Үйлдвэрлэл эрхлэгчид байгальд хор нөлөөгүй, эко бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлздэг. Үүний нэг нь “Эко бадрах агаар” ХХК юм. Тус компани цэвэр ус, ундааны савыг бутлан жижиглээд, боловсруулдаг байна. Компанийн захирал А.Батцэцэгийг “Баялаг бүтээгч” булангийнхаа зочноор урьж ярилцлаа.
-Хүмүүсийн ашиглаад хаясан хуванцар сав, лаазыг бутлан боловсруулалт хийдэг гэсэн. Яагаад заавал энэхүү үйлдвэрлэлийг эрхлэх болсон бэ?
-“Эко бадрах агаар” компаниа байгуулаад нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэгээд гуравдагч түүхий эд буюу хуванцар савыг түүхий эд болгох боломжтой, байгалиа цэвэрлэхийн хажуугаар мөнгө олж болох юм байна гэж үзээд 2004 онд анх үйлдвэрлэлээ эхэлсэн. Эхэндээ Замын-Үүдэд хуванцар савыг бутлаад, хэрчээд, түүхий эд болгоод Эрээн рүү нийлүүлдэг байсан. Манай улсыг бодвол хятадууд үүнд их ач холбогдол өгдөг. Эхэндээ нэг тонн түүхий эдээс 700 юанийн татвар авдаг байсан бол сүүлдээ 2000 юанийн татвар аваад эхлэхээр нь аймгийн төв рүү орж ирсэн.
Тэгээд энд ирээд түүхий эдээ хятад хүмүүст нийлүүлдэг. Ер нь энэхүү үйлдвэрлэлийг манайд хятадууд л эрхэлж байна. Цөөн тооны монголчууд л хувиараа хийж байгаа.
-Хэр ашигтай вэ?
Энэ бол үнэхээр хэрэгтэй бизнес. Байгалиа цэвэрлээд, дээрээс нь нийгмийн эмзэг давхаргын олон хүнийг тэжээж байна. Ашигтай юм шиг харагддаг хэрнээ хуримтлал үүсэх боломж байхгүй. Хог түүж ирэх хүмүүс ихсээд байдаг, тэдэнд боломжоороо мөнгө өгөөд өөрт байгаа бүхнээ зориулж байна.
-Заавал жижиглээд эцсийн бүтээгдэхүүн болгоод худалдах хэрэгтэй юу?
-Жижиглэхгүй л бол үнэгүйтэй адил. Нэг ширхэгийг нь 400 төгрөгөөр худалдахад замын зардлаа ч хийж дийлэхгүй. Дээрээс нь олон хүнийг цалинжуулж, хуванцар савуудаа худалдаж авахаар ямар ч ашиггүй.
-Замын-Үүдэд ажиллаж байсан хүмүүсээ авчирсан уу. Эсвэл эндээс дахиад хүн ажилд аваад цалинжуулж байна уу?
-Дандаа шинээр ирсэн хүмүүс байгаа. Тэгсэн манайхыг энд нүүж ирснээс хойш тэнд хуванцар савыг нь авах хүн байхгүй болоод хэд хэдэн түүдэг хүн дагаад хүрээд ирсэн. Зарим нь бүр 10 гаруй жил хамт явж байна.
-Нийт хэчнээн хүмүүс байгаа вэ?
-15-16 гаруй түүдэг хүн бий. Бүр хогийн цэг дээр өнжиж түүдэг хүмүүс ч байна. Тэгээд бутлах машин дээр хэд хэдэн хүн ажиллаад, өдөр өдөртөө цалингаа аваад явдаг. Тиймээс манай үйлдвэрлэлийг төр засгаас дэмжээд, хамтарч ажиллавал өргөжүүлэх бүрэн боломжтой. Ер нь байгаль орчныг хамгаалах байгууллагууд ч дэмждэг. Үүний хүрээнд одоо байгаагаасаа илүү том газартай болж чадсан.
-Лаазыг бас буталдаг уу?
-Лаазыг бутлахгүйгээр том машинаар дайрч овор хэмжээг нь багасгаад шуудайлж худалддаг.
-Нэг шуудай боловсруулсан бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ?
