Монголын Үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо үндэсний үйлдвэрлэгчдийн тэр дундаа ЖДҮҮ эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлж, гаднын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ дагуу Монголын Үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны Тэргүүн Ц.Цолмонтой ярилцлаа. Үндэсний үйлдвэрлэгчдэд хэрэгтэй бөгөөд өгөөжтэй ярилцлага болсон гэдгийг та бүхэнд онцолж байна.
Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо хэдэн оноос хойш ямар үйл ажиллагааг явуулж байгаа вэ?
-Манай холбооны хувьд 2014 оноос хойш жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн дэмжих үйл ажиллагаа явуулж ирсэн. Үйл ажиллагааны хувьд үндэсний үйлдвэрлэгчийг бүтээгдэхүүнээ экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх, гаднын зах зээлд таниулах чиглэлээр голчилдог. Одоогийн байдлаар голчлон БНХАУ болон Өвөр Монголд 80 гаруй үзэсгэлэн худалдаа зохион байгуулан 300 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан байна.
Үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, гаднын зах зээлд таниулахад чиглэсэн ажлуудыг голчлон хийдэг гэлээ. Энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулбал?
-Үйл ажиллагааныхаа гол чиглэлийг танилцуулахаасаа өмнө бид яагаад гаднын зах зээлд гарах хэрэгтэй гэдгийг эхлээд тайлбарлая. Манай улсын зах зээл жижиг, худалдан авагч багатай учраас үндэсний үйлдвэрлэлийн хөгжил сул, удаан явагддаг. Их хөрөнгө оруулалт хийгээд, том үйлдвэр бариад бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэхээр их хэмжээний бараа авах худалдан авагч байхгүй. Тиймээс массаар буюу ихээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй учраас өртөг нь өндөр болдог. Энэ нөхцөл байдлаас болоод дан ялангуяа ЖДҮҮ хөгжих боломж маш хомс. Тэгэхээр БОРЛУУЛАЛТ багатай учраас үйлдвэрлэлийн хөгжил сул байгаа. Хөгжлийн хамгийн гол үндэс нь БОРЛУУЛАЛТ сайтай байх явдал юм. Тэгвэл үүний гаргалгааг бид зах зээлээ тэлж гадагшаа бүтээгдэхүүнээ нэвтрүүлж, БОРЛУУЛАЛТАА өсгөх гэж харж байгаа. Хэрэв ингэж чадвал бид илүү өндөр үнэтэй, бүтээмж сайтай үйлдвэрийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулан бүтээгдэхүүнээ ихээр үйлдвэрлэх боломжтой болно. Түүний хэрээр өртөг буурна, гар ажиллагаа багасаж, дагаад чанар өсөж, импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар сайжирна. Иймээс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, гаднын зах зээлд таниулахад анхаарч, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, байнгын түншлэлтэй болгоход голчлон ажилладаг. Одоогийн байдлаар БНХАУ-д үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүр нээж байгаа. Мөн томоохон үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулаад явж байна.
БНХАУ-д үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа гэлээ. Гаднын улсад үзэсгэлэн худалдаа зохион байгуулахын давуу тал нь юу вэ? Яагаад үндэсний үйлдвэрлэгчид оролцох хэрэгтэй вэ?
-БНХАУ-д маш том зах зээл бий. Үүний хэрээр худалдан авагч нэмэгдэж, борлуулалт өснө. Үндэснийхээ бараа бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд таниулна. Худалдан авагчтай болно. Дан ганц бараа бүтээгдэхүүнээ борлуулаад зогсохгүй их хэмжээний захиалга авах боломжтой. Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо олон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байсан учраас маш их туршлагатай. Бид судалгаагаа ч сайн хийсэн. Гарсан үр дүнгээсээ танилцуулбал БНХАУ-д зохион байгуулсан үзэсгэлэн худалдаагаар 60 гаруй тэрбум төгрөгийн шууд борлуулалт хийсэн, үүнд байнгын түншлэл хийсэн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалт ороогүй.Тиймээс үндэсний үйлдвэрлэгчид үүнд оролцсоноор өөрсдөдөө маш том боломжийг бий болгож байгаа юм.
Үзэсгэлэн худалдаа нь ямар журмаар явагддаг вэ?
-Үзэсгэлэн худалдаа зохион байгуулахдаа тухайн бүс нутгийн удирдлага, худалдаа дэмжих хороо зэрэг хариуцсан газруудтай нь хамтарч албан ёсоор зохион байгуулдаг. Ойролцоогоор 5 хоногийн хугацаатай зохиогддог. Ихэвчлэн гаалийн татваргүй бараа, бүтээгдэхүүнийг хилээр гаргадаг. Цаашлаад зарим үйлдвэрлэгч нар үргэлжлүүлэн өөр жижиг үзэсгэлэн худалдаанд оролцох нь элбэг байдаг.
Одоогийн байдлаар ямар үзэсгэлэн худалдаануудыг хаана зохион байгуулахаар ажиллаж байна вэ? Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгч бүрт нээлттэй юу?
-Хамгийн түрүүнд үзэсгэлэнд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгч бүрт нээлттэй гэдгийг дуулгамаар байна. Одоогоор Хайлаар хотын засгийн ордон, Фата группийн хамтарсан Орос, Монгол, Хятад гурван улсын экспо 2023 оны долоодугаар сарын 6-10-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлын явц дуусах шатандаа явж байна. Үүний дараа Шилийн гол аймгийн Авга хошуунд долоодугаар сарын 26-31-ний хооронд болно. Уг үзэсгэлэн худалдаа нь Авга хошууны 8-р их наадамтай давхцаж байгаагаараа онцлогтой. Тийм учраас бид Авга хошуунд болох үзэсгэлэн худалдаанд их ач холбогдол өгч байгаа. Үйлдвэрлэгчдийг энэ үзэсгэлэнд идэвхтэй оролцоорой гэж хүсмээр байна. Учир нь бусад аймаг, хошуудаас наадамд оролцохоор олон хүн цугладаг тул маш өргөн цар хүрээтэй болдог. Энэ бол үйлдвэрлэгчдэд олдож байгаа бас нэгэн том боломж. Цаашлаад энэ оныг дуустал БНХАУ, БНСУ зэрэг орнуудад нийтдээ найман үзэсгэлэн худалдаа болон экспог зохион байгуулна. Үзэсгэлэн худалдаа нь дан ганц бараа, бүтээгдэхүүнээ танилцуулах, борлуулах зэргээр хязгаарлагдахгүй. Улс үндэстний соёлын солилцоо хийх, цаашлаад байнгын түншлэлтэй болох гарцыг нээх боломж олгодгоороо давуу талтай.
БНХАУ-ыг сонгосон шалтгааны хувьд?
-Америк, Япон, Солонгос гээд олон зэх зээл бий. Гэвч бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн тэдэнд хэр нийцэх вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Хэрэглэгчгүй зах зээлд орох эрсдэлтэй. Харин манай улсын хувьд хамгийн тохиромжтой нь БНХАУ. Тэр дундаа аялал жуулчлалын томоохон бүс болох Манжуур, Хайлаар хотууд болон Өвөр Монголын зах зээл бидэнд ойр. Бидний тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл болох ноос ноолууран бүтээгдэхүүн, савхин эдлэлүүд гэх мэт зүйлс тэнд борлуулагдах өндөр боломжтой. Жишээ нь үзэсгэлэн зохион байгуулж байхад тэндхийн оршин суугчид “монгол ноолуур биед эвтэйхэн, хөнгөхөн, чанартай хүнд бэлэглэхэд ч тохиромжтой. Дараа ирэхдээ ихийг авчраарай” гэж олонтоо хэлдэг. Үүний дээр саван, зөгийн бал гэх мэт ахуйн хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүнүүд эрэлттэй байдаг. Учир нь монгол барааг эко гэж үздэг. Мөн газарзүйн хувьд ч ойрхон, зардал багатай. Манжуур болон Хайлаар хотод жилд 10-20 сая жуулчин ирдэг. Энэ бол маш том давуу тал. Хятад улсын том хотуудад биш Өвөр Монголын нутгаар үзэсгэлэн худалдаа түлхүү зохион байгуулж байгаагийн шалтгаан нь Монголчуудын хамгийн ихээр, сайн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн болох үндэсний дээл, хувцас борлогдох өндөр боломжтой байдаг. Мөн цагаан идээ, ааруулын хувьд ч гэсэн тус бүс нутагт эрэлт их. Газарзүйн байрлал ойролцоо тул цаг хугацаа, зардал бага шаардагддаг.
Үзэсгэлэн зохион байгуулахаас гадна Хайлаар болон Манжуур хотод үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүр нээж байгаа гэсэн. Үүний талаар хуваалцаач. Ач холбогдол нь юу вэ?
-Хайлаар хотын аялал жуулчлалын бүсэд Фата группийн худалдаа үйлчилгээний цогцолборт 1170 мкв, Манжуур хотын чөлөөт аялал жуулчлалын бүсэд үйлчилгээний цогцолборт 150 мкв дэлгүүрүүд нээгдэж байгаа. Цаг үеэ дагаад хүмүүс дэлгүүрт зорьж очин худалдан авалт хийх нь багассан. Тиймээс хүмүүсийн зайлшгүй очиж үйлчлүүлдэг газар цогцолбор дэлгүүрүүд нээдэг болсон. Энэ нь юу гэсэн үг гэхээр кино театрт кино үзэх, усан бассейнд сэлэх, хүүхдээ тоглуулах, фитнест явах гэх мэт үйлчилгээ авах гээд ирэхэд дэргэд нь дэлгүүр байхаар төлөвлөдөг болсон. Тэр ч утгаараа бид дэлгүүрээ Фата плазад байгуулсан. Тус цогцолборт зочид буудал, усан цогцолбор, хурим найр гэх мэт бүхий л төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой эвент холл гээд бүгд байдаг. Манай дэлгүүрийн хувьд Фата цогцолборын хамгийн байршил сайтай бүсэд байрлаж байгаа нь давуу тал болно. Нэрийн дэлгүүртэй болсноор борлуулалт тасралтгүй, тогтмол өснө. Үйлдвэрлэгчид маань ч гэсэн гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ байнгын эргэлтэд оруулж, цаашлаад бусад улс руу экспортлох эхлэл нь болох юм. Бидний сонгосон Хайлаар, Манжуур хотуудад олон сая жуулчид ирдэг. Ингэснээр олон орны хүмүүс бидний бүтээгдэхүүнтэй танилцаж, худалдан авалт хийнэ. Дэлгүүрийн онцлог нь ганцхан төрлийн бүтээгдэхүүн биш маш олон төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд байршуулах учраас сонголт их. Өмнөх үзэсгэлэн худалдаануудад манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг аваад, ахин худалдан авалт хийх гэхээр тэнд манай борлуулалтын суваг байдаггүй. Тиймээс тогтмол нэрийн дэлгүүртэй байна гэдэг нь борлуулалтаа өсгөх хамгийн том гарц, гаргалаа. Мэдээж энэ цаг үед онлайн дэлгүүрийн эрэлт хэрэгцээ их болсон. Тэгэхээр онлайн дэлгүүрээ ч бас нээж байгаа. Мөн ирэх хоёр жилийн хугацаанд Манжуур болон Хайлаар хотоос гадна 10 нэрийн дэлгүүр нээхээр төлөвлөж байна. Бид дэлгүүр нээхдээ зөвхөн борлуулалт хийхийг чухалчлаагүй. Монгол орноо болон улсынхаа бараа, бүтээгдэхүүнийг Хятадын өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад таниулан, сурталчлах зорилготой. Мөн Монголчууд зөвхөн малынхаа ашиг шимийг хүртэн түүнийгээ боловсруулан амьдардаг хүмүүс биш. Хийж, бүтээж чаддаг гэдгийг харуулахыг зорьсон. Тиймээс дэлгүүрийн нэг хэсэгт Монголын бүтээлчдийн уран зургийн галерейг байгуулж байгаа.
Гаднын зах зээлд дэлгүүрээ нээхэд эрсдэл бий юу?
-Гаднын улсад дэлгүүр нээх нь мэдээж өндөр эрсдэлтэй. Бид тус зах зээлд ажилласан туршлага, судалгаандаа үндэслэн эрсдэлийг хамгийн бага байлгах үүднээс дэлгүүр нээхэд дараах шаардлагуудыг тавьсан. Тэдгээрээс дурдвал, манай улсын голчлон үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн нь ноос, ноолууран бүтээгдэхүүн байдаг. Тиймээс хүйтэн, сэрүүн уур амьсгалтай, зах зээл, логистикийн хувьд ойр байх. Мөн ялгаатай сегментэд борлуулалт хийх гэсэн нөхцөлүүд тавьсан. Эдгээрт Хайлаар, Манжуур хотууд төгс тохирч байгаа. Тус хотуудад жилдээ 10-20 сая жуулчин ирдэг бөгөөд Хятадын өнцөг булан бүрээс аялагчид ирж байгаа нь ялгаатай сегмент болж таараад байгаа. Ялгаатай сегментэд олон төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдсанаар борлуулалтын орлогыг өндөр байлгах гол нөхцөл болж байна. Дэлгүүр нээхэд өндөр түрээс, татвар төлнө, байнгын урсгал зардал их, дэлгүүрийн ажилтан, хүний нөөц гээд нэлээдгүй зарлага гаргах шаардлагатай. Их зардал гаргаад дэлгүүрээ нээсний дараа борлуулалт байхгүй бол яах вэ? Тэгээд л дуусна. Тиймээс манай ЖДҮҮ эрхлэгчид гаднын зэх зээлд гарах сонирхол байдаг ч эдгээр эрсдэлийг үүрэхэд бэрх. Харин манай холбооны зүгээс энэ бүх эрсдэлийг бүрэн хариуцаж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэгчид эдгээр асуудлыг мартаад зөвхөн чанартай бараа, бүтээгдэхүүн бидэнд нийлүүлж хамтран ажиллах л үлдэж байгаа. БНХАУ-д дэлхийн хамгийн том брэндүүд дэлгүүрээ нээж байгаа. Бид ч үүнээс хоцрох ёсгүй. Үйлдвэрлэгчдэд тавигдах шаардлагын хувьд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Монголын өнгө төрхийг илтгэсэн, чанартай, сав баглаа боодлын шаардлага хангасан байх хэрэгтэй. Үүний дээр борлуулалт сайтай байгаа бүтээгдэхүүнүүдээ санхүүжүүлж улам сайжруулах тал дээр нь анхаарна.
Борлуулалт сайтай байгаа бүтээгдэхүүнд санхүүжилт өнгө гэлээ. Энэ талаар?
-Үзэсгэлэн худалдаа болон нэрийн дэлгүүрүүдэд тавигдаж байгаа борлуулалт өндөртэй үйлдвэрлэгчдийг санхүүгийн хувьд дэмжих боломжтой. Энэ талаар хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажиллах гэрээ хэлцэл хийх шатандаа явж байна. Миний хувьд ЖДҮҮ эрхлэгчдийн хөгжих гарц энд л байгаа гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа.
Холбооны үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118668, 99035951 утаснуудаар болон Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо гэсэн фэйсбүүк хаягуудаар авна уу.
Холбооны фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/MYDXolboo