Монголдоо анхдагч болсон шинэ салбарын гарааг эхлүүлж, амжилттай ажиллаж яваа “Алтан тос” ХХК-ийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрт нэгдлээ. “Алтантос” ХХК-ийн анх байгуулагдсан түүх болоод ололт амжилт, алдаа оноог нь хуваалцахаар бид тус компанийн захирал Г.Ганболдтой ярилцсан юм.
- “Алтан тос” ХХК хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ. Ер нь яагаад ургамлын тосны бизнест хөл тавих болов?
-Манай компани 2011 оны сүүлээр туршилтын журмаар үйл ажиллагаагаа эхлүүлж, 2012 оны нэгдүгээр сард зах зээлд албан ёсоор бүтээгдэхүүнээ гарган одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд Монголынхоо зах зээлийн 30 гаруй хувийг эзлэн амжилттай ажиллаж байна. Монголд ургамлын тос үйлдвэрлэж байсан түүх байхгүй. Харин одоо ургамлын тосоо дотооддоо бүрэн үйлдвэрлэж чадаж байгаадаа бид баяртай явдаг. Өмнө нь үйлдвэрлэж байгаагүй ургамлын тосыг зах зээлд нэвтрүүлнэ гэдэг Монголд шинэ салбар хөгжүүлж байгаа хэрэг юм.
-Санхүүгийн бэрхшээлээ хэрхэн шийдэж байв. “Алтан тос” ХХК-ийн гурван жилийн өмнөх түүхийг эргэн нэг сөхвөл?
-Үйлдвэр байгуулах талаар яригдаж, 2005 оноос төсөл хэрэгжиж эхэлсэн. Гэвч 2008 оны санхүүгийн хямралаас болоод төслийн үйл ажиллагаа гурван жил завсарлаж 2011 оноос хэрэгжиж эхэлсэн байгаа. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалттай эхэлсэн ч одоо 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай болсон. Одоо эргээд харахад бид анх зах зээлд танигдахааргүй байсан бол одоо “Алтан тос” Монгол орны өнцөг булан бүрт хүрч, хүн бүрийн хэрэгцээ болж чадсан брэнд бүтээгдэхүүн болсон. Бидний ажлыг өндрөөр үнэлж 2012, 2013 оны шилдэг бүтээгдэхүүн, 2014 онд Монголын хүнсчдийн холбооноос ард түмний хүнс гэсэн цол өргөмжлөл гардаж авсан. Мөн 2014 онд Монгол Улсын 80-аад мянган компаниас топ 150-д шалгарч чадсан юм. Мөн сүүлийн үед бүтээгдэхүүнээ хөгжүүлэх тал дээр олон төрлийн шинэчлэл хийж эхэлсэн. Бид одоогоор “Миний тос”, “Наран тос” зэрэг бүтээгдэхүүн гаргах зорилго тавин ажиллаж байна.
-Импортоор орж байгаа тосноос “Алтан тос” юугаараа онцлогтой вэ?
-Монголд ургасан тосны ургамал, Монголдоо хурааж авсан тосны ургамлын үр, Монголдоо гаргасан түүхий тос ашиглан үндсэн дөрвөн шугамаар дамжин хамгийн эцсийн бүтээгдэхүүнийг гаргаж авдаг. Тиймээс нэгдүгээрт цоо шинэ цэвэр тосыг тогтмол үйлдвэрлэж байна. Хоёрдугаарт, Монголын хөрсөн дээр ургасан тос. Гуравдугаарт, үндэсний цэвэр монгол бүтээгдэхүүн гэсэн гурван том онцлог давуу талтай гэж хэлж болно.
-Үйлдвэрийн тоног төхөөрөмж хангалттай хүрэлцдэг үү?
-Манай үйлдвэр жилд 33 мянган тонн түүхий тосыг боловсруулах хүчин чадалтай. Өдөрт 100 тонн гэсэн үг. Гэхдээ зах зээлийн байдлаас хамааран энэ хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байна. Манай үйлдвэр хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон. Дөрвөн дамжлага дамжиж, бүтээгдэхүүнээ гаргадаг. Цэвэрлэх шугам, шүүх филтерийн шугам, хөргөлтийн шугам дамжиж байж тунгалагжсан, үнэр, амтгүй тос болж хэрэглэгчдийн гарт хүрдэг.
-Улсаас дэмжлэг туслалцаа өмнө нь авч байв уу?
-Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд манай үйлдвэрийг дэмжинэ гэж ярьсан. Гэвч энэ нь аман яриа төдий болоод л өнгөрсөн. Манай үйлдвэрийг дэмжихэд их хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Зээл тусламж авах нь гол биш, импортоо багасгаж, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого явуулахыг л бид их хүсдэг. Импортын бүтээгдэхүүн гаднаас маш их орж ирдэг. Тиймээс энэ асуудлыг улсаас зохицуулж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллаасай гэж хүсэж байна. Бид зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болж чадсан ч төрөөс дотоодын үйлдвэрлэгчид рүү хандсан дэмжлэг маш их хэрэгтэй.
-Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөр орон нутагт хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Манай төслийн талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Зах зээлийн хямралаас үүдээд үйлдвэрлэл эрхлэгч нар өмнөх шигээ ажиллаж чадахгүй байгаа ч бид хэрэглэгч нартаа үргэлж чанартай сайн бүтээгдэхүүнийг хүргэсээр байгаа. Тиймээс зах зээлийн хямралтай хүнд хэцүү цагт “Масс агентлаг”-ийн хамт олон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн аян эхлүүлэн биднийг зорьж ирсэнд маш их баяртай байна. “Масс агентлаг”-ийн хамт олондоо ажлын амжилт хүсье.
М.Цацрал