сүүлийн 50 жилийн амьдралыг нүдээрээ харж, мэдэрсэн. Жишээлбэл, нэгдлийн тэмээ маллаж, хувийнхаа тэмээг ч өсгөж, тэмээтэй нэлээд ойр өсөж амьдралынхаа ихэнх насыг элээсэн дээ.
Дээрээс нь Монголын анхны тэмээн спортын үйл ажиллагаанд оролцож, тэмээн поло гэдэг спортыг санаачиллаа. Ер нь тэмээний аж ахуйг дэлхийд таниулах, бусдад үзүүлэх, аялал жуулчлалд ашиглах, аливаа нэгэн уралдаан тэмцээнд оролцуулахын тулд заавал цогцолбор төвтэй байх шаардлагатай юм билээ.
-Орон нутгийн удирдлагаас ямар дэмжлэг үзүүлсэн бэ. Шаардлагатай зүйл юу байна?
-Дорноговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар 100 орчим сая төгрөг төсөвлөгдөөд, гүний худаг, тог цахилгааны асуудлыг шийдэж өгсөн. Бас Сум хөгжүүлэх сангаас тодорхой хэмжээний зээл олгож, тохижилтын ажилд зарцуулагдаж байна.
Одоо ч хамтарч ажиллах хүсэлт тавьж, шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Дээрээс нь хувийн байгууллагуудаас ч хамтарч ажиллах санал ирж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн өндөр настны хоршоо ноос боловсруулахад дэмжье гэлээ.
-Дорноговьд тэмээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй өөр хоршоо бий юу?
-Хувиараа бүтээгдэхүүн боловсруулдаг малчид олон бий. Гэхдээ арван ингэтэй хүн аравхан ингэний сүүгээр бүтээгдэхүүн боловсруулаад олонд таниулна гэдэг хэцүү шүү дээ.
-Туршилтаар бүтээгдэхүүн савлаж байгаа гэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авч байв?
-Ууж үзсэн хүмүүс их ам сайтай байна лээ. Ганцхан манай аймагт төдийгүй Улаанбаатар, Эрдэнэт хотуудад бас зарагдаж байна. Ер нь хүмүүс 100 хувь цэвэр бүтээгдэхүүн гэж ямар байдгийг монголчууд ойлгож эхэлж байна. Ямар ч химийн бодис, хольцгүй, тослог, шим шүүсийг нь аваагүй бүтээгдэхүүн гэж мэддэг учраас дэмжиж байгаа хүн олон байна. Гэсэн ч ажиллах хүч муутай учраас зах зээлийг бүрэн хангахаар хэмжээнд хүрэх болоогүй. Хэрэв аймгаас бодлого хэрэгжүүлээд, биеэ даасан сүүний үйлдвэртэй болвол зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрэн бий.
-Хот руу зөөгөөд, борлуулалтыг нь хариуцаад явъя гэсэн санал ирвэл та хэрхэн хүлээж авах вэ?
-Ганцхан би гэлтгүй аймаг бодлогын хэмжээнд хүлээж авна. Хэрэв үйлдвэр байгуулах тоног төхөөрөмжөөр тусалж, хамтарч ажиллах санал тавьбал дуртайяа хүлээж авна. Энд бүх дэд бүтцийг нь шийдэж өгсөн.
-Цогцолбор байгуулахаар зураг төсөл болоод дэд бүтцийг нь шийдэж өгсөн байна. Тэгвэл ойрын хугацаанд биелэгдэх боломжтой юу?
-Өнгөрсөн оноос хойш ажил жигдэрч эхэлсэн. Аль болох хурдан биелүүлэх хэрэгтэй байгаа. Хаврын улирал болж дулаарахаар сувиллын газраа байгуулна.
-Туршилтаар өдөрт хэчнээн бүтээгдэхүүн савлаж зарж байгаа вэ?
-Захиалга их ирвэл нэг хоногт 30-40 литр бүтээгдэхүүн савлаж байна. Гэхдээ савлаагүй бүтээгдэхүүнийг 10-20 литрээр нь бас авдаг.
-Нийт хэчнээн төгрөгийн төсөв шаардлагатай гэж үзэж байгаа вэ?
-Орон нутгийн төсөвлөж байгаагаар дунд зэргийн сүүний үйлдвэр байгуулахад 100 сая төгрөг шаардлагатай. Тэгээд хаанахын тоног төхөөрөмж ашиглахаас шалтгаалаад үнэ нь янз бүр байдаг. Гэхдээ үхрийн сүүнд таарсан техник технологи их байхаас биш ингэний сүүнд таарсан техник технологийг хараахан олж чадаагүй байна. Тэгээд үхрийн сүүний техникийг ашиглахаар тослог, шүүлт зэргийг нь бүгдийг нь ялгаад тавьчихаар ингэний сүү гэдэг утгаа алдаж эхлэх аюултай.
Хоршооны гишүүн С.Пүрэвсүрэн
-Ингэний хоормогийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн туршилтын шугамаар савлаж, худалдаалж байгаа гэсэн. Бүтээгдэхүүний онцлог, давуу тал юу вэ?
-Бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд ямар нэгэн химийн бодис ороогүй, 100 хувь ингэний сүүгээр хийдэг. Буцалгаа хийхийн тулд айргаа чанаад, хоёр цаг гаруй хугацаанд замардаг. Үүний үр дүнд өтгөн сайхан амттай болдог.
-Дэлгүүрүүдэд тавьдаг уу?
-Одоогийн байдлаар Дорноговь аймгийн 12 дэлгүүрт бүтээгдэхүүнээ тавьж байгаа. Мөн хотоос их захиалга ирдэг болсон ч бидний хүчин чадал хүрэхгүй байна.
-Зуны улиралд хэдэн ингэ сааж, хэчнээн сүү боловсруулах боломжтой вэ?
-Энэ жил 60 гаруй ингэ ботголно. Үүнээс хоёр гаруйг саадаг.
-Ингэ хэр их сүүтэй вэ?
Их сүүтэй ингэнээс нэг удаадаа хоёр литр гаруй сүү саадаг. Тэгээд ихэвчлэн литр гаруй сүү авдаг.
-Ингэний сүүний бусдаас ялгарах онцлог юу вэ?
-Бусад сүүг бодвол тослог ихтэй. Дээрээс нь их цагаан өнгөтэй, ашиг шим ихтэй. Биеийн хаван болон элэг, цөсөнд их сайн.