Масс агентлагаас санаачлан хэрэгжүүлж буй "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл өдөр ирэх бүр хүрээгээ тэлж өнөөдөр 500 гаруй гишүүнтэй холбоо байгуулагдсан. Тэгвэл өнгөрсөн 27-ны өдөр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Анхдугаар их хурлаа амжилттай зохион байгуулж холбооны удирдлага, удирдах зөвлөл, бага хурлын гишүүдээ сонгосон юм. Хурлын төлөөлөгч Т.Дунжаатай ярилцсанаа хүргэж байна.
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Анхдугаар их хуралд хаанаас оролцож байна. Өөрийгөө танилцуулна уу?
-СХД-ийн гар хивс үйлвэрлэл, сургалт худалдааны "Үлэмж чанар" ХХК-г төлөөлөн энэхүү их хуралд оролцож байна. Бид импортыг орлож экспортод гаргах зорилгын хүрээнд олон шинэ бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн гаргадаг. Бид СУИС-тай хамтарч ажилладаг. Тэд загвараа гаргаад харин манай үйлдвэр технологио хийгээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд явдаг. Манайх таван багш хоёр ажилчинтай. Мөн Эрдэнэт Улаанбаатар хивсний үйлдвэрийн загвар зохион бүтээгчидтэй хамтарч ажилладаг. Гар хивс нь товгор хээтэй хэдэн үеэрээ дамжиж хэрэглэх бөх бат чанартай гэдгээрээ онцлог юм. Бид хивс хийхээс гадна нэхмэл чимэглэлтэй жижиг эдлэл болон нэхмэл зураг хийдэг болсон.
-Их хурлын талаар таны сэтгэгдэл хэр байна?
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Анхдугаар их хурал болж намайг төлөөлөгчөөр оролцуулж байгаад би маш их баярлаж байна. Масс агентлагийн хөдөлмөрч хамт олон Үндэсний үйлдвэрлэгчдээ ойлгож улс орон даяар төдийгүй, дэлхийн хэмжээнд сурталчлан таниулж, бидний ажил үйлсийг нийтийн хүртээл болгож байгаад маш их баярлаж байна. Энэ нь бидэнд маш их эрч хүчийг өгч байна. Мөн их хурлаараа бид ерөнхийлөгчөө сонгож, дүрмээ баталлаа. Цаашдаа энэ холбоо маань илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэдэгт гишүүн байгууллагын хувьд маш их итгэлтэй байна.
-Холбооны хамгийн эхний шийдвэр ямар шийдвэр байгаасай гэж таны зүгээс хүсэж байна?
-Бидэнд тулгарч байгаа бэрхшээлийг төр засагт уламжлах, хийж бүтээж байгаа сайхан зүйлүүдийг олон нийтэд хүргэх гүүр нь болно гэдэгт итгэлтэй байна.
Мөн энд цугларсан их хурлын бүх гишүүддээ холбооны шинэхэн удирдлагадаа маш их баярлалаа. Бид хамтдаа олон зүйлийг хийж монголын хөгжилд илүү их хувь нэмрийг оруулах болно.