-Нэг шуудайнд 35-40 килограмм бүтээгдэхүүн ордог. Гэхдээ өнгө өнгөөрөө жин нь өөр байдаг. Жишээлбэл, ногоон, цагаан хуванцар зузаан учир арай хүнд, цэнхэр сав нь хөнгөн байдаг тал бий. Нэг килограммыг 750 төгрөгөөр худалдахаар нэг шуудай 30 орчим мянган төгрөгийн үнэтэй болдог. Гэхдээ зардал нь борлуулалтаасаа давдаг. Тиймээс орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг хүсэхээр дэмжигдээд байдаг боловч банкны шалгуур хангахгүй үргэлж буцдаг. Банкаар дамжуулж буй мөнгө бага, эсвэл барьцаа хөрөнгө хүрэхгүй гэх мэт олон тайлбар хийдэг. Өвлийн улиралд ажиллуулдаггүй. Яагаад гэвэл хэтэрхий хүйтэнд хөлдчихөөд бутлагддаггүй.
-Өдөрт хэчнээн тонн савыг бутлах хүчин чадалтай вэ?
-Манай тоног төхөөрөмж өдөрт 5-6 тонныг буталж чадна. Гэхдээ ирдэг хэмжээ нь бага учир өдөрт 200-300 килограммыг буталж байна.
-Төсөл хөтөлбөр чинь орон нутагтаа хоёр ч удаа дэмжигдсэн гэсэн. Гэхдээ яагаад буцаагдсан юм бэ?
-Нийт хоёр удаа бичсэн нь дэмжигдсэн. Гэтэл банкны шалгуурт тэнцээгүй. Үнэхээр хатуу юм билээ. 100 сая төгрөгийн зээл авах төсөл бичсэн чинь барьцаа хөрөнгө хаана ч хүрэхгүй байна, хөрөнгө оруулалтаар 30 сая төгрөгийг л авах боломжтой гэсэн. Тэгээд зээлсэн мөнгөнийхөө хүүнд би сар бүр 600 мянга гаруй төгрөг төлж байна. Дээрээс нь би ажилчдадаа цалинг нь өдөртөө өгдөг болохоор хуримтлал үүсгэх ямар ч боломжгүй.
-Ажилчдаа хэдэн төгрөгөөр цалинжуулж байгаа вэ?
-Бутлагч машин дээр ажиллаж байгаа хүнд өдөрт 15-20 мянган төгрөгийн цалин өгдөг. Харин түүж байгаа хүмүүстээ килограмм тутамд 150-200 төгрөг өгдөг. Их түүвэл ихийг л авдаг.
Дээрээс нь ажилгүй хөгшид ирээд өнгө өнгөөр нь ялгаад цалин авдаг. Нэг уут сав ялгаад 1000 төгрөг, арван уут ялгавал 10 мянган төгрөг авна.
-Тулгамдаж байгаа асуудал их байгаа юм байна?
-Тийм шүү. Төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг явуулаад байна гээд л байна. Гэхдээ яг ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүсээ илүү дэмжих хэрэгтэй байх. Яагаад гэвэл бид байгалиа цэвэрлэж байна, нийгмийн эмзэг давхаргынхныгаа ч бас тэжээж байна шүү дээ.
-Төр засгаас дэмжээд явбал хэрэгжүүлэх ойрын зорилго юу вэ?
-Газар дээрээ үйлдвэрийн том байшин барьж чадвал бүх зүйл хэвийн явагдах болно. Өвлийн улиралд ч үйл ажиллагаагаа зогсоох шаардлагагүй. Бид нарын ажил тасалдахгүй бол түүж ирж байгаа хүмүүсийн ч орлого тасрахгүй шүү дээ.
Б.Цэцэгмаа
-Таны хувьд хэр удаан ажиллаж байгаа вэ. Хуванцар савнуудыг ялгах хүнд биш үү?
-Гурван жил ажиллаж байна. Эд нар нас, хүйс голдоггүй их сайн хүмүүс шүү. Хуванцар савуудыг ногоон, цэнхэр, цагаан болон ургамлын тосны сав гээд дөрөв ангилдаг. Би зуны улиралд өглөө 6.00 цагт ирээд орой 9-10 цагт буудаг. Их ажиллавал ихийг л авна.
-Өмнө нь ямар ажил хийж байсан бэ?
-Орон сууцны нийтийн аж ахуйд ажиллаж байсан. Орон тооны цомхотголд ороод ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн.
-Өдөрт хэчнээн төгрөгийн цалин авч байгаа вэ?
-Муу хийвэл өдөрт 15 мянган төгрөгийн цалин авна. Зуны улиралд 20-25 мянгыг авах үе ч бий.