“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн энэ удаагийн зочноор “Айсбеер” ХХК-ийн захирал С.Энх-Амгалантогосыг урьж ярилцлаа.
-Компаниа анх хэзээ байгуулж байсан бэ. Хөрөнгө санхүүгийн хүндрэл бэрхшээл гарч байв уу?
-“Айсбеер” компани бол 2010 онд үүсгэн байгуулагдаад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 100 сая төгрөгийн зээл авч байсан. Тэгээд үхрийн фермээ байгуулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Одоогийн байдлаар 20 гаруй үхэр, таван тугалтай байгаа. Нэмээд хэд хэдэн гунж тугаллана.
Үйл ажиллагаагаа явуулаад хэрэгжилтийн хугацаанаас шалтгаалаад зээлийн эргэн төлөлт дуусаагүй байгаа. Хоёр жилийн хугацаанд фермийнхээ байшин болон худаг барьж, дээрээс нь тэжээлээс нь авахуулаад хашаа, пүнзээ ч мөн барьж чадлаа.
-Анх хэдэн үхэртэйгээр фермийн аж ахуй эрхэлж эхэлсэн бэ?
-Үйлдвэрлэлээ эрхлэхэд нийт 13 үнээтэй байсан. Хөрөнгө санхүүгийнхээ боломж бололцоог харж байгаад фермээ өргөжүүлээд явж байна. Ер нь анх 327 сая төгрөгийн төсөл бичиж байсан ч орон нутагт 100 сая төгрөгөөс зээл олгохгүй гэсэн шийдвэр байдаг юм билээ. Гэсэн ч цаашаа өргөжүүлэх боломж их бий. Тэгээд бас түлхүү үнээний сүүний чиглэл, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа.
-Бүтээгдэхүүнээ хаана нийлүүлж байгаа вэ?
-Одоогийн байдлаар дан ганц сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Зуны улиралд гэрээрээ цагаан идээ хийгээд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаануудад нэлээд оролцсон. Улаанбаатар хот руу ч их нийлүүлэлт хийсэн.
Анх 327 сая төгрөгийн төсөл бичиж байсан ч орон нутагт 100 сая төгрөгөөс зээл олгохгүй гэсэн шийдвэр байдаг юм билээ
-Сүүний чиглэлийн үйлдвэрлэл улирлын чанартай байдаг. Өдөрт хэчнээн литр сүү нийлүүлдэг байсан бэ. Борлуулалт хэр байв?
-Нэг үнээнээс гол төлөв 8-9 литр сүү гардаг байсан. Зуны улиралд өвс ногоо, шим тэжээл элбэг байвал түүнээс ч их гардаг. Манайх фермийн үнээнүүдээ Улаанбаатар хотоос хойших Ар гүнт, Эмээлт зэрэг газраас авчирч байсан. Тэндээс авчирсан үхрүүд маань их номхон, тэжээл голдоггүй. Өвлийн улиралд таван үхрээс нийт 20-30 литр сүү гарч байгаа. Үүнийгээ хот руу нийлүүлдэг. Сүүлийн үед сүүний үнэ харьцангуй өндөр боллоо. Нэг литр савтай ус дор хаяж 1000 төгрөгийн үнэтэй гэж бодохоор сүү чинь уснаас хямдхан байсан шүү дээ.
-Сүүнээс гадна өөр ямар цагаан идээ боловсруулж худалддаг вэ?
-Миний ойрын зорилго бол үнээний фермийн үйл ажиллагаа жигдрээд ирэхээр дан цагаан идээ боловсруулдаг цех байгуулах юм. Түүндээ таргаа бүрээд, ээзгий бяслаг зэрэг бүх л төрлийн бүтээгдэхүүн хийх боломжтой. Тэгээд эхнээсээ тоосгоо өрж эхэлсэн.
Цаашдаа Европ стандартын бяслаг хийдэг тоног төхөөрөмжийг оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Германд сурч байхдаа энэ талаар их судалсан. Хийж болохоор санагдсан. Нэгдсэн сүүний чиглэлийн том цехтэй болвол өглөө болгон “Сүү аваарай” гэж орилдог асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүсийн борлуулж байгаа сүүг энд худалдаж аваад, аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсч байна.
-Фермдээ хэчнээн хүнийг ажиллуулж, цалинжуулж байгаа вэ?
-Зуны улиралд цагаан идээ боловсруулахад ойрын хамаатан саднууд бүгд ирж тусалдаг. Харин сүү татраад ирсэн тохиолдолд малчин, саальчин, туслах ажилчин тус бүр нэг хүн ажиллаж байна. Дээрээс нь миний хань бид хоёр байнга ирж ажилладаг.
-Гэр бүлээрээ Герман улсад сурч боловсроод, ажиллаж амьдарч байсан гэсэн. Яагаад заавал үнээний ферм ажиллуулах болсон бэ?
-Би багаасаа мал маллаж өссөн. Ер нь манайх удмаараа малчин улс. Тэгээд Герман улсад 13 жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн л дээ. Ирэхдээ би нэг зүйлийг л маш сайн ойлгосон. Тэр нь малын буян хишиг юм. Монголчууд эртнээс мал дагавал ам тосдоно гэж ярьдаг. Үүнийг төрж өссөнөөсөө хойш мэдэрч ирсэн болохоор цаанаа л нэг сэтгэлд өег байдаг байсан болохоор эхнэртэйгээ зөвлөлдөж байгаад үйл ажиллагаагаа эхлүүлсэн дээ.
-Фермээс гадна олон чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байсан гэж сонссон. Дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Би их олон ажил хийдэг шүү дээ. Жишээлбэл, аймгийнхаа Иргэдийн хурлын төлөөлөгч, Уяачдын холбооны нарийн бичиг, Хөлбөмбөгийн холбооны нарийн бичиг хийхээсээ гадна хувиараа компани байгуулаад нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд тодорхой хугацаа өнгөрч байна.
-Их олон ажил хийдэг юм байна. Эднийг зэрэг амжуулах боломж бололцоо хэр байдаг вэ. Үеийнхээ залууст юу гэж зөвлөх вэ?
-Хувь хүний зан чанараас шалтгаалдаг байх гэж боддог. Тэрнээс биш залхуу хойргодоо биш байх. Зарим хүний хувьд хийж бүтээе гэж зорьдог боловч боломж бололцоо хүрэхгүй байх тохиолдол гарна шүү дээ. Гэхдээ манай залуу үеийнхэнд ажил хийх сонирхол бага юм шиг санагддаг. Бэлэн мөнгө хараад, “Унжаад байхаас унаад ирээсэй” гэх бодолтой залуучууд ч их болсон нь ажиглагдаж байна.
Би Говьсүмбэр аймагтаа бага ч болов бизнес эрхлээд, аль болох чадлаараа олон хүнийг ажиллуулаад, тогтвортой ажлын байраар хангаж чадвал нутгийн минь хөгжилд жаахан ч гэсэн тус нэмэр болж чадах юм болов уу гэж боддог. Тэрнээс биш биеийн амрыг хараад, нэг газар очоод бэлэн зүйлээр амьдарвал хэн ч чадна шүү дээ. Тэгэхээр бас эцэг өвгөдийнхөө хийж чадаагүй зүйлийг хойч үе нь хийх нь зүйтэй. Манай удмынхныг Говьсүмбэр аймагт танихгүй хүн гэж үгүй. Тийм болохоор эцэг өвгөдийнхөө нэрийг унагаахгүй явах нь үр хүүхэд бидний үүрэг шүү дээ.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүний хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Улс орны хөгжил бизнес эрхлэгчдээс багагүй шалтгаална. Тиймээс “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг шиг бизнес эрхэлж буй бүх хүмүүсээ байнга дэмжиж, тусалж байх хэрэгтэй. Бизнес эрхэлж байгаа хүмүүст байнгын хөрөнгө санхүүгийн асуудал тулгарна. Тэгээд зээл тусламж авъя гэхээр банкны шаардлагад хүрэхгүй, эсвэл барьцаа хөрөнгө байхгүй гэх мэт заавал нэг бэрхшээл гарч ирдэг. Үүнийг нь уян хатан болгоод өгвөл хөгжих бүрэн боломжтой.
Ер нь сар шинийн баяр болохоор хөдөө орон нутагт зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаануудад бүтээгдэхүүн өндөр үнэтэй байвал Улаанбаатар хотоос хямд үнэтэй, чанар муутай бүтээгдэхүүн авчирдаг. Тиймээс бид хот руу нийлүүлэхгүй юмаа гэхэд ядаж орон нутгаа цагаан идээгээр нь хангадаг болох хүсэл эрмэлзэлтэй байна.
“Айсбеер” ХХК-ийн захирлын гэргий Д.Нямжав
-Гадаадад амьдарч байсан хүмүүс яагаад заавал хөдөө нутагт мал маллаж амьдрах болсон бэ?
-Герман улсад сурч боловсроод, ажиллаж байгаад нутагтаа ирээд хувиараа бизнес эрхэлж эхэлсэн. Тэгэх явцдаа нөхөр маань хөдөө гарч, мал маллаж амьдаръя гэсэн санаачлагыг гаргаж байсан нь надад таалагдсан. Амьдарч болмоор санагдсан.
Ямар ч стресс байхгүйгээс гадна малаас гарч буй ашиг шим маш их байдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Ялангуяа түүнээс гарч буй бүтээгдэхүүнийг борлуулахад бизнес эрхлээд, захын барааг лангуун дээр авчраад зарж байгаагаас илүү ашиг олж байгаа. Дээрээс нь хөдөлмөрлөж л байвал жилийн дөрвөн улиралд мөнгө нь өөрөө урсаад ороод ирдэг юм билээ. Бидэнд малын өвс тэжээл болон орчныг нь бэлдэж өгөхөөс өөр асуудал гардаггүй.
Тийм болохоор би Улаанбаатар хот руу орох бодолгүй байгаа. Үүнийгээ илүү өргөжүүлээд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилготой.
Цагаан идээ боловсруулдаг цех байгуулах хүсэлтэй
-Германд сургуулиа төгсөж ирээд Монголд ирээд ямар ажил хийж байсан бэ?
-Анх Герман улсаас ирээд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Герман улсаас ирдэг жуулчдыг хөдөө орон нутгаар аялуулаад явахаар хөрөнгө санхүүгийн хувьд асуудал гардаггүй байсан л даа. Гэхдээ нөхөр маань Говьсүмбэр аймгийн уугуул иргэн болохоор төрсөн нутагтаа очиж бүтээн байгуулалт хийе, хөгжүүлье гэж шийдсэн. Бидэнд мэргэжлээрээ ажиллах санал цөөнгүй ирдэг ч малын ашиг шимийг хүртэж, стрессгүй тайван амьдарч байгаа болохоор саналыг нь хүлээж авдаггүй. Харин ч ах дүүсээ хөдөө ирж амьдрахыг уриалаад байгаа шүү.