“Масс агентлаг”-аас хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхэлсэн. Үүний хүрээнд бид энэ удаагийн “Баялаг бүтээгч” булангийн зочноор Дорноговь аймгийн “Эвийн гэрээ” ХХК-ийн захирал Б.Энхтайванг урьж ярилцлаа.
-“Эвийн гэрээ” ХХК хамгийн анх Дорноговь аймагтаа орон сууц барих ажлыг эхлүүлж байсан гэсэн. Анх үйл ажиллагаагаа хэрхэн эхэлж байв?
-Би барилгын салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Хуучнаар Дорноговь аймгийн Барилгын байгууллага гэдэг барилга угсралтын конторт ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд 1997 онд “Эвийн гэрээ” гэх барилга угсралтын компаниа байгуулаад одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
-Анх гурван залуу нийлээд барилгын засвар хийдэг байснаа аймгийнхаа удирдлагуудтай зөвшилцөөд компани байгуулж байсан гэж сонссон. Яагаад заавал барилгын салбарт татагдан орсон бэ?
-Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихэд барилгын салбар уналтад орж, ажилгүйдлийн тоо эрс нэмэгдэж, барилга байгууламжийн ажил зогсож, хүнд байдалд орсон. Энэхүү байдал 2008-2009 он хүртэл үргэлжилсэн. Тэгээд аймгийн засаг дарга П.Ганхуягтай хэрхэн барилгын салбарыг өөд нь татах тухай зөвшилцөж байсан юм.
Анх 18 айлын орон сууц барьж байлаа
Би аймгийнхаа Барилгачдын холбооны тэргүүний ажлыг давхар гүйцэтгэдэг. Тэгээд 2010 онд Дорноговь аймгийн Тамгын газартай хамтран Барилгын удирдах ажилтны зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Энэ үеэр барилга байгууламжийг бэхжүүлэх тухай хэлэлцээд, биднийг тус тусдаа үйл ажиллагаа явуулж байхаар нэгдэж ажиллавэл зүгээр гэж зөвлөсөн юм. Үүний дагуу 2011 онд хамтарч ажилласан. Үүнд нутгийн удирдлагын зүгээс их дэмжиж, газрыг нь бидэнд үнэгүй өгөөд, шугам сүлжээ татаж өгснөөр бид анхныхаа орон сууцны барилгын ажлыг эхэлж байсан түүхтэй.
-Анх хэдэн айлын орон сууц барьж байсан бэ?
-Эхний удаа 18 айлын орон сууц болон таван айлын хаус барьж билээ. Тэр үед нэг метр квадратыг нь 440 мянган төгрөгөөр борлуулж эхэлсэн. Ингээд 2011-2012 онд эхний гэрээт ажлаа аймагт хүлээлгэж өгсний дараа компани маань эдийн засгийн хувьд чадавхжиж, үйл ажиллагааны цар хүрээ нь тэлсэн. Тэгээд 2012 оноос хойш гурван байгууллага тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Харин манайх 60 айлын орон сууцыг барьж байна. Ингээд өнгөрсөн он гэхэд 60 айлын хоёр орон сууц хүлээлгэж өгсөн. Нэмээд дахиад нэг орон сууц баригдаад, хүлээлгэж өгөх шатан дээрээ явж байна даа.
-Анх барилгаа давхар давхраар нь хувааж хийдэг байсан гэсэн?
-Тэгэж байсан түүх бий. Тэр үед хүн хүч, машин механизмын чадал муу, эдийн засгийн хувьд ч боломж бололцоо тааруу байсан учир гурван давхар барилгыг давхар давхраар нь тус тусдаа хийгээд ашиглалтад оруулж байсан. Барьж дуусчихаад ямартай ч бид барилга барьж чадах юм байна, үүнийгээ илүү өргөжүүлээд аймагтаа бүтээн байгуулалт хийж болох юм байна гэж баярлаж байж билээ.
-“Эвийн гэрээ” компаниа байгуулахад хүндрэл бэрхшээл хэр гарч байсан бэ?
-Аймгийн барилга угсралтын контор гэсэн том байгууллага 1997 онд хувьчлагдаад тарсан юм. Тэнд ажиллаж байсан инженер, техникийн ажилчид бүгд л жижиг аж ахуйн нэгж байгуулж байсан түүхтэй. Яагаад гэвэл тэр үед бидэнд ажил олдохгүй, мэргэжлийн ажилчид болоод машин механизмын хүрэлцээ муу байлаа. Тэгэхээр нь улирлын чанартай засварын ажил хийж эхэлсэн.
Хамгийн гол нь өвлийн улиралд ажлаа зогсоочихоор хаврын улиралд тэднийг буцааж цуглуулах их хэцүү юм билээ. Аргагүй шүү дээ. Бүтэн 5-6 сар ажилгүй байхаар гээд ихэнх нь наймаа эрхлээд алга болчихдог. Харин сүүлийн жилүүдэд манайх дөрвөн улирал тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болохоор ганцхан минийх ч биш ажилчдын сэтгэл санаа хүртэл тайван байдаг. Учир нь тогтмол ажлын байртай, цалинтай, би хэзээ хоногийн хоолны мөнгөгүй болох бол гэсэн айдасгүйгээр ажлаа сайн хийж чаддаг. Чанар нь ч жилээс жилд нэмэгдэж байгаа. Дээрээс нь удаан хугацаанд тогтвортой ажиллаад ирэхээр хүмүүс ажилдаа мэргэшиж эхэлдэг. Бас бид аймгийнхаа Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжил сургалтын төвтэй хамтран үйлдвэр дээрээ хэд хэдэн удаагийн сургалт явуулсан.
-Одоо хэдэн ажилтантай вэ?
-Одоогийн байдлаар 55-56 ажилтан тогтмол ажиллаж байна.
-Орон нутгийн удирдлагууд их дэмжсэн байх?
-Ямарваа нэгэн үйлдвэрлэл эрхлэхэд төр засгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Хувийн байгууллагад хэчнээн хийе, зүтгэе гэх сэтгэл байвч төрөөс дэмжиж өгөхгүй бол ахиц дэвшил гарч чадахгүй. Тиймээс сүүлийн жилүүдэд төр засгаас бизнесийг дэмждэг болсон нь ажиглагдаж байгаа. Үүнд би их сайшаалтай ханддаг.
-Цаашид энэхүү салбарт үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал байгаа юу?
-Хувийн компаниудыг ажиглаж харахад санхүүжилт орж ирэхгүй байх тохиолдол олон гардаг юм билээ. Үүнээс болоод ажлын явцад гацалт үүсдэг. Барилгын салбар бол байнгын хөрөнгө санхүү шаардаж байдаг салбар. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллавал зүйтэй.
-Залуу үеийнхнийг ажил хийж чадахгүй байна. Тиймээс ч гаднаас ажилчид олноор нь авчирч, барилгын салбарт ажиллуулж байна гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол залуусыг залхуу хойрго, ажил мэдэхгүй гэх шүүмжлэл их гарах болсныг анзаарсан. Гэхдээ үүнийг би хэтэрхий өрөөсгөл ойлголт гэж боддог. Би нэг удаа Хятад ажилчдыг ажиллуулж үзсэн. Тэд ажлыг хурдан шуурхай хийж чаддаг үнэн л дээ. Гэхдээ үнэхээр хуурамч, манайхаар бол “гурилдаж” хийдэг. Тэгээд ямар нэгэн осол гарах, эсвэл эвдрэл гэмтэл гарлаа гэхэд тухайн хүн хариуцлага хүлээхгүй, мөнгөө аваад л явчихвал болно гэж боддог. Үүнээс хойш гадны хүмүүсээр ажил хийлгэх сонирхол байхгүй болсон. Чи хийж чадахгүй, муу байна гэж хэлэх тусам тэд хийхгүй шүү дээ. Харин эсрэгээрээ чи чадаж байна, үүнээс ч илүүг хийж чадна гэж урамшуулах юм бол гялалзтал хийнэ дээ